Олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Пьер Де Кубертений зохиосон таван цагаригийн эх зургийг Францын Канн хотод энэ сарын 26-ны өдөр дуудлагаар худалдахаар болов. Өөрийн гараар зурсан Олимпийн таван цагариг болон мөн түүний гарын үсэг бүхий хуудас хожим Олимпийн эмблем болсон түүхтэй юм. Дуудлага худалдааны анхны үнэ 100 мянган евро байх гэнэ.
Де Кубертен энэ зургийг 1913 оны наймдугаар сард “Олимпийн тойм” нэртэй хэвлэлд дэлгэсэн бөгөөд хооронд нь хэлхсэн таван өнгийн цагаригийг харандаа, гуашаар 21х27,5 см хэмжээтэй цагаан цаасан дээр зуржээ. Пьер Де Кубертений зохиосон Олимпийн тунхагын гар бичмэл 2019 оны арванхоёрдугаар сард дуудлага худалдаанд орсон. Анхны үнэ 500 мянган ам.доллар, худалдагдсан үнэ 8,8 сая ам.доллар байжээ. Худалдан авагчийн нэрийг олонд зарлаагүй юм.