2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгт шинээр элсэн орох хүүхдүүд буюу хоёр нас болон 3-5 настай хүүхдийн бүртгэл наймдугаар сарын 3-25-ны хооронд tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар буюу цахимаар явах тухай нийслэлийн Боловсролын газраас онцолж байна.
Ингэхдээ тус хаягаар нэвтрэн орж, бүртгэх хэсэгт дарж, хүүхдийнхээ регистрийн дугаараар нэвтрэн мэдээлэлтэйгээ танилцах юм байна. Харин бүртгүүлэх хэсэгт утасны дугаараа бичиж оруулахад “бүртгэгдсэн” гэх зурвас дугаарын дагуу очсоноор бүртгэл нь баталгаажсаныг мэдэх боломжтой аж.
Одоогийн байдлаар бүртгэлийн сайтад хөгжүүлэлт хийгдэж байгаа тул нэвтрэх боломжгүй байгаа гэнэ. Харин наймдугаар сарын 3-наас хэвийн ажиллаж эхлэх юм байна.
Мөн нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнуудын бүртгэлийг наймдугаар сарын 15-наас цахимаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар программ нь эцэслэгдэж гараагүй байгаа учир бэлэн болох үед нь хэвлэлийн бага хурал хийж, дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд хүргэх аж.