Үргэлжлэл нь...
Хоёул морьтойгоо өндөрлөг газар гараад мориноосоо буун ийш тийш харвал өнөөх айлын бараа ч алга сартай шөнө тул харагдах ёстой ч харагдсангүй. Өнөрөө улам бүр айн хаана байгаагаа ч бодох сөхөө байсангүй. Балт харин хаана давхиад ирснээ мэдэв бололтой.
- Тэгнэ ээ тэр. Би бүр гайхаад байсан юм. За ямар ч байсан гэрийнхээ зүг чигийг оллоо. Хоёулаа явья. Өнөрөө минь айгаад байвал хоёулаа эндээс амьд гарахгүй шүү. Өнөрөөд дуугарах ч тэнхэл үл байв. Хоёул мориндоо мордон хөдлөх гэхэд морь нь хөдөлсөнгүй. Балт мориноосоо буун хөтөлтөл морь нь зүв зүгээр явах нь хачин. Яг энэ үед хахир хачин зүрх зүсэм инээд ард нь цуурай хагалан даажигнан “хихихи” гэх нь тэр. Өнөрөө мориныхоо цулбуурыг тавин Балтын гарнаас зууран тэврээд авав. Балт мөн сонссон учир балмагдан маань мэгзэмээ улам чанга уншив. Доош буух замд морьд нь юунаас үргээд байгаа нь мэдэгдэхгүй байж чадахгүй цовхчсоор гарнаас алдууран давхин одов. Өнөрөөгийн нулимс дуслан “Хоёулаа ингээд үхдэг юм байжээ. Явгарчихлаа, хоёулаа хаана яваад байна аа. Чи хэл л дээ” гэж хоолой нь чичирхийлэн асуув.
- Би чамд хэлэхгүй ээ. Ямарч байсан зоригтой бай. Би аавд чинь нэг жижиг шилтэй юм өгөх гээд мартаж орхиж. Хоёулаа ямар ч байсан амар үхэхгүй шүү. Алив хуваагаад уучихъя.
- Чи Луяагийнд байхад гаргаж өгөхгүй яасан юм бэ.
- Баян Луяагийнд архи гаргаж өгөөд байхдаа яадаг юм. Алив гээд мартаж орхисон жижигхэн шилтэй архийг өврөөсөөн гарган задлан амьхандаа Өнөрөөг зоригжуулах гэж ахиухан өгөв. Хоёул уусан хэдий ч өнөөх нь үйлчилсэнч үгүй. Харин нойр нь үл мэдэг хүрч байгаа нь бүр их сонин санагдана. Хоёул алхсаар доош буун машин замын бараа харав.
Өнөрөө баярлан: - Ашгүй гэж зам байна. Хоёулаа ч азтай байна шүү. Дээшээ алхаад давчихвал нэг учир нь олдоно доо гээд өчүүхэн сул дуугаар хэлэв. Балт хөмсөгөө зангидан.
-Хоёулаа доошоо буунаа. Дээшээ явахгүй. Чи надаас сайн бариад яв. Хойшоо яасан ч битгий эргэж хараарай ойлгов уу.
Өнөрөө үнхэлцэг нь дэлбэрэх дөхөн толгой дохин Балтаас зууран нэг гарт нь зүүгдэх шахам алхана. Алхах зуур бас л их сонин чимээ гарна. Тэр хоёр уг чимээнд хачин их дуртай боловч харанхуй шөнө тарвага хошгирох нь ёстой л сонсмооргүй зүрхийг нь салгалуулна. Хэсэг яваад Өнөрөө ээрч мууран “Балтаа ард хүн яваад байх шиг байна. Миний хормойноос нэг юм татаад, болиод байх шиг байна”.
- За би хэлсэн биз дээ. Битгий эргэж хараарай. Чи ер нь нүдээ аниад алх.
Балт алхаагаа түргэсгэн зүрх нь хагарах шахам, сүүлдээ яахаа мэдэхгүй самгардах ч өвгөн ламын захисныг санан маань уншин алхсаар. Гэтэл яг урдаас машины гэрэл зурсхийн гарч ирэв. Өнөрөө машины дууг сонсоод дотроо тайвширч нүдээ нээн “Балтаа хоёулаа азтай байна. Аврагдлаа” гэхэд Балт түүнд:
-Дуугүй бай. Алив замаас холдъё. Чи чинь яачихсан хариугүй амьтан бэ. Тэр их агсам тавиад эхнэртээ хүртэл гар хүрч айлын найрын нанчилдаанд оройлоод байдаг цөс чинь хайччихсан юм. Балт Өнөрөөг чирсээр хажуу жалга руу орон хэвтээд “За Өнөрөө минь, намайг нүдээ нээ гэтэл чи ер нээж болохгүй шүү. Чи миний үгэнд орохгүй бол ёстой яахыг тэнгэр л мэдэх байх” гэв.
Хоёул хэвтсээр Балт юмыг яаж мэдэх вэ гэж бодон түрийнээсээ бага гарын хэт хутгаа гаргаад гартаа чанга атган машины зүг харан хүлээв. Машин дөхөх тусам хурдаа сааруулан аажуухан яваа нь Балтад жигтэй санагдана. Өнөрөө дээлнийхээ энгэрт нүүрээ хийгээд Балтыг дугтран:
- Хүүе миний хажууд нэг хүн байх шиг байна, чи харж байна уу?
Балт сандран харвал хэн ч байсангүй. Тэрбээр Өнөрөөд хандаж “Чи нүдээ юу ч болж байсан битгий нээгээрэй ойлгов уу” гэж шивнээд чимээгүй байхыг сануулав. Машин бүр ойртон Балт машин зүг хараад ёстой л үнхэлцэг нь хагарах дөхөв. Тэр машин өнөө фургон байсан ба сайн харвал ямар ч хүн жолоодож яваа нь харагдсангүй. Өмнүүр нь удаанаар өнгөрөөд хэсэг яваад зогсчихов. Балт нүд салгахгүй чичрэн харахад машинаас хүмүүс буугаад ирэх нь тэр. Балт харсан нүдэндээ ч итгэсэнгүй. Өнөрөө харин тэр үед тэсгэл алдсан бололтой:
- Балтаа миний бүсийг нэг юм тайлаад байх шиг байна шүү дээ. Би галзуурлаа, би тэсэхгүй нь гээд арга ядсан хоолойгоор хэлэв. Балт юу болоод байгааг гадарлаж байгаа ч ёстой яах учраа олсонгүй юу эсвэл “За дүүрч гэж бодсон уу”. Улаан галзуу орилон босоод ташуураа гогцоо гарган эргүүлэн нөгөө гартаа хутгаа чанга атган мааниа уншин өнөөх машины зүг харвал нөгөө улс гэнэт алга болчихсон байх ба фургон ч алга байв. Өнөрөө улаан галзуу хүн дээлнийхээ бүсийг цувуулан гүйв. Балт сая нэг сөхөө орж Өнөрөөгийн ардаас ухасхийв. Балт яаж ч гүйгээд Өнөрөөг гүйцэхгүй байлаа. Өнөрөө хашгиран “Намайг авраарай, намайг барилаа. Энэ эмгэн намайг барилаа” гэх нь л сонсогдсоор. Балтад харин тэр эмгэн гээд байгаа зүйл нь харагдахгүй нь сонин. Өнөрөө гүйсээр нэг мэдэхэд хэвтээд өгөв. Балт арайхийн гүйцэж очоод Өнөрөөг хэлээ зажилчихаас сэргийлэн арга хэмжээ авч ухаан орохгүйг нь мэдээд түүнийг үүрэн цааш алхав. Балтын айдас үл мэдэг саринаж үхэл амьдралын тулаан хийж байгаагаа ойлгож байв. Ямар ч байсан айж болохгүй гэсэн лам өвгөний захиас л Балтад бодогдож байв.
Балт маш их ядарсан ч алхсаар түүний ардаас дуудах мөн хормойноос нь татах бол түүнд хамаагүй болжээ. Эргэж харахгүй алхсаар мааниа уншин гогцоо гаргасан ташуур бас хутгаа чанга атган мөн найзыгаа үүрэн явна. Тэрбээр түүнийг хээр үлдээнэ гэдэг бол үх гээд хаяж байгаатай адил тул арай ч орхиод явчих зүрх хүрсэнгүй. Зөндөө явсны дараа машины дуу дахин гарав. Энэ удаа ардаас нь гэрэл цухуйна. Балт ядарсан ч хурдан хурдан алхсаар замаас гаран холдох гэж яаран алхсаар машин ойртож байгааг мэдсэн тул бараг гүйхээрээ явав. Явсаар ядран унаад өгөв. Нэгэн том бутны ард нуугдан болохгүй бол эр хүний сүүлчийн тэмцэл үзэлцэх гэсэн бодлоор зоригоо тэжээн хэвтэв.
Өнөрөөгийн амьсгалыг шалгавал амьсгалж байгааг нь сонсоод баярлах шиг ... Тэгтэл машин замаар яваад өнгөрөв бололтой. Харин тэр машин бол фургон биш байв. Балт ардаас нь хашгиравч тэд замаас холдсон учир сонссонгүй. Балт ямарч байсан явах хэрэгтэй гэж босовч үнэхээр тамирджээ. Мааниа уншин зүрх нь түг түг цохилон сууж байтал гэнэт хажууд нь:
-Та нар хоноод явахгүй. Юунд зугтаана вэ гэх нь тэр.
Балт сандран хажуу тийш харвал хэн ч байсангүй.
- Чи хэн бэ. Чи юу вэ. Биднээр яах гэсэн юм бэ?
-Чи намайг харж байна уу гэж хүнийх гэхэд хэцүү хоолойгоор асуухад:
- Үгүй, би харахгүй байна. Биднийг орхиоч чи. Яах гэсэн юм бэ?
-Чи тэгвэл зүүн тийшээ хар даа.
Балт зүүн тийш харвал цусандаа хутгалдсан үхсэн Буга бас хажууд нь бяцхан Илий нь амь тэмцэн тийчлэн хэвтэж байв.. Балт лавшруулан хараад сая учрыг гадарлан ухаан балартан унах яг тэр агшинд аймшигтай сэгсийсэн эмгэн нүдний үзүүрт харагдав. Хэр их удаан хэвтсэнийг ч үл мэднэ. Балт сэрэн цочин босоод хашгичин “Эмгэн...эмгэн байсан шулмас” гэж орилоход Цамба гайхан хараад:
- Ахаа та зүгээр үү. Та чинь яагаад байгаа юм бэ?
- Өнөрөө хаана байна .. Өнөрөө хаана байна гэж орилсноо эргэн тойрноо ажиглан хараад багахан тайвширч “Би ингэхэд яагаад энд байдаг билээ”.
- Та хоёр үүрээр гэрийн хойно хэвтэж байсан. Нил архи үнэртээд, тасарчихаж гэж л бодсон. Сүндэр эгч архи уусан архичид гэж уурлаад майханд оруулж хэвтүүлсэн. Өнөрөө ахыг харин гэрт нь оруулсан. Харин морьд чинь адуу руугаа давхисан юм шиг байна.
Балт маш ихээр айсан бас гайхсандаа ээрч мууран “Гэрийн гадаа гэнээ. Үгүй бид хоёр тэндээс ирсэн. Та нар итгэхгүй байх л даа. Бурхан минь” гээд уйлан хайлахад Цамба ёстой мэл гайхаж орхив. Майханд Намуун орж ирэн тагш сархад барин Балт руу өгөн:
- Энийг уучих. Дотор чинь тайвширна.
Балт муухай харан “Чи наадахаа хаанаас авсан юм. Булш ухаж архийг нь авдаг болоо юу. Чамайг ирснээс хойш...” гээд гэнэт дуугаа хураав. Намуун Балтыг нэвтлэх шиг цоо ширтэн хараад ёжтой инээмсэглээд “Болихгүй юу” гээд тагштай архийг урд нь тавиад гараад явчихав. Балт Намууны саяны харцнаас ухаан алдтал айв. Цамба инээмсэглэн “Ингэхэд та хоёрыг хойд бутны ард хэвтэж байгааг дуулгасан хүн Намуун шүү дээ. Харин ч авч ирэхэд тусласан байхгүй юу” гэв.
Балт өвгөний хэлснийг санан Намуунтай аль болох аргаар харьцахыг чухалчил гэснийг уурандаа мартсан байжээ.
Балт элдэв дэмий юм ярьж байснааа сая нэг тайвширсан бололтой Өнөрөөгийнх рүү явав. Гэрт орвол Өнөрөө чичирчихсэн орон дээрээ сууж байх ба Намжилмаа цай чанан галынхаа урд сууж байв. Балт Өнөрөө рүү сүрхий харвал цаадах нь дуугарсангүй. Харин Намжилмаа ууртайгаар:
- Та хоёр чинь аавынд очоод ирнэ гэчихээд хаагуур доншуучилж архи гудраад ирээв дээ. Энэ нэг галзуу солойтой нь мэдэгдэхгүй юм ярьсан хүн байх юм. Гэрийнхээ гадаа ирээд өнхрөөд өгдөг ямар сонин хүмүүс вэ. Дахиж ингэж архи эргүүлж алга болвол яршиг шүү Балт минь гээд тогоотой цайгаа гаргаж данханд юүлэн саалиндаа гарав.
Балт юу ч дуугарсангүй. Аяганд хийж өгсөн цайг оочлон Өнөрөө рүү харан:
- Чи зүгээр үү. Өчигдөр шөнийн явдлаас юу санаж байна.
Өнөрөө чичирсэн хоолойгоор “Мэдэхгүй, би мэдэхгүй. Энэ үнэн гэж үү. Өчигдөр... өчигдөр яагаад ингэхэд хаана байсан юм бэ”.
Балт дуугүй сууж байснаа “Хоёулаа өвгөн лам дээр очихгүй бол болохоо байж магад”.
- Ингэхэд чи мэдэж байгаа юмаа ярь л даа. Би зарим юмаа санахгүй байна.
- За яахав. Үнэндээ хоёулаа Луяагийнхаас гараад гэрийнхээ чиг шогшиж явсан. Тэгтэл нэг гүдэн даваад бор гэр байсан даа. Тийшээ ороход хэн ч байгаагүй. Чи л нэг эмгэн, нэг хүүхэд байна гээд байсан санаж байна уу?
Өнөрөө чичрэн. Тийм ээ, лаа барьсан байсан болохоор би сайн санаж байна. Эмгэн, нэг хүү байсан. Тийм ээ. Тэр гэхдээ маш сонин үгээ зөөж ярьж байсан.
- Тэр их сонин айл байсан хашаа хороо ч байхгүй. Анхнаасаа сэжиглэсэн л дээ. Харин гараад хоёулаа нэг уул бараадаж гараад эргэж харахад ямар ч айл байгаагүй. Тэгээд л их юм болсон доо. Хоёулаа амьд мэнд эрүүл саруул байгаа нь харин гайхмаар шүү.
- Тиймээ одоо саналаа. Тэр эмгэн миний хажууд л наалдсан юм шиг яваад байсан. Тэр чухам юу вэ?
- Би ч мэдэхгүй байна. Ямар ч байсан хоёулаа Эмгэнтийн энгэрт ирчихсэн байсан нь л хамгийн сонин.
- Юу гэнэ ээ... Эмгэнтийн энгэрт гэнэ ээ...
- Тийм ээ, тэр шөнө явсан фургон осол болсон тэр газраа очоод зогссон нь их сонин...
Өнөрөө босон “Тийм ээ, яг тэр үед эмгэн намайг “Бос” гээд байсан, одоо саналаа. Бурхан минь хоёулаа өвгөн дээр очъё. Эндээс ч нүүе гээд хувцсаа өмсөв. Дээлээ нөмрөхөд хаанаас ч юм бэ, хувхай ясний хэлтэрхий унав.
Балт цожин:
- Чи чинь юу аваад ирэв ээ, энэ юу вэ?
- Мэдэхгүй ... хэсэг бодсноо “Аан, тэр эмгэн тавагтай ааруул өгсөн. Нэгийг аваад өвөртөө хийчихсэн шүү дээ. Гэхдээ яахаараа яс...?
- За, алив хурдал явцгаая.
Балт Өнөрөөг шалавлуулав. Тэрбээр байдал нилээн хүндэрч байгааг мэдэрч байв. Баагий адуугаа туун ирээд Балт, Өнөрөө хоёр дээр ирэн:
- За хоёр ах гайгүй юу. Дотор ямар байна. Та хоёр чинь мориноосоо унатлаа согтоо юу даа. Хоёр морь чинь адуундаа ашгүй очиж. Гэхдээ бусад морьд унаж явсан хоёр морийг чинь тангарч хазаад байх юм, сонин юм аа .. Би бүр гайхаад л ...
- Балт хөмсөгөө зангидан ... За за алив сайн хоёр морь бариад эмээллээдэх. Бид хоёр өвгөн багшийнд очно. Баагий Балтыг зандрангуй хэлэхэд гайхсан ч хэлсэн ёсоор бэлдэв. Уртаа Балт руу дөхөн ирээд инээмсэглэн:
- Та хаачив. Өчигдөр ирэхгүй байхаар чинь гайхаад.
Балт Уртааг зайдуу дагуулан “За, чи надад яг үнэнээ хэлнэ шүү. Өчигдөр чамд ямар нэгэн хачирхалтай юм болсон уу. Зүүдлэх ч юм уу”.
- Би таныг хүлээгээд унтахгүй нилээн удаан хэвтсэн. Тэгээд нэг мэдэхэд би унтчихсан байсан...
- Шөнө дөлөөр сонин юм анзаарсан уу. Чи хэнтэй хэвтсэн юм.
- Баагий, Цамба хоёр майханд. Би гэрт унтсан. Хачин юм гэвэл, би ерөөсөө хар дарж зүүдлээгүй. Харин Намуун зайтай хэвтэж байсан ч шөнө миний хажууд хэвтэж байсан. Галзуу юм чинь гээд цааш нь түлхсэн чинь гомдсон юм уу, гараад явчихсан. Тэгээд үүрээр байх аа, орж ирээд цангасан бололтой данхтай цай амаар нь уугаад миний хажууд хэвтчихсэн. Их л гүйсэн янзтай амьсгаадаад байсаан.
Балтын царай хувирч “Шөнө гарсан гэнэ ээ. За, чи сонсож бай. Ах нь одоо өвгөн ламынх руу явлаа. Харин Намуунаас нүдээ салгаж болохгүй шүү. Хаачих нь уу, сайн хар. Ийш тийш явья гэвэл харин дагаж явж огт болохгүй шүү”
- Юу гэнээ. Та ингэхэд лам багш дээр....?
- Дараа чамд хэлье.
Балт гэртээ орж Сүндэр рүү шийдэмгий хараад:
- Алив хөгшөөн судраа гаргаад аль. Хөгшин нь лам багш дээр очихгүй бол санаа амрахгүй шиг байна. Алив ээ, хурдал дараа загнаж зэмлэхээ бол...
Сүндэр Балтын царайг хараад үнэхээр шийдэмгий байхыг мэдэрч, авдарнаасаа судраа гаргаад Балтад өгөн “Болгоомжтой яваарай” гэв. Балт толгой дохиод гараад явав..Сүндэр энэ удаа ерөөсөө юм яриагүй ба өвөг дээдсээс дамжиж ирсэн үнэт зүйлээ өгөхдөө ч цааргалаагүй нь сонин. Өнөрөө, Балт хоёр арын ажлаа Цамба, Баагий хоёрт захиж үлдээгээд сайн гэх хоёр морио унаад ташуур өгөн довтолгов. Өнөрөө өчигдрийн болсон зүйлд итгэж ядах хэдий ч өнөөх айдас нь арилахгүй зүрх нь чичирсээр л..
Балт гэнэтхэн Өнөрөө рүү харан чангаар:
- Өнөрөө минь яасан ч байсан эргэж харж болохгүй шүү. Бид хоёр ч нилээд том зүйлтэй учирч дээ.. Найз минь морь хулмайгаад байна гэв.. Өнөрөө нээрээ морьнийхоо чихийг харвал байдгаараа хулмайгаад байв. Хоёул давхиж, давхиж лам багшийн гэрийн барааг хараад дотор нь уужирч морио хатируулав. Балт тайвширсан дуугаар:
- За хө ямар ч байсан ирлээ дээ. Одоо жаахан морьдоо амрааж зөөлөн явья. Өнөрөө юу ч хэлэхгүй хатирч байснаа гэнэт мориндоо ташуур өгөн улаан галзуу давхиж тоос татуулаад сугарч довтолгов. Балт ардаас нь давхисан ч эс гүйцнэ. Хоёул хурдалсаар Өнөрөө ламынд түрүүлж хүрэн мориноосоо буун өнхөрч нэг унаснаа босч ирээд өвгөнийд орохгүй зогсоод байх нь хачин. Балт давхисаар Өнөрөөгийн зүг нүд салгахгүй харна. Өвгөн гэрээс гэрч ирэн Өнөрөөг гэртээ оруулж байгаа харагдав. Балт хурдалсаар өвгөний гадаа ирээд морио уячихаад гэрт оров. Өвгөн Өнөрөөг орон дээр хэвтүүлсэн байх ба Балтыг дэргэдээ суухыг дохиод:
- Дахиад хүрээд ирэв үү. Та хоёр чинь хэдэн юм дагуулаад ирэв дээ. Би хэлсэн биз дээ. Үхээрийн газрын зүйлүүд даахгүй, би дийлэхгүй гэж .. Одоо нэгэнт ирчихсэн юм чинь яая гэхэв. Өвгөн би амиараа дэнчин тавихаас өөр арга алга. Алив судраа гаргаад ир гэв.
Балт гайхан “Өвгөн лам намайг судартай ирж байгааг яаж мэдсэн юм бол” гэж бодоод юу ч хэлэлгүй өврөөсөө судраа гарган өгөв. Өвгөн судрыг нээгээд Балтад хандан:
-За чи сайн сонс. Одоо бол хаалга бариад дийлэхгүй. Элдэв юм харагдвал яасан ч байсан дуугарч болохгүй шүү. Өнөрөө сэрэхгүй ээ, сүнс нь явчихсан байна. Энд ирэхдээ нэг тийрэнд хорлогдохоо шахлаа. Сүнс нь явчихсан хүнд өдөр, шөнө ялгаагүй юм харагддаг юм. Аз таарвал сүнс нь буцаж ирэх байх. Надад баталгаа байхгүй. Би өөрөө амиараа дэнчин тавьж байна. Чи яасан ч дуугарч болохгүй шүү. Юм харагдвал хараагүй юм шиг л байдаг юм шүү.
Өвгөн номоо дэлгэн уншиж эхлэв. Нилээн уншсаны дараа хаалга нээгдэн буцаж нэг хаагдан салхитай ч юм шиг салхигүй ч юм шиг санагдана. Балт нүдээ нэг нээн, нэг хаан дотроо хэдий айвч өвгөн ламын дэргэд байгаа тул айдас үнэхээр багасжээ. Хэсэг хугацааны дараа хаалга тэр чигтээ дэлгэгдэв. Өвгөний дуу чангаран номоо уншсаар... Аяга таваг тачигнан газар унах нь унаж хагарах нь хагарч ёстой л хачин жигтэй санагдана. Балт тэвчээртэй суусаар харин биетэй гэх юу ч харагдсангүй. Балт, Өнөрөөд санаа зовон Өнөрөөгийн тийш харвал цочоод дуугарчихмаар үйл явдал болж байв. Өнөрөө босоод суучихсан байх ба нүд нь тас аниатай мөртлөө гараа хөдөлгөх нь хачин Балт хэдий цочиж дуугармаар байсан ч өвгөний захисныг бодон сууна.
Өвгөн рүү эргэн харвал бүр их жигтэй зүйл харав. Өвгөний халзан толгой дээр сэгсийсэн үс ургасан байх ба нүдээ тас аньчихсан номоо үргэлжлүүлэн уншиж байв. Балт үнэхээр их айсан ч бас л дуугарсангүй нүдээ аньчихав. Нүдээ нээсэнч үгүй дахин хэсэг хугацааны дараа Балтын зүрхийг зогсоох шахам үйл явдал болов. Балтын чихэнд “Чи намайг харж байна уу? “ гэх нь тэр. Балт нүдээ аньсаар байв. Түүний духанд хүйтэн хөлс бурзайна. Хэд хэд тэгж хэлээд чимээгүй болоход өвгөн ламын дуу ч зөөлрөөд ирэв. Балт тайвширч одоо л болж байх шиг байна гэж бодоод нүдээ нээвэл ёстой л амьд хүн хэн ч ухаан алдам зураглал харагдав.. Яг урд нь нэгэн эмгэн суучихсан Балт руу инээмсэглэж байх ба орон дээр нэгэн хүү Өнөрөөгийн дээр гарчихсан гарыг нь нэг өргөж нэг буулгаад л сэрээх гээд байх шиг байгаа харагдав.
Мөн хамгийн хачин зүйл нь тогооны сав нэг хүн ухаж байх ба арагшаа хараад зогссон байсан тул царай нь харагдсангүй. Гэвч Балтад нэг л танил юм шиг санагдавч дуугарсангүй. Зүрх нь хурдан цохилсоор ...Лам багшийн хажууд хүн байгаа бололтой. Даанч айсандаа толгойгоо хөдөлгөсөнгүй . Эмгэн харагдаж байгаа ч Балт ерөөсөө хараагүй юм шиг дүр эсгэн суусаар өвгөн дахин дуугаа өндөрсгөн ном уншиж эхэхэд... эмгэн нэг зүйлээс айх шиг, ийш тийш харан сандарч байснаа нарны гэрэлд уусан Балтад сонсогдохоор “Чи намайг харж байгаа. Би чамайг мэдэж байна” гээд инээмсэглэхэд Балт гэнэдээд эмгэн рүү гайхсан нүдээр харчихав.
Эмгэн санаа нь амарсан маягтай жаргалтай нь аргагүй инээмсэглэн алга болов. Өвгөн номоо уншсаар Балт юу ч дуугарсангүй. Гэнэт хаалга дуугарч хаагдахад Балт нүдээ гүйлган харвал, Өнөрөө зогсож байв. Балт гайхан дуугарах гэснээ болиод ор руу харвал Өнөрөө хэвтэж байх нь тэр Балт ёстой үзээгүй юмаа үзсэн тул гайхахын эрхэнд нүдээ анин дахин нээвэл Өнөрөө сэрж байгаа янзтай ханиалгав.
Яг энэ үед өвгөн лам гэнэт арагш саван ойчив. Балт босон өвгөнийг өндийлгөн хүйтэн цай аяганд хийн уулган:
- Өвгөн ах минь та зүгээр үү. Лам багш минь, та намайг сонсож байна уу гэж сандран хэлэв. Өнөрөө гайхсан ч сандран босоод Балтын хажууд суун:
- Юу болох нь энэ вэ. Багштан яагаад уначихсан юм бэ гээд хоёул сандралдахад өвгөн нүдээ сая нээж өөрөө өндийн хоёр, гурав ханиалгаад өнөөх хоёр руу нилээн ууртай хараад:
-Муу хоёр гайхал. Ямар айхтар юмтай учирснаа ч мэдэхгүй явна уу. Би энэ олон жил энэ тухай сонсож байснаас өөрөө үзэж таарч яваагүй. Айхтар юм байдаг юм байна. Энэ судар байгаагүй бол би өдийд хадан гэртээ оччихсон байх байсан биз гээд дахин ханиалгаад амьсгалаа уужруулан “Та хоёр гэмгүй амьдарч байгаа тийрэнгүүдийг өөрсдөө очоод сэрээсэн байна. Хоёр заагийн дунд гацсан айхтар бугнууд байна шүү. Ямар ч байсан өнөөдөртөө хөөлөө.. Тэд алга болохгүй . Энэ ойлгомжтой юм. Хөгшин би хилэгнүүлээд өөртөө их том зүйл үүрчихлээ дээ. Одоо яах ч билээ дээ. Миний заяа төөрөг ийм хойно.. Намайг хэзээ нэгэн өдөр ирж авах нь ойлгомжтой”.
Өвгөн ихээр санаа алдаад уугиулж буй арцандаа номоо ариулан мөргөөд дотор нь арц, хүж, мөн нэгэн сахиус бололтой зүйл хийн боож, Балтад өгөн:
- Энэ их чухал шүү. Чи сайн сонс. Өвгөн би нас нөгчсөн хойно бүр байдал бишдээд ямар ч аргагүй болсон хойно энэ судраа дэлгээд арцаа уугиулж, дэвсрэг засаарай. Хажууд нь энэ сахиусыг тавьчихаарай гэв.
Балт гайхан: -Багш минь та юу ярина вэ. Юу гэсэн үг вэ?
- Ямар ч байсан энийг мартаж болохгүй шүү. За, энэ ч яахав. Ингэхэд нөгөө хүү хэн билээ дээ.
- Уртаа юу?
- Тиймээ тэр хүүг даруй нэг авчираарай. Би түүнтэй ярих зүйл байна.
- Ойлголоо багшаа .. Одоо бид яах вэ. Намуун их сонин жигтэй санагдаад байх юм.
- Би ямар ч байсан одоохондоо дээшээ явчихгүй байх.. Даруйхан тэр хүүг аваад ир. Намуун угаасаа дагаад ирнэ. Би хэлэх юм байна. Энэ тухай чи мэдээд хэрэггүй. Харин та хоёр баруун урагшаа нэг их холдолгүй нүүчих. Хамаагүй холдвол хилгэнэсэн үхэгсэд та хоёрт зөөлөн хандахгүй л байх шүү. Яг танай буусан газар нь нэгийгээ хөдөөлүүлж, ямар ч булш тэмдэг тавиагүй бололтой. Ер нь бол их нуусан л зүйл харагдлаа. Харин хэнд хамаатай нь би мэдэхгүй. Энэ судар маш хүчтэй судар байна. Хэрэв энэ судар танайд байгаагүй бол ёстой аль эрт юу болох байсныг ч мэдэх юм алга... Ламтан Өнөрөө рүү харснаа:
- Би чиний сүнсийг эргэж орууллаа шүү. Одоо зүгээр, харин архинаас хол яваарай. Архи бузар шингээд архиар дамжиж чи дахиж хорлогдох гэмтэй. Одоо чи морд. “Бага хайрханы өвөрт” миний шавь Тамжид гэж лам бий. Түүнийг даруйхан ирж уулз гэж хэл дуулгаад буц гэв. Өнөрөө ламтанд баярласнаа ахин дахин хэлээд мордоод давхив. Өвгөн Балтад хандан:
-Энэ нөхрийн эхнэрийн зүг их хараал ятга хийдэг том улс байж дээ. Заяа төөргийг даанч өөрчилж олох биш гээд санаа алдан “Ямар ч байсан чи энэ хоёр эр, эмийн хооронд юу ч болж байсан оролцож болохгүй шүү. Харин чи азтай заяа тэтгэсэн хүн юм. Эхнэр чинь удам сайтай, том номтой хүний үр хойч юм байж. Эхнэр чинь чамайг их л хайрладаг бололтой. Ёстой хал нь гаднаа хайр нь дотроо хүн байна даа. Эхнэр чинь багаасаа юм үзсэн хүн болохоор юу болж байгааг бараг мэдэж байгаа л болов уу. Тэр хүн юу бодож байгааг би харин таашгүй. За одоо чи харь. Өнөө хүүг харин даруйхан авчир.
- Багш минь би маргааш аваад ирнээ.
- За, тэгж үз. Өнөө шөнө элдэв юм болвол гээд нэгэн маань зааж өгөөд судраа гаргаж харуулахыг хэлэв. Ийнхүү Балт өвгөнөөс асуух зүйл их байсан ч гэлээ өвгөнийг ядарч байгааг мэдэн ядраахаас айн явахаар босов. Явах замдаа өвгөн түүнд маш их зүйл хэлэхгүй байгааг гадарласан бололтой яагаад мэдэж болохгүй юм байдаг юм бол гэж бодол болон таамаг дэвшүүлэн явав. Харин эхнэр Сүндэр ааш муутай ханддаг ч их л сэтгэлтэй гэдгийг сонсоод ханиа улам ихээр хайрлан зүрх нь лугшина.
Балт давхисаар гэртээ ирэв. Сүндэр түүнээс юу ч асуусангүй . Балт өвгөн ламын өгсөн судрыг гэртээ оруулан тавив. Яг энэ үед Намуун гэрээс гүйхээрээ гараад явчихав. Балт гайхан Сүндэр рүү харан:
- Энэ солиот чинь яаж байгаа юм бол доо.
- Мэдэхгүй ээ... Чиний өмнө ирээд л байж байна.
- Юу, Намуун саалиндаа гараа биз дээ.
- Чи цаг хэд болж байгааг мэдэж байна уу. Үд өнгөрч байна. Намуун яасан нь мэдэгдэхгүй алга болчихсон саалинд гараагүй. Харин сая орж ирээд байж байлаа.
Балт гайхсан ч Намуунийг хардан гэрээс гаран харвал Уртаагийн хажууд үхэр тэрэг хөллөж харагдав. Балт очин Уртаад хандан:
- За чи чинь хаачих нь уу?
- Усанд явах санаатай. Намуун цуг явьяа гээд байх юм.
- Хэрэггүй ээ, би чамтай явна. Намуун их л сонин инээмсэглэлээр Балт руу харангаа:
Өөрөө л мэд дээ. Их сүрхий юм аа, чи. ххэхэ гэж тачигнатал инээгээд цааш алхав. Балт ардаас нь ууртай харан “Сүрхий байлгүй яахав” гэж амандаа бувтнаад Уртаатай усанд явав. Балт гэрээс холдсны дараа сая ам нээн:
- Чи Намууныг яагаад алдчихав. Би чамайг сайн харж бай гэж хэлсэн биз дээ.
- Үгүй ахаа. Тэр чинь өөрөө хамт нэг тийш явья гэж шалаад байхаар нь би гэртээ орчихсон. Жаахан байж байгаад гарч ирэхэд алга болчихсон байсан.
- Өөр юм анзаарсан уу. Хачин юм ярьсан уу?
- Тийм ээ, сая ирээд “Балт чамайг хорлох гээд байна. Түүний үгэнд битгий ор. Өвгөн ламынд битгий очоорой” гээд л сонин сонин инээгээд байсан. Балт бодлогошрон “Маргааш өвгөн ламынх руу явна аа. Дүү минь нэг л юм болоод байх шиг байна. Хэцүү зүйл бидэнд тохиолдсон бололтой . Ямар ч байсан чи айж болохгүй шүү. Энэ шөнө юу ч болсон бай надтай л ойр бай ойлгов уу”. Уртаа гайхан харснаа “Ингэхэд ахаа. Үнэндээ надад сонин юм харагдаад байгаа. Баагий, Цамба хоёрт болохоор харагдахгүй юм. Би хий юм хараад байна гэж бодсон ч танийг явсны дараа ардаас чинь 3, 4 байна уу даа, морьтой хүмүүс давхиж байсан. Балт цочих шиг болон “Юу гэнэ ээ. Хаанаас гарч ирсэн улс вэ. Зүг нь..?”
- Эмгэнтийн энгэрээс байх аа даа. Балт энэ удаа айх шиг болж бие нь арзайгаад явчив. Уртаа Балтад их л дуу султай “Таныг бас Баагий, Цамба хоёр шиг загнах байх гэж бодоод хэлээгүй юм аа”.
- Ойлголоо ах нь бүгдийг нь мэдэж байна. Энэ тухай Сүндэрт хэлсэн үү?
- Сүндэр эгчид хэлсэн ч юу ч дуугараагүй. Гэрт ороод хүрдээ эргүүлээд маань унших шиг болсон.
Балтад энэ их л хачин санагдав. Хоёул усаа авч гэрийн зүг хөдлөв. Өнөрөө ирчихсэн байх ба нар жаргаж байлаа. Өнөрөө Балт руу харан:
- Хэл хүргэчихлээ. Өнөөдөртөө очих ёстой гээд их л сандарч байна, тэр хүн.
- Юу гэж байх юм. Юм хэлсэн үү.
Өнөрөө толгой дохин гарахыг ойлгуулж, гэрээс зайдуу алхав. Балт ардаас нь хүрч ирвэл:
-Тэр лам хэлэхдээ “Багш минь их л хэцүү зүйлтэй таарч дээ. Та нар хаанаас юутай таарчихсан хүмүүс вэ. За ямарч байсан очиж учрыг нь асууж мэдье дээ” гэсэн гэв. Өнөрөө гэр рүүгээ яваад өгөв. Балт гэртээ орж бодлогошрон суув. Сүндэр хоол хийсэн ба аягалан гэрийнхэндээ бариад Намууныг дуудахад тэрбээр үүдэнд суучихав. Сүндэр гайхан хараад:
- Намуун минь наашаа ойртож суу, хоолоо ид. Чи чинь яагаад нохой аятай тэнд сууна вэ. Миний найз наашаа дөх.
- Үгүй ээ. Энд тааламжтай байна гээд инээмсэглэв. Балт Намуун руу харвал түүний харц Балтыг цоолох шахам маш хурц харц байв. Балт айдаст автан “Намуунаа нээрээ наашаа суу. Би чамд хатуу ширүүн үг хэлсэн бол өршөөгөөрэй”. Балт үнэхээр Намууны тэр харцны өмнө айсан билээ. Орой болж ороо засцгаав. Баагий, Цамба хоёр майхандаа орж бусад нь гэрт унтацгаав. Жавзаа, Навчаа хоёр орон дээр, Балт харин Уртаагийн хажууд газраар хэвтэв. Намуун бүрэнхий болоход харин хоймор дөхөн ирээд ороо засав. Балт ч нэг их юм бодсонгүй аашилж янз бүр болсонгүй. Сүндэр баруун орон дээр хүүтэйгээ унтах гэж байх хэдий ч Балт руу харан:
-Чи чинь орон дээрээ хэвтэхгүй. Газар эвхрээд байдаг чинь яаж байгаа юм бэ?
- Энд сэрүүхэн байна аа гэхээс өөр юм хэлсэнгүй. Сүндэр уурлангуй ширвэлзээд хэвтээд өгөв. Балт, Намуун руу байн байн харах ч нойр нь огт хүрэхгүй байлаа. Харин Уртаа хурхирч эхлэв. Балт сэргэг хэвтэж байснаа нойр нь гэнэт хүрч аргагүй эвшээн нүдээ анив. Шөнө дунд болжээ.
Уртаа гэнэт нэг юмсаас цочин сэрэв. Өндийн харвал яг урд нь өнөөх үзэгддэг эмгэн нүүр рүү нь цоо ширтэж байв. Уртаа хашгиравч дуу нь гарсангүй. Хөдлөх гэсэн ч босч чадсангүй, хөшчихжээ. Тэгтэл эмгэн их л хачин инээдээр инээн Уртаа руу ойртон “Маргааш чи явж болохгүй шүү. Хэрэв үхлээ хүлээж буй өвгөн дээр очвол чи өөрөө үхэх болно шүү.... ойлгов уу” гэж хэлээд аажуухан босоод хаалгаар гарч одов.
Уртаагийн зүрх зогсох шахан хөдөлж чадахгүй байвч нүд нь харин хөдөлж байв. Хаалгаар нэг бага насны хүү орж ирээд Жавзаа, Навчаа хоёрын орны урд суучихав. Уртаа хэдий их айвч юу ч хийж үл чадна. Яг энэ үед Намуун өнөөх хүүг хацар дээр нь үнсэх нь тодоос тод харагдав. Уртаа үнэхээр балмагдан ухаан алдан нүдээ анив. Гэнэт эмэгтэй хүн хашгирах чимээнээр Уртаа давхийн цочин өндийв. Балт мөн сэрээд орны зүг харвал Жавзаа чичирчихсэн “Хүүхэд байна. Нэг хүүхэд сая гэрээс гараад гүйчихлээ. Аймар хүүхэд байсан. Тэр нүдгүй байсан” гээд уйлав.
Балт хажуу тийш харвал, Намуун унтаж байх ба сэрэхгүй байгаа нь сонин санагдав. Тэрбээр Жавзааг аргадан:
- Чи зүүдэлсэн юм байлгүй дээ. Тайвшир миний дүү. Өнөөх судраар адислаад аргадан хэвтүүлэв. Сүндэр хэдий сэрэн боссон ч гэлээ юу ч дуугарсангүй эргээд хэвтээд өгөв. Балт, Намууныг сэрэхгүй байгаад гайхан ойртон очоод харвал Намуун нүдээ нээн инээмсэглэхэд Балт золтой ухаан алдчихсангүй.. Юу ч дугаралгүй Уртаагийн хажуугаар ороод хөнжилдөө шургав. Уртаа бодолд автан “Зүүд.... дахиад би хар дарсан гэж үү. Яах аргагүй тийм ээ, хүүхэд байсан. Тэгэхээр зүүд биш байж таараа. Хамгийн сонин нь би сая яахаараа сэрж босдог билээ. За ямар ч байсан өглөө болог” гэж бодоод Балт руу наалдан хэвтэв.
Үүр цайх үед зуухны урд нэг хүн сууж байгаа нь Балтад тод харагдав. Тэрбээр өндийн Намуун руу харвал өндийсөн байх хэдий ч өнөөх хүн рүү цоо ширтээстэй байв. Балт ханайлган чимээ өгөөд Баагий, Цамба та хоёр уу ? гэж асуухад:
-Өө миний хань сэрээ юу. Өнөөдөр эртхэн босч ажлаа амжуулах гээд сууж байна гэж Сүндэр хэлэв. Балт үнэхээр их гайхав. Сүндэр хэзээ ч ийм эрт сэрдэггүй бас босдоггүй билээ. Харин хамгийн эрт Навчаа юм уу, Жавзаа босдог юмсанж. Балт гарч чөдөртэй морьдоо барих санаатай босон хазаар, ногтоо аван гарах үед Намуун ардаас нь дагах үед Сүндэр түүнийг зандрангуй “Дахиад тэнээд алга болох нь уу. Чи өнөөдөр гарахгүй ойлгов уу” гэх нь сонсогдов.. Балт гайхан Сүндэр рүү харснаа:
-Ханиа чи чинь Намууныгаа яагаад зандарна вэ. Хөөрхий өглөө эрт дандаа энэ тэргүүр явдаг шүү дээ. Аягүй бол гэрт шээчих вий дээ гээд Намуун руу харахад Балт ёстой л цочиж орхив. Залуухан бүсгүй эмгэн шиг бөгтийсөн үс гэзэг нь яалт ч үгүй хөгшин хүнийх шиг хэрнээ царай нь Намуун байв.. Сүндэр Балтад хандан “Чи мориндоо яв даа. Өнөөдөр өвгөн ламынд очно биз дээ. Оройтож магадгүй шүү”.
Үргэлжлэл бий...
Хард Билгүүн
Өмнөх нь
Амьд бус амьдрагсад-1 https://www.24tsag.mn/a/183289
Амьд бус амьдрагсад-2 https://www.24tsag.mn/a/183359
Амьд бус амьдрагсад-3 https://www.24tsag.mn/a/183384
Амьд бус амьдрагсад-4 https://www.24tsag.mn/a/183388
Амьд бус амьдрагсад-5 https://www.24tsag.mn/a/183413
Сэтгэгдэл (3)