Үргэлжлэл нь....
Уртаа босоход хоёр цавь нь болоод бөгс нь хорсов.Тэрбээр гайхан “Юу вэ. Ийм юм байх аа. Сонин юм аа” гэж бодоод “Ёооё ямар новшийн зүүд вэ. Зүүд биш ч юм шиг, мөн ч юм шиг” гээд морио хайн харвал аргамжаагаа мултлан холоо очсон харагдав. Уртаа гайхан аргамжаагаа нэг тойрч харснаа “Хүн л тайлахгүй бол энэ тасраагүй л байна даа. Арай нөгөө...” гэж бодсноо морио барихаар алхав. Алхсаар морин дээрээ ирэн барьж аваад унан хониныхоо зүг эргэв. Уртаад нэг юм хачин санагдав, морь нь хөлөрсөн байв. Тэрбээр тэр өдөр морио барьж авсан эмгэнтын энгэрийг мартжээ. Яг тэр хавиас морио барьснаа ч мэдсэнгүй. Морио шогшуулан явж байтал яг халз урдаас нь нохой гараад ирэв. Уртаа цочих ч морь нь үргэж янз бүр болсонгүй. Уртаа гайхан жов гэж ташуураа далайвч нохой хөдөлсөнгүй, сонсохгүй байгаа бололтой. Уртаа гайхсан хэвээр хажуугаар нь өнгөрөөд жалганд орвол араг үүрсэн өнөөх эмгэн зогсож байв. Уртаа айсандаа морьноосоо унаад хэсэг хэвтээд босоход өнөөх эмгэн хажууд нь ирчихсэн хахир дуугаар:
- Чи намайг харж байгаа, тийм биз. Уртаа босон мориндоо санд мэнд мордон ухаан мэдрэлгүй давхисаар хонин дээрээ нэг мэдэхэд ирэв. Байн байн эргэн харж өнөөх эмгэний байсан зүг харсаар ямар ч бараагүй байх нь сэтгэлийг нь бага ч болов тайтгаруулав. Ямарч байсан хонио ойртуулаад харья хэмээн бодоод гэр рүүгээ хонио туув. Халуун наранд хорсон хонь туух дэндүү удаан байв. Морьноосоо буун туув. Гэр ойртох үед гэнэт хажууд нь өнөөх эмгэн шүдгүй шахам амаа ангалзуулан:
-Чи надаас битгий ай. Би... Уртаа тэр чигээрээ морио хонио хаяад гэр рүүгээ гүйв. Гүйсээр ядарсандаа алхах үе хажууд нь Намуун хаанаас я юм бэ, гарч ирсэн нь мэдэхгүй.
- Чи ямар хурдан гүйдэг юм бэ. Ардаас чинь гүйгээд гүйцдэггүй шүү. Сүндэр чамайг ирж хоолоо ид гэнэ ээ. Чи яв, би хонио хараад үлдье гээд маш дотноор инээмсэглэв. Уртаа Намууныг ирснийг хараагүй бөгөөд хэрэв гэрээс ирсэн бол түүнд ирж байгаа нь харагдах нь гарцаагүй. Уртаа ум хумгүй үргэлжлүүлэн гүйсээр гэртээ ирэв. Гэрт ирэхэд үнэхээр хоол болж байв. Уртаа уурлан.
- Тэр галзуу юмныхаа оронд Навчаа, Жавзаа хоёрыг явуулчихгүй дээ. Сүндэр гайхсан харцаар хараад:
-Намуун хаана байна. Гэнэт л аргал түүнэ гээд араг үүрээд явсан шүүдээ. Чам дээр очоо юу.
Уртаа үнэхээр балмагдан “Араг гэнэ ээ. Таныг дуудаж байна, хоолоо ид” гэж надад хэлсэн. Хонин дээр үлдсэн гэв.
Сүндэр гарч хонь руугаа дуран гүйлгэн хараад гэрт орж ирэн:
- Уртаа минь Намуун харагдахгүй л байна шүү дээ. Хөөрхий харгана бутны ард хэвтчихдэг юм байхдаа. Нарших вий дээ. Чи ингэхэд яагаад явган ирэв, морио яасан юм бэ.
- Морь хонин дээр байгаа. Танд гэж хэлэхэд нэг зүйл намайг ... Үгүй ээ нэг эмгэн гээд бүгдийг Сүндэрт ярив... Сүндэр анхааралтай сонсож суугаад “Уртаа минь энд ямар ч эмгэн байхгүй. Чи хий юм л хараа биз” гээд уурлах маягтай хэлэв. Уртаад Сүндэр тэгж уурлаж харьцдаггүй тул гайхаж, хэлээд нэмэргүйг ойлгон хонио өөрсдөө хараарай гээд хэвтээд өгөв.
Навчаа ам нээн:
- Эгчээ тэр эмгэн гээд байгаа хүн чинь жилийн өмнө бас аавыг ... гэхэд Сүндэр уурлангуй “За за, дэмий солойрцгоогоод. Согтуу хүн юу ч ярина биз дээ. Та нар битгий дэмий донгосч бай” гэв. Сүндэрийн элэнц өвөг мундаг номтой лам хүн байсан ба Сүндэр тийм зүйлээс айх нь битгий хэл, ярихаас ч цээрэлдэг юмсанж.
Энэ үед Балт, Өнөрөөгийнхийг хүрч гадаа нь буугаад гэрт оров. Өнөрөөгийн эхнэр ирсэн байв. Түүнийг Намжилмаа гэдэг бөлгөө. Өнөрөө Балт руу харангаа:
- Яасан сүрхий довтолгож явах юм бэ. Адуугаа алдчихаа юу, авгайгаа алдчихаа юу гэсэн үгээр хор маажин инээхэд “Өнөрөө алив гараад ир. Найз нь бүр яахаа мэдэхгүй байна. Хоёулахнаа уулзах хэрэг байна” гээд гарав.
Өнөрөө ч гайхан ардаас нь гараад морины уян дээр очив.
Балт:
- За найз минь танайх энэ хавиас холдохгүй нутагладаг айл. Үнэндээ жигтэй юм болох боллоо. Найз нь чамайг гээд л ирлээ.
- За хэл, юу болоов... Балт зогсохгүй бүгдийг ярив.. Өнөрөө хэсэг сонсож байснаа “Та хоёрын явдаг өдрийн шөнө хачин юм бас энд болсоон. Танай дүүг хэн гэдэг билээ”.
- Уртаа гэдэг.
- Аан тийн, Уртаа... Шөнө дундад нэг фургон ирж сигналдсан юм даг. “Уртаа байна уу” гэж асуусан. Би өөрөө балгачихсан, шал согтуу байсан болохоор “Байхгүй” гээд явуулсан. Маргааш нь санаад үхтлээ л айлаа. Тэр өдрөө хадмынхыг хүрч авгайдаа мөргөж сөгдөж байж авчраад байж байгаа нь энэ. Шөнө дундад л фургон дуулдах юм. Би маргааш нүүнэ, танайтай ойртож бууя даа. Балт бодлогошрон зогссноо “Энд чухам юу болсон газар вэ. Чи мэдэх үү. Би ямар газар л ирээд буучихав даа”.
- Аав л сайн мэднэ дээ. Хоёулаа манайхыг нүүсний дараа аав дээр очиж асууя. Намуун танайд байгаа гэсэн үү?
- Тийм манайд.
- Ямар нэгэн аргаар хөөх биш аргалаад явуулах хэрэгтэй дээ. Намууныг юу гэж ярилцдагийг мэдсээр байж чи ч гэж чи.
- Харин тийм ээ.. Сүндэрийг ажилдаа түүртээд байхаар нь аваад ирсэн юм. Хөөхөөр Сүндэр халгаахгүй юм.
-Тэр ч тэгнэ л дээ. Уртаа тэгээд явна гэхгүй байна уу. Хэрэв үнэхээр чиний ярьсан үнэн бол явна гэмээр юм.
- Мэдэхгүй ээ нэг их явна аймар байна гэсэн юм ярихгүй байгаа...
- Тэгвэл байдал нилээн хэцүү болж байгаа юм байна даа. Энэ шөнөдөө ямар ч байсан, юу ч болсон битгий тоо. Уртааг харин ганцааранг нь шөнө гаргаж болохгүй шүү. Уртаатай аавыг нь уулзуулах зөв байх..
- Чи угнь их юм мэдэж байгаа юм байна шүү дээ.
- Чимээгүй ээ. Танайх руу буугаад хэлье. Одоо чи юу ч бодохгүй буцаад давхи гэв.
Балт, Өнөрөөгийн хэлснээс нэг л юм ойлгов. Тэр өөрт нь яг чухал хэлэх гэсэн юм аа хэлээгүй гэдгийг ойлгов. Өнөрөөгийнхөөс давхисаар гэрийн зүг ойртож ирэв. Хониний зүг харвал нэг араг үүрсэн хүн бас хажууд нь нэг хүн явж байгаа харагдав. Тэрбээр ташуур өгөн ойртсоор морь нь бүдрээд уначихав. Босч тоосоо гүвээд харвал араг үүрсэн өнөөх хүн нүд ирэмхийн зуур алга болжээ. Гайхахын эрхэнд мориндоо мордоод давхин очвол Намуун дуу аялан сууж байв.
- Чи сая хэнтэй байв.
-Би ганцаараа байгаа биз дээ. Уртаа хоолоо идэх гээд харьсан.
-Үгүй ээ, нэг хүн байсан даа. Юу гэнэ ээ, Уртаа хонь харсан юм уу. Араг үүрчихсэн хүн байсан. Тэр хэн бэ.
- Би л аргал түүх санаатай араг үүрч гарсан шүү дээ. Өө, тэнд байна. Балт Намууны заасан зүг харвал араг байх хэдий ч өнөөх харсан хүн нь алга. Тэрбээр уурлангуй “За, чи хонио ойртуулаад хариарай. Би буруу харсан юм байлгүй” гээд давхив. Явах замдаа “Яалт ч үгүй дээ. Би буруу харна гэж байхгүй. Энэ нэг л юм болоод байна” гэж баттай итгэв. Гэртээ ойртож ирээд тайвшран эргэн харвал Намуунтай үнэхээр нэг хүн цуг байгаа харагдав. Балт гэгээн цагаан өдөр хэдий ч цочиж айх хоёр зэрэг давхцан бушуухан уяаны шон дээрээ морио уяад гэрт оров. “Сүндээр хөгшөөн дуран аваад аль даа, чи ер нь гараад ир дээ. Сүндэрээс дуран шүүрэн аваад Намууны зүг дурандвал яах аргагүй Намуунтай нэг хүн байгаа нь илхэн харагдана. Балт сандран “Ханиа чи хараа, Намуунтай нэг хүн байгааг харж байна уу”.
- Юун Намуун бэ. Хаана байгаа юм бэ?
-Тэр хонин дээр хоёр хүн байгаа биз дээ.
- Үгүй надад юу ч харагдахгүй байна даг. Балт минь хар өглөөгүүр Өнөрөө дээр очоод дахиад хар ус гударчихаа юу?
- Юу гэж дээ. Чи хар л даа.. Алив гээд харвал нээрээ байсангүй, алга болчихсон байв. Сүндэр уурлан гэртээ орчихов. Балт, Уртаа руу харан “Битгий хонинд яваарай гэж байхад яагаад явсан юм бэ. Баагий, Цамба хоёр хаана байна. золигнуудыг дээ”.
- Зүгээрээ, би өөрөө явья гэсэн юм аа.
- Тэгээд яагаад ирээд хэвтчихээв.
- Ахаа Намуун чинь хүн айлгаад байх юм.. Энд тэндээс гарч ирээд л чөтгөр аятай.. Би явахгүй шүү хонинд чинь.
Балтын царай хувирч “Намуун гэнээ. Сая хонин дээр надтай таарсан юм даг. Чи ингэхэд нөгөө эмгэн гээд байдаг тэрийг арай... харсан юм биш биз” гээд нухацтай харав. Уртаа толгой дохиод эргэж хараад хэвтээд өгөв. Балт байдал бишснийг мэдлээ ч өвгөн лам дээр очих гээд бензенгүй болчихсон. Бас Өнөрөөгийнх маргааш нүүж ирэх болохоор тэсэхээс өөр зам үлдсэнгүй. Өнөө шөнө ямарч байсан Уртааг гаргаж болохгүй гэснийг л бодож суув. Үд болж ажил дуусч бүгд хоолоо идэцгээв. Намуун араг дүүрэн аргалтай ирсэн бөгөөд өвөртөө нэгэн зүйл бондойлгон их л нууж байгаа харагдав. Балт хэрэгт дурлах гэсэн ч галзуу шахуу хүн яаж ч мэднэ гэж бодоод ая тал засч байгаад гэртээ унтуулахаар шийдэв. Орой болоход Баагий, Цамба хоёр морио чөдөрлөж тавиад майханд орж унтахаар хэвтэв. Балт тэр хоёрыг гэрт унт гэж зөндөө хэлсэн ч хоёул Уртаатай хамт унтахаас цэрвээд халгаагаагүй юмсанж. Тэр хоёр Уртааг галзуу солойтой амьтан шөнө босч явдаг хүн айлгаад амраадаггүй гэж гомдолсон билээ. Балт аргагүй Уртаагийн хажуугаар ороод хэвтэв. Намуун, Уртааг цоо ширтэн хойморын зүүн талаар хэвтэж байв. Жавзаа, Навчаа хоёр орон дээр цуг унтаад өгөв. Балт энэ шөнө л өнгөрчихвөл гэсэн юм бодсоор хэвтэж байх ба Уртаагаас нүдээ ер салгасангүй. Уртаа айгаад ч нэмэргүй, айсан ч хэн ч тоохгүйг ойлгосон уу уртаар амьсгаа аваад унтаад өгөв. Балт аргагүй нүдээ нээж унтахгүйг хичээх ч нойрондоо дийлджээ.
Шөнө дундад нохой боргож эхлэв. Балт зүүрмэглэн сэрвэл машины гэрэл хаяагаар тусах нь тэр. Тэрбээр босон хаалгаар гарвал өнөөх машин урдхан нь очоод зогсчихов. Балт гайхан “Яахаараа айлын урд очоод зогсчихдог билээ” гэсээр ашгүй төв орох машин бол Уртаагаа явуулчихая гэсэн юм бодоод дөхөж алхав. Алхсаар очвол гэрлээ гэнэт унтраачихав. Балт хажууд нь шахуу ирээд:
-За сайн байцгаана уу. Манайхыг хардаггүй хүмүүс үү. Гэрт буухгүй яагаад урд ирээд зогсчихов. Хаанаас хаа хүрч явна даа. Хэн ч үл дуугарана.
Балтын нурууны шар үс босон өөрийн эрхгүй арагшаа алхав. Тэгтэл нэгэн хүн машин дотроос –“Уртаа хаана байна. Гэрт байгаа юу” гэх нь тэр ...
Тэр хүний дуу хэзээч амьд хүнд баймгүй тийм нэг айдас хүргэм дуу байв. Балт санд мэнд гэр рүүгээ гүйв. Гэр нь улам холдсоор алга болчихов. Балт зосон ийш тийш харвал яг хажууд нь нэгэн эмгэн зогсож байх ба “Чи юу хийснээ мэдэж байгаа биз дээ” гэх нь тэр. Балт хашгиран цааш гүйсээр нэг юманд тээглэж ойчин ухаан балартав.. Тэрбээр сэргэн хашгирсаар сэрэв.. Тэгтэл гэртээ байх ба хажууд нь Намуун сууж байв. Тэрбээр уужран зүүд байж, хар даржээ. “Новш гэж ямар аймар зүүд вэ. Намуунаа чи чинь яахаараа босоод суучихсан байгаа юм”.
- Чи надад баярлах хэрэгтэй шүү. Чамайг дуудаж авчирлаа.
- Чи юу яриад байгаа юм бэ гээд хажуу тийш тэмтэрвэл Уртаа алга байв. “Уртаа хаана байна. Хэзээ гараад явчихав. Хаана байна” гэсээр босох гэвэл Намуун гарнаас нь татан суулгаад:
- Хүнтэй уулзаж байгаа. Чамд хамаагүй асуудал. Чи дуугүй суу гэв. Балт Намууныг тийм хүчтэй байгаад гайхах хэдий ч маш их айж байв. Удалгүй Уртаа орж ирээд юу ч дуугаралгүй хэвтээд өгөв. Балт ч Намуунаас айсандаа ч тэр үү хэвтээд өгөв. Үүр цайхын алдад машины дуу дуулдав. Балт цочин сэрээд гарвал нүд ирэмхийн зуур алга болчихов. Балт гайхан эргэх зуур шөнө тэр зүүдэнд үзэгдсэн машин мөн болохыг анзаараад хачин их айв. Нар гарахыг хүлээн Уртаагийн хажуугаар хэвтэв.
Өглөө болж нар гарахад Балтын айдас сая нэг арилж юу ч бодолгүй эхлээд тэр машин зогсож байсан газар ирэв. Тэгтэл тэнд нь хомхио хүний араг ясан толгой байв. Балт нүдэндээ итгэж ядан “Бурхан минь, бурхан минь” гэж хашгирав. Баагий, Цамба хоёр ч газар тийчлэх ахыгаа хараад яаран гүйж ирээд өөрсдөө ч үхтлээ айж балмагдав. Харин Намуун гүйж ирснээ “Ивий дээ, энд байж шүү дээ. Шөнө битгий алга болоод бай” гээд өнөөх толгойг аваад өвөртөө хийчих нь тэр. Цамба, Баагий хоёр Намууны уг үйлдлийг хараад юу ч хэлсэнгүй айж байв.
Балтыг Цамба, Баагий хоёр гэрт оруулан хүйтэн цай өгөн арайхийн тайвшруулав. Сүндэр чимээгүй сууж байснаа авдарнаасаа судар гаргаж ирээд толгойд нь адис өгөөд арцаар ариулан:
- За Балт минь, бид нэг л болохгүй газар ирээд буучихаж дээ. Ер нь нүүж нутаг сэлгэсэн нь өлзийтэй болов уу. Өчигдөр шөнө би тэр машиныг чинь харсан. Чамайг галзуурчихна гээд би чамайг сэрээгээгүй юм. Нүд чинь тас аниастай гараад явчихсан. Хэрэв тэр үед сэрээсэн бол чи өрөөл татанхай болох байсан юм. Удалгүй ойлгосон юм уу. Улаан галзуу хүн гүйж ирээд босгонд тээглээд орондоо ороод хэвтчихсэн” гэв.
Балт яриаг таслан “Чи одоо итгэв үү. Намуун миний хажууд юу хийж байсан юм бэ. Тр бас байсан хажууд”.
- Намуун миний хажууд орон дээр гарч унтсан. Чиний хажууд нэг хүн байсан. Би айсандаа юу ч дуугараагүй. Азаар удахгүй гараад явчихсан. Балт минь эндээс нүүе”.
- Юу гэнэ ээ. Намуун тэгэхээр биш байсан хэрэг үү. Гэхдээ тэр өвөртөө хүний толгой хийчихсэн явж байгаа тэр чөтгөрийг би буудаад алчихья л даа.. Тэрбээр уурлан хананд өлгөөтэй буугаа шүүрэн авав. Цамба, Баагий хоёр ноцолдон бууг нь аваад далд хийв.
Сүндэр уурлан:
- Чи хүн алаад шоронд орох чинь дутаа юу. Намуун галзуу хүн өвчтэй хүн. Бузар шингэчихсэн юм байгаа биз .. Мөрөөрөө явж байгаад төөргөөрөө болог. Чи харин яасан ч болохгүй шүү. Балт нилээд суусаар сая нэг тайвширч, Өнөрөөг ирэхээр больё гээд хүлээж байв. Уртаа морьдоо бариад ирж байгаа бололтой:
-Та нар чинь яаав аа .. Өнөөдөр адуундаа явахгүй юм уу. Баагий инээмсэглэн “Өнөөдөр адуунд явахгүй ээ.Эмгэнтийн энгэр даваад арилсан. Наашаа орж иртэл би лав тийш зүглэхгүй”.
- Нөгөө миний очдог газар уу. Тийшээ давахаар яадаг юм бэ.
- Чи өөрөө шалгахгүй юу. Би лав явахгүй дэг. Уртаад улам сонирхолтой санагдав. Гэрт орж ирвэл Балт бодол болон мэлрэн сууж байв. Навчаа, Жавзаа хоёр болон Сүндэр, Намуун эмэгтэйчүүд саалиндаа гарчээ. Балт, Уртаа руу хэсэг харснаа:
- Чи ингэхэд шөнө хайчсан юм бэ. Алга байсан.
- Би юу, би хаачих вэ дээ. Гараагүй шүү дээ.
- Ерөөсөө юү. Чи санахгүй байна уу. Ямар нэг машин тэрэг сонссон уу?
- Үгүй ээ.. Юу ч сонсоогүй, та яагаа вэ?
- Аан, зүгээрээ зүгээр... Балт гайхах хэдий ч ёстой сүнс хий үзэгдэл чөтгөр юу ч байсан нэг юм болоод байгааг ойлгов. Өдөр болж үхэр тэрэгтэй жин ирж байгаа харагдав. Балт Өнөрөөг ирж байгаад баярлан урдаас нь тосч очив.
- За сайн байцгаана уу. Аян зам сайн биздээ. Манай хажууд ирээд буучих. Хэн хэндээ ханьтай амар биз дээ. Намжилмаа намжиртай инээмсэглэн:
- Та хоёр нийлж дариваад амар юм болно гэж бодов уу. Манайх тусдаа буунаа. Балт сүүлдээ гуйж, гуйж хажуудаа буулгаад авав. Өнөрөө мал хуй харах хэдэн дүү нартай болсондоо баярлан бушуухан гэрээ босгоод авав. Олуулаа тул хурдан гэрээ барьчихав. Балт морины уяан дээрээ очоод өчигдөр болсон бүх зүйлээ ярив. Өнөрөө сонсож байснаа:
- Хаана тэр вэ. Алив очиж харъя.. Балт зааж өгөөд хоёул харвал ёстой машины мөр битгий хэл, хүний мөр ч харагдсангүй. Өнөрөө санаа алдаад “За явна аа. Хоёулаа аав дээр очиж асууя. Арга чарга байж л таараа.. Гай болж эвгүйтвэл яачих ч юм билээ”. Балт зөвшөөрч морио эмээллээд Цамбыг дуудан хэрхэвч Уртааг ганцааранг нь ийш тийш явуулж болохгүй шүү гэж сануулаад Өнөрөөтэй аавынх руу нь хөдлөв. Өнөрөөгийн аавынх холгүй ч гэлээ бас зайтай билээ. Балт, Өнөрөө хоёр хатируулсаар овоо явж байж гэрт ирэв. Өнөрөөгийн аавыг Доной гэдэг бөгөөд залуу байхаасаа ан хийж хээрээр их явсан хүн билээ. Доной өвгөн хэрэг зоригийг асуугаад Балтыг их л сандарч явааг анзаарав.
- Чи чинь аягатай цайгаа барьж чадахгүй чичрээд зүрхэнд чинь юм орчихжээ дээ, янз нь.
- Ах минь танаас асуух зүйл байна аа. Би ер нь ямар газар очоод буучихав даа. Их л сонин зүйлс ажиглагдах боллоо.
- За юу тэр вэ.
Балт бүгдийг эхнээс нь ярив. Өвгөн удтал сонсоод гаансаа асаан хэд нэрээд Өнөрөөг загнангуй “Чи хүртэл мэдэж байж тийшээ дөхөөд муу золиг”. Балт гайхан “Юу мэднэ гэж. Би энэ жил л анх удаа ирж байгаа хүн”.
-Тэр мэдээж чи мэдэхгүй байх нь аргагүй ээ. Энд хуучин цагт олон лам хуварга буудаж хөнөөсөн гэж ярьдаг юм. Дээх нь үед юм даа, хэзээ гэдгийг би ч мэдэхгүй. Энд нэг эмгэн нутагладаг байсан юм гэсэн. Ганц хүү нь хугацаагүй албанд яваад эргэж ирээгүй. Тэгээд эмгэн хүлээсээр нэг л өдөр бурхан болсон юм гэсэн. Тэр үед хөдөөлүүлсэн ч юм байхгүй хаячихсан юм шиг байна лээ. Эхэндээ юу ч мэдэгдэггүй байгаад социализмын үед хачин, хачин юм их дуулддаг л байлаа. Тухайн үед хаалттай учир янз бүрийн юмыг дараад өнгөрөөдөг байсан юм. Сүүлд хэдэн жилийн өмнө жигтэй юм болсон. Гаднаас отор хийж явсан айлын хүмүүс хоорондоо муудалцаж, нэгнээ хөнөөсөн юм . Тэр цагаас хойш энд хүн ирж нутаглах нь багасч нутагласан ч холуур нутагладаг болсон. Хамгийн сонин нь тэр айл их адуутай айл байсан гэдэг ч адуу нь хайчихсан юм бүү мэд, алга болчихсон гэж дуулсан шүү. Тэр эмгэн гээд байгаа чинь хүүгээ хүлээсэн эмгэний тийрэн байж болох. Гэхдээ гэмгүй гэж өвгөчүүл ярьдаг юм. Эмгэнтийн энгэрт буусан айлыг байлгадаггүй гэж ярьдаг юм. Танайх тийм хол байхад яагаад эргээд байдаг байна даа.
Намууны хувьд бол тэр толгой нь ээжийнх нь араг ясны толгой байгаа юм.. Бид ээжийг нь хөдөөлүүлж хэд хонож байхад л ухаад авчихсан байсан хүүхэд шүү дээ. Хааяа аваачаад хийчихнэ, хааяа гаргаад ирдэг. Эхэндээ их сэжиглэдэг байсан ч заяа төөрөг нь тийм юм байгаа биз дээ зайлуул... Өвгөн би ам дамжсан яриаг л мэднэ. Харин тэр хавиар явах зориг хүрдэггүй юм даа.. Уг нь сүжиггүй хүнд харагддаггүй юм. Янз бүрийн юм харагдаад байгаа бол сайны ёр ч биш дээ. Өвгөн ламыг залвал яасан юм.
Балт сандран “Өвгөн лам ирэхгүй л болов уу. Үхээрийн газрын тийрэн дарж чадахгүй гэсэн”.
-Тэгвэл та хоёр хоёулаа дариухан нүүе. Намууныг харин заяа төөргөөр нь орхи. Тэрэнд өөр амьдрал бий.
Балт гайхан “Өөр амьдрал гэдэг чинь юу гэсэн үг вэ”.
- Чи ойлгохгүй байна уу. Намууныг чи сайн ажиглаад хараарай .. Тэр өөр амьдралаар явж байгаа хүн. Цаг нь болоогүй юм байлгүй дээ, зайлуул... Өнөө дүү чинь хэн билээ.
- Уртаа юу?
- Тийм, Уртаагаа татаж авахгүй бол... Намуунд хань болгож л таарах нь дээ.
- Юу гэсэн үг вэ. Та надад ойлгогдохоор ...
- Би мэдэх юмаа л хэллээ. Бушуухан нүү. Өвгөн ламаас ядаж хаашаа, яаж нүүхээ асуугаарай. Ойлгов уу. Өвгөн их зүйл мэдэх байж, яагаад чамд юу ч хэлээгүй юм бол доо. Учиртай л байлгүй, өвгөнөөс асуу ... Миний мэдэх юм энэ гэв.
Балт , Өнөрөө хоёр Доной хөгшнийхөөс гарахад үд өнгөрч байв. Хоёул ямар ч байсан маргааш лам өвгөнийд очихоор тохиролцож гэрийн зүг мордов. Хатируулсаар нэг их хол явсангүй гүү барьсан айл харагдахаар нь буухаар шийдээд балга цай, эсвэл нэг тагш юм тогшиж магад гэж санасан юмсанж. Гэрт орвол нутгийн найз Лувсангийнх байв. Гэрийн эзэн хоёр залууг харан инээмсэглэн:
- За сайн явж байна уу. Хаанаас хаа хүрч явна даа.
- Сайн сайн. Аавынхаар буучихаад харьж явна.
- Алив дээшээ суу…
Лувсан хоёр найзыг дайлан хоёр шил юм хувааж хүртэв. Балт морь харахаар гарснаа орой болсныг санан “Ёстой баларлаа. Одоо муу чөтгөртэй нэгийгээ үздэг хэрэг ээ” гэсэн юм бодоод гэрт орон Өнөрөөг яаруулан харихаар морины уяа руу алхав. Лувсан хоёр найзаараа далимдуулж, эхнэрээсээ хоёр шил юм гаргуулж, уусан юмсанж. Тэрбээр тэднийг хоноод яв гэсэн ч Балт зориг орсон дээр нь яахаас ч буцахгүй, өнөөх айдас нь үгүй болсон тул заавал харина гэж зүтгэжээ. Өнөрөө ч мөн адил эхнэрээ ганцааранг нь үлдээсэндээ санаа нь зовно.. Хоёул мориндоо мордон хатируулсаар маасайтал инээн ярилцаж явав. Тэд салхинд цохиулсан уу, овоо халсан бололтой дуу аялан морио ширүүлэн довтолгоно.. Өнөрөө согтуурхан:
- Луяа бид хоёрт ямар янзын архи өгчихөв өө.. Одоо толгойд орж байх чинь.. Хэдэн жил дарсан юм аа гаргачихав аа даа...
- Мэдэхгүй ээ. Нэг нь гадаад хүн өгсөн гэж сайрхаад байсан, ёстой хэн мэдлээ...
- Одоо гэр ойртмоор юм даа. Толгой эргээд байх юм. Хоёулаа жаахан суух уу?
- Шөнөөр хээр сууж юугаа хийхэв дээ. Одоо хэд цогиод л гэртээ ороод ирнэ.. Тэгээд ч гэрт сонин юм болоод байгаа. Өнөөдөр би нэг эр хүн шиг үзчихье.
Балт зориг чанга дөрөө жийсэндээ ч тэр үү, өнөөх айдас ор мөргүй арилжээ.. Хоёул хатируулсаар нэг гүдэн даваад өнгийвөл.. Өнөрөөгийн морь үргэн мориноосоо уначихав. Балт Өнөрөөгийн цулбуурыг барьж явсан тулдаа морийг нь алдсангүй. Өнөрөө босч хувцсаа гүвээд “Хар шөнө гүйж явж байдаг хүүхэд байх аа” гэв. Балт цочин “Чи чинь юу яриад л байна даа. Юун хүүхэд байдаг билээ”.
- Мэдэхгүй ээ. Урдуур орж ирээд, чи хараагүй юм уу. Ингэхэд саяны золиг хаачив.
- За чи хүн ядаж явахад айлгах юмаа олж яриарай.
- Алив за тэгж таарна... Цаашаа хар даа. Ганц гэр байгааг харж байна уу.
Балт Өнөрөөгийн заасан зүг харвал яг урдхан айл байв. Юун айл байдаг билээ. Хоёулаа даялаад буруу замаар хатирчихсан юм байх даа. Өнөрөө инээмсэглэн “За ямар ч байсан айлын бараа харлаа. Ер нь эндээ хоноод явдаг байгаа. Аав хэлсэн шүү дээ. Сүжиггүй хүнд ёр халдахгүй гэж. Ямар ч байсан манай нутгийн айл байж таараа” гээд морин дээрээ мордон айлын зүг шогшуулав. Балт хэдий согтуу ч гэлээ, айлын гадаа ирэхэд нэг л сонин санагдаж, шар үс нь босов.
Өнөрөө харин маасайтал инээн “Харанхуй шөнө хонь мал нь хотолдоггүй айл юм байхдаа.. Хашаа хороогоо бариагүйг бодоход шинэ нүүж ирж байгаа айл бололтой” гээд морио тушаад Балтыг хамт гэр рүү явав. Балт мориноосоо буун ийш тийш ажиглан харж байгаад гэнэт царай нь хувиран нэг л биш гэж санаад гэрт оров. Өнөрөө аль хэдийн хоймор ширээний баруун талд суучихсан “Шинэ ирж байгаа айл юм гэнэ ээ. Алив чи юу хараад байгаа юм бэ. Наашаа суугаач. Сая намайг мориноос унагаадаг нөхөр чинь энэ байна шүү дээ. Дэггүй золигийг хараад байгаарай” гэв.
Балт гайхан бүр шоконд орсон мэт Өнөрөө рүү гөлөрнө. Өнөрөөд ахин инээмсэглэн “Чи наашаа суугаачээ, юу хийгээд байгаа юм бэ”. Балт ээрч мууран:
- Чи хэнтэй яриад байгаа юм бэ. Энд хэн ч алга байна шүү дээ. Чи солиорой юу?
- Юу гэсэн үг вэ. Эмээ, ач хоёр л байна шүү дээ. Охин нь хониндоо явсан гэнэ ээ. Айлын эрчүүд нь адуундаа мордсон юм гэнэ. Чи одоо надаар тоглоод байна уу. Харахгүй дүр эсгэээд л...
- Өнөрөө минь харанхуй шөнө хонинд явдаг юм уу. Чи юу яриад байгаагаа ойлгож байна уу гээд Балт гэрээс гарч мориныхоо зүг гүйв. Өнөрөө ч согтуу толгойдоо бодолхийлснээ хамаг шар үс нь босоод санд мэнд гарч Балтын ардаас гүйв. Мориндоо мордон учиргүй давхисаар арагшаа эргэж ч харсангүй. Өнөрөөгийн архи нь гарч Балт руу чангаар “Бурхан минь, хоёулаа ямар газар ирчихэв дээ. Үнэхээр айж байна. Хоёулаа ингээд давхиад л байх уу”.
Балт давхиж, давхиж морио зөөлрүүлж Өнөрөө рүү харахад өнөөх омголон согтуу хүн биш үхтлээ айсан жаахан хүүхэд шиг нулимстай нүдээ нуусан Өнөрөөг харав. Балт үнэхээр их айж балмагдсан ч гэлээ, ламын хэлсэн үгийг санаж хэлж өгсөн маанийг нь байн байн уншаад:
- За Өнөрөө минь, хоёулаа их л том юмтай нүүр туллаа даа. Ямар ч байсан өвгөн ламын хэлсэн үнэн байж. Би эргэлзэж л байлаа. Тэгэхээр одоо юу ч болсон, яаж ч байсан. Чи тоож харж, ярьж болохгүй шүү. Надад яагаад харагдаагүй учрыг нь харин би мэдэхгүй байна. Чи л энэ шөнө галзуурчихгүй бол болох нь тэр ....
- Би ёстой юм бодоогүй. Гэхдээ чамайг гараад явахад саяхан асаалттай байсан лаа нь унтарчихсан. Зуухных нь гал бас ...
- Мэдэж байна аа. Хоёулаа тэр явдлын тухай ярихгүй байя. Гол нь айх тусам айдас ирнэ. Одоо хоёулаа дээшээ гарч хаана байгаагаа мэдээд гэр рүүгээ дөхөж үзье.. Чи зүгээр биз дээ. Ганц удаа эр хүн шиг байгаач. Хоёулаа айвал өнөө шөнө галзуурна ойлгосон уу.
Өнөрөө юу ч хэлсэнгүй .. Балт өндөрлөг газар руу Өнөрөөг морьтой нь хөтлөн дээшлэв.. Мэдээж Балт магадгүй Өнөрөөгөөс илүү айж байх хэдий ч энэ шөнө айж эмээж олзлогдвол галзуу солойтой болно. Эсвэл хоёул үхнэ гэдгийг бат мэдэж байв. Тэр өдөр өвгөн лам чихэнд нь шивнэсэн зүйлээс ийм нэгэн өдөр ирнэ. Харин чи яаж өөрийгөө авч гарахаас шалтгаална гэсэн үг байсан төдийгүй Балтад ганцхан юм байн байн захисан нь айж болохгүй. Айж байгаагаа мэдэгдэж ч болохгүй гэж захижээ.
Үргэлжлэл бий...
Хард Билгүүн
Өмнөх нь
Амьд бус амьдрагсад-1 https://www.24tsag.mn/a/183289
Амьд бус амьдрагсад-2 https://www.24tsag.mn/a/183359
Амьд бус амьдрагсад-3 https://www.24tsag.mn/a/183384
Амьд бус амьдрагсад-4 https://www.24tsag.mn/a/183388
Сэтгэгдэл (2)