Үргэлжлэл нь....
Өглөө болж Уртаа сэрэн майхангаасаа гарав. Яг хаалганы хажууд Намуун зогсож байв. Тэрбээр инээмсэглэн тэнэг гэж хэлчихээд үнээний зэл рүү гүйгээд явчихав. Түүнийг Сүндэртэй нас чацуу гэх нь бий ч Жавзаа, Навчаа хоёртой үе мэт харагддаг. Хамгийн сонин нь тэр хэзээ ч уйлдаггүй бас уурладаггүй. Цамба хэдий шогловч зөвхөн инээмсэглэхээс өөр үйлдэл гаргадаггүй билээ.
Уртаа Намууны ардаас “Чи өөрөө тэнэг хачин амьтан шүү. Аав, ээж нь ямар улс байдаг байна аа. Ийм тэнэг хүүхэдтэй ядарсан ч айл болдоо” гэх зэргээр амандаа бувтнав. Навчаа уг яриаг сонссон бололтой. Уртаа ахаа:
-Намуунаа аав, ээжгүй шүү дээ. Нас барчихсан.
- Тэгээд энэ хаана амьдардаг хэнийд байдаг охин бэ?
- Хойно байдаг Банзрагч гээд хөгшнийд байдаг юм. Төрөл садан юм л гэнэ лээ. Гэхдээ Намуунаа хааяа зүв зүгээр ухаан саруул хүн болчихдог. Хааяа л жаахан хүүхэд шиг зан гаргаад тэнэгтээд байдаг болохоос биш...
- Та нараас эгч хүн юм биш үү. Чи гээд байх юм.
- Сурчихсан юм аа. Навчаа саалийн хувингаа бариад ажилдаа оров. Уртаа ч майхангаа цахилгаандаж, адуу ирэхийг хүлээв. Адуу ч ирж унагаа бариад гэрт орцгоон цай ууцгаав. Балт энэ өдөр Цамбыг хонинд явуулав. Харин Уртаад юу ч хэлсэнгүй. Баагий гэрээс гарч Уртааг дуудан “Хоёулаа усанд явья” гээд үхэр тэрэг хөллөн явцгаав.
Баагий замдаа явах зуураа:
- Ингэхэд чи шөнө Намуунтай хэвтэж байсан уу?
- Юу би юу даа. Юу гэж дээ. Муу тэнэг амьтан шөнө хүн айлгаад золтой л галзуурчаагүй.
- За хөгшин нь хэнд ч хэлэхгүй дээ. Шөнө дөлөөр нэг харахад чиний цаана нэг эмэгтэй хүн хэвтэж байх шиг л болсон доо. Эр хүн хэмээгээд учиргүй инээв. Уртаа бүр гайхан “Юу яриад байгаа юм, би юу гэж энэ тэнэг юм шиг хүүхэнтэй чинь. Чи буруу хараа биз.
- За за, тийм болог дээ. Юун сүртэй юм бэ, би хэлэхгүй гэм...
Уртаа уурлангуй Баагий түүнээр тоглож байна гэж бодоод дахиж юм дугарсангүй. Хоёул голоос усаа аваад эргэж хөдлөв. Баагий Уртааг аргадан:
- За, миний найз битгий уурла даа. Би буруу харсан байх гээд жуумалзав.
- Тийм ээ, чи буруу харсан байна.
- Нээрээ, чи тэр хол үхснээ хийж явсан юм бэ. Өчигдөр чамайг хайж зөндөө давхисан ..
- Мэдэхгүй ээ, унтаж орхисон байна лээ. Ядаж морь хонио дагаад явчихсан. Хар халуунд ангаж үхтлээ алхаад. Харин уулын хяраар нэг эмгэн аргал түүж явахтай таарсан.
Баагий тэргээ зогсоогоод “Юу гэнэ ээ. Ямар эмгэн”.
- Мэдэхгүй, навсайсан л юм байсан даг. Бас нохой дагуулж явна лээ. Гэрээр нь орж ус ууя гэсэн харамлаад л байна лээ.
- Юун ус вэ. Гэр ээ... Ннд манайхаас өөр үгүй ээ, тийшээ бүүр айл битгий хэл мал ч байдаггүй газар шүү дээ.
- Мэдэхгүй ээ мэдэхгүй. Бадарчин мадарчин ч билүү, тэр нь л юм байгаа биз .. Шөнө хүртэл манай гаднаас явах шиг болсон. Баагийгийн царай хувхай цайн “Юу хуцаад байгаа юм бэ. Намуунаатай адилхан галзуурчихаа юу. Галзуу хүмүүс хий юм хараад байдаг юм гэсэн шүү. Чи ер нь наад мэдрэлээ үзүүл ойлгосон уу” гээд үнэхээр уурлан дахиж Уртааг сонсохыг ч хүссэнгүй. Уртаа ч Баагийтай дахиж дуугарсангүй. Өдөр болж гүү саалиндаа гарцгаав. Намуунаа Уртаа руу харан:
- Уучлаарай намайг. Би хааяа тэгээд байдаг юм аа.
- Юу уучлаарай гэж тэнэг юм чинь ...
- Ямар ч байсан уучлаарай гэж хэлээд яваад өгөв. Уртаа дотроо “Ямар өвчтэй хог вэ. Эрүүл хүн шиг жүжиглэж байх шив. Орж гардаг хаашаа янзын амьтан бэ дээ” гээд ардаас нь алхвал нөгөө дэгдэж гүйгээд байдаг охин харин ч намбалаг алхаж байв. Саамны цаг дуусч унагаа тавин адуугаа залчихаад Баагий ирэн “Уртаа чи Цамбыг тос доо. Ер харагдахгүй юм. Өчигдөр хонь эргүүлсэн газар руугаа яв. Би үхрээ бөөгнүүллээ. За алив ээ, мордоод яв. Үхснээ ангайгаад байгаа юм бн” гэж хэлээд давхиад явчихав.
Уртаа мориндоо мордож шогшуулан өнөөх газар руу зүглэв. Үд хэвийжээ. Хэсэг яваад хониныхоо байгаа газрыг хараад шогшуулав. Очвол Цамба явган хонио тууж байх ба их л ууртайгаар “Та нар чинь ирдэггүй улс уу. Муу адсага чинь булигаад шидчихлээ. Алив наад морио, би муу адсагыг барьж авахгүй бол эмээл хазаараа алдчихна. Чи явган явах дуртай хүн. Хонио туу. Бушуулаа бушуул”...
Уртаа юу ч хэлсэнгүй морио өгөөд Цамба ч улаан галзуу давхин алга болов. Уртаа инээмсэглэн “Намайг морь унаж чаддаггүй гэж их дооголдог. Өөрөө унаж чаддаггүй ойчдог л юм байна”. Тэрээр элдвийг бодон яг энэ үед аав, ээжийгээ юу хийж байгаа бол гэж боддог билээ. Сатааран бодон хонио туун алхах зуур хажууд нь нэг хүн байх шиг Уртаа хажуу тийш харвал өчигдөр таарсан өнөөх эмгэн мөн байв.
Уртаа цочин:
- Ингэж цочих гэж. Та чинь хаанаас гараад ирэв ээ. Ся хаана байсан юм бэ ?
Эмгэн дугарсангүй. Зайдуу алхсаар. Уртаа гайхан:
-Та чинь ямар сонин хүн бэ. Гэр оронгүй хүн юм уу. Чоно нохойны хоол болвол яана...
Эмгэн өнөөх хахир дуугаар:
-Чи намайг харж байна уу? гэж асуув. Уртаа инээн “Та чинь яачихсан хүн бэ. Би хэлээ биз дээ . Харж байна .., харж байна гэж хэд хэлүүлэх гэсэн юм бэ”.
Удалгүй мотоцикл дуугарч Балт ирж байгаа харагдав. Уртаа Балтын зүг хараад “Өө ашгүй, ах маань ирж байна. Та харж байна уу, өөрөө” гээд эмгэн рүү харвал байсангүй. Уртаа гайхах айх зэрэгцэн царай нь цайгаад ирэв. Балт ирж хажууд нь зогсохыг ч анзаарсангүй.
- Хүүе Уртаа ... Хүүш чи чинь хувхай цайчихаад яагаад байгаа юм бн. Яасан гээд хацар дээр нь алгадав. Уртаа нэг амьсгаагаар “Ахаа, эмгэн байна. Эмгэн... сая нэг эмгэн энд байсан. Эмгэн байсан. Миний хажууд” гээд ээрч мууран хэлэв. Балт уурлангуй “Юу яриад байгаа юм бэ. Наршаа юу чи чинь. Хэн ч байхгүй байгаа биз дээ”
-Үгүй ээ, би харсан. Ахаа би худлаа яриагүй. Нээрээ би үнэн хэлж байна.
Балт сая нэг байдал бишдсэнийг ойлгов бололтой Уртааг тайвшруулан гэрийн зүг хамт явав. Тэрбээр “Гэрт очоод саяны харсан зүйлээ битгий яриарай. Өглөө ах нь нэг юм бодно оо” гэв. Уртаа гэртээ ирээд юу ч дуугарсангүй. Шөнө болоход Уртаа гэртээ унтав. Харин Баагий, Цамба хоёр майханд хонохоор болов. Уртаа сая нэг тайвширч нойр нь хүрэхийн эрхэнд унтаад өгчээ. Шөнөдөл боллоо. Уртаагийн чихэн дээр “Манайхандаа хонохгүй яасан юм бэ” гэх нь тод сонсогдов. Уртаа галзуу хүн шиг хашгирсаар даанч түүнийг сонсож байгаа хүн байхгүй байв.
Уртаа нүдээ нээн харвал сэгсийсэн цагаан үстэй эмгэн хажууд нь сууж байв. “Ээжээ” хэмээн орилоход Балт сэрэн “Чи чинь яаж байна аа. Хүүе, Уртаа” гэсээр босоод ирэв. Эмгэн шоолсон маягтай инээгээд алга болов. Уртаа үнэхээр энэ удаа айн дагжин чичирсээр Намуун хүйтэн ус аяганд хийж өгөв.
- Чи битгий ай, би ойлгож байна. Гэхдээ тэр чамаар нэг юм хийлгэх гээд байх шиг байна. Алив тайвшир.
Балт уурлан “Чи юугаа донгосоод байгаа юм бэ. Тэр гэж хэн юм”.
- Таньд хамаагүй ээ. Балтаа чи хэдэн жилийн өмнө хийсэн нүглээ төлөх төлөөстэй шүү гээд Намуун учиргүй инээв. Балтын царай хувьсхийн “Чи юугаа яриад байгаа муу галзуу эм бэ, манайхаас маргааш зайлаарай” гэж хашгирах шахам хэлэв. Сүндэр босч ирээд уурлан “Та нар чинь хар шөнөөр яагаад байгаа улс вэ. Унтаж амар. Намуунаа миний найз нааш ир” гэх нь Балтаас өмгөөлж буйн хэрэг юм.
Уртаа чичирсээр аягатай ус ууж тайвширах гээд чадахгүй шоконд оржээ. Балт үүр цайтал Уртааг сахин суув. Яагаад гэвэл, Балт нарийн учрыг сайн мэдэхгүй ч Уртаад юу тохиолдсоныг гадарлаж байгаа билээ. Өглөө болж Балт мотоциклоо асаан Уртааг ардаа сундлан:
- Миний дүү одоо чамд юу ч харагдсан бай. Ндээ аниад ахаасаа зуурдаг юм шүү. Хоёулаа өвгөн ламынд очиж чамайг зүгээр болгоно оо гээд цай хоолоо ч идэлгүй яаран хөдлөв. Гэрээс хөдлөх цагаас Уртааг нэг хүч ардаас нь чангаагаад байгааг мэдрэв. Нэлээд холдсоны дараа тэсэлгүй эргэн харвал өнөөх эмгэн яг ард нь гүйж байгаа харагдав. Уртаа үг хэлж чадахгүй Балтын араас чанга тэврэв. Балт ч юу болж байгааг гадарлан хаазаа тултал нь базаад давхиж гарав. Өвгөн ламынх дөхөхтэй сая нэг санаа амарсан ч хурдаа хассангүй. Бор гэрийн гадаа улаан галзуу тормозоо даран зогсоод “Уртааг сугадан гэрт орвол өвгөн мэдэж байсан юм шиг арц уугиулан сууж байх ба
Балт руу харан:
- За та хоёр ирэв үү. Хаашаа янзын юм дагуулаад ирэв дээ та хоёр. Наад хүүгээ наашаа ойртуулаад суулгачих. Чи гарч бай. Үүд онгойх гэвэл сайн дараарай. Наашаа оруулвал энэ хүү галзуурч, би ч хадан гэртээ очно. Өвгөн шуруухан хэлээд ном уншиж эхлэв. Балт гадаа гарч хаалгыг гаднаас нь түгжээд өөрөө давхар дарж зогсчихов. Ном уншиж дундаа орж байгаа бололтой. Хаалга татах гэж оролдож байгаа мэт Балт руу татан хаалгыг эвдэх нь холгүй тачигнуулав. Балт чухам юу оруулахгүй хамгаалж буйгаа харахгүйн дээр нэг зүйлтэй тэмцэж буйгаа л ойлгоно. Тэрбээр өвгөн ламынд нэг бус удаа ирж байсан тул тэр үл мэдэх хүчнээс айсангүй. Өвгөний хоолой өндөрсөн хаалгаар орох гэх хүч улам догширч Балт хамаг хүчээрээ хаалга дарсаар хэсэг хугацааны дараа нам жим болов. Өвгөн гэр дотроос:
- За одоо ороод ир явчихлаа. Балт сандран яаран орж ирээд “Багш минь би”...
- За мэдэж байна. Энэ удаа аргаллаа. Дараа бол миний хүч хүрэхгүй шүү. Үхээрийн газрын албингуудтай баргийн номтой лам тэмцдэггүй юм. Энэ хүүхэд чинь тэдний ертөнцөд орж амьдраад удсан байна. Хил хязгаар давж очдог яасан хүн гэхээрээ би хүртэл гайхаж байна.
- Багш минь одоо яах вэ. Юуны учир...
- Дахиж янз бүр юм болвол төв гандан руу очоорой. Би чамд илүү юм хэлж чадахгүй ээ. Миний мэдлээс хэтэрсэн хэрэг байна.
Өвгөн номоо уншин буруу хараад суучихав. Хажууд нь хэвтэх Уртаа сая нэг ухаан орж уртаар амьсгал аван ханайлгасаар “Би хаана байна вэ. Балт ахаа та энд юу хийж байгаа юм бэ”.
Өвгөн лам Уртаа руу харан:
-Чи мэдэхгүй байна уу гэж зандрахад Уртаа цочин босч гэрээс гарав. Балт ардаас нь даган гарвал Уртаа “Ямар аймар өвгөн бэ. Ахаа эндээс явъя”.
- Чамайг аварсан багшид мөргөөд адис ав. Уртаа төдийлөн лам сүсэг бишрэлийн талаар мэдлэггүй билээ. Тэрбээр эргэж орон “Лам багш минь өршөөгөөрэй” гэвэл өвгөн Уртааг өмнөө суулган:
- За чи хээрээр ганцаар яасан ч явж болохгүй шүү. Хүүрийн газар руу дахиж хил нэвтрэв дээ. Хэрэв дахиж юм харвал ойртож очиж огтхон ч болохгүй. Шөнө дөлөөр хэд хоногтоо жаахан эргэж магадгүй айж бас нүдээ нээж харж болохгүй шүү. За одоо явцгаа гэв.
Уртааг гэрээс гарснаас хойш нэлээд удаж байж Балт гарч ирэв. “Уртаа минь, чи ер нь явсан нь дээр байх аа. Ах нь хэд хоногоос чамайг хүргэж өгье. Төв рүү”.
Уртаа юу ч дуугарсангүй . Хоёул гэртээ ирэв. Сүндэр санаан зосон янзтай угтан ирээд:
- Балт аа, Намуун алга болчихлоо. Хайгаад ер харагдсангүй, бараа нь ч алга.
- Юу гэнэ ээ. Хэзээ тэр вэ?
- Та хоёрыг явсны дараа энүүхэн энд гүйж явсан юм. Гэртээ орчихоод гарч иртэл алга. Балт:
-Алив миний дүү орж бай. Би хайгаад ирье гээд эмгэнтийн энгэр рүү шууд зүглэв. Гэгээн цагаан өдөр тул тэр төдийлөн айсангүй. Яагаад тийшээ явсан гэхээр Намуун хааяа тэнд байж байдаг төдийгүй ганцаараа ярьж сууж байхыг олон хүн мэддэг болохоор түүнийг галзуу солиотой гэж нэр өгсөн юмсанж. Балт ойртон ирвэл Намуунаа модны сүүдэрт сууж байгаа харагдав. Балт давхин очоод:
- Чи чинь энд яах гэж ирдэг байна аа. Дахиад өвчин чинь хөдөлсөн үү. Алив суу.
Намуун инээмсэглэн ард нь үг дуугүй суув. /Түүнийг яагаад галзуу солиотой юм шиг болсон шалтгааныг дараа өгүүлнэ/. Балт давхисаар гэрийн бараа харагдан ойртоод ирэв. Намуун Балтын чихэнд “Лам юу гэж байна. Эамайг асууж байна уу” гэх нь тэр. Балт мотоциклоо тормозлон зогсоод царай нь цайн Намуун руу эргэн хараад:
- Чи бид хоёрыг лам багш дээр очсныг яаж мэдсэн юм бэ.
- Би бүгдийг мэднэ. Надад хэлдэг юм. Чи надаас үхтлээ айж байна тэ... Тэрийг чинь ч мэдчихлээ. Балт уурлан “Зайл чи, яв чи. Дахиж манайхаар битгий үзэгдээрэй. Муу галзуу эм” гэж үглэсээр буулгаад гэр рүүгээ давхив. Гэртээ ирвэл Сүндэр:
- Яасан олсон уу?
- Олсоон муу галзуу өвчин нь хөдөлчихөж тэнэж байгаад ирнэ биз.
- Яаж тэгж болдог юм бэ. Хаана байна, би явья .
- Ойрхоон энүүхэн энэ доор.
- Цамбаа миний дүү гараад ирээ. Хоёулаа Намууныгаа авч ирье.
Балт гэртээ орвол Уртааг унтаж буйг хараад тайвширч, айрагнаас аяганд хийн хэд сайн балгаад орон дээрээ суугаад “Намуун яахаараа лам багш өөрийг нь асуусныг мэддэг билээ. Арай энэ галзуу чинь... Арайч дээ... Үгүй байлгүй дээ. Ямар ч байсан маргааш энэ муу галзууг гэрт нь аваачиж өгдгөөрөө өгье .. гэж бодов.
Цамба, Сүндэр хоёр удаж, удаж сая ирэв. Балт Цамба руу харан “Яасан олсон уу”.
- Үгүй ээ, хаачдаг байна аа. Адуу давхилаа ч ингэж хурдан давхиж нүдэнд харагдахгүй алга болохгүй дээ.
- За за, тэр муу галзуу нэг нүхэнд нуугдсан биз. Өдөржин ажлаа алдчихлаа, муу новшоос болж. Балт уурлангуй шүлсээ хаяахад Сүндэр зандран “Чи ичээч Балтаа. Эцэг, эхгүй өнчин өрөөсөн, өвчтэй зовлонтой хүнийг ингэж ад үзэхээсээ. Яах аргагүй бид нэг ангид хамт суусан даа. Чи ёстой хүний үнэргүй амьтан байна шүү.
- За за, дахиад л эхлэх нь. Маргааш би гэрт нь хүргэж өгнө. Зольбирч яваад энд тэнд чонын хоол болчихвол би л хэрэгт орно ..
- Тэгж ярихгүй шүү. Тэр муу навсгар бор гэрт энэ хүнд хоол олддог ч юм уу, бүү мэд... Энэ чинь өвчтэй хүн, ядарсан амьтан. Ад үзээд байвал би эсвэл яваад өгье л дөө.
Сүндэр үнэхээр халгаасангүй. Тэрбээр багаасаа хамт тоглож өссөн ганц найзыгаа хэнээс ч өмөөрөх ба бас халамжлан тэтгэдэг ганц хүн нь юмсанж. Балт ч цөхрөнгөө баран Сүндэр нэг явахаараа аав, ээжийнхээсээ ирэхгүй маш уддаг тул энэ удаа буулт хийхээс өөр арга үлдсэнгүй. Тэгвэл Уртаагаа л төв оруулдаг байх даа. “Уг нь энэ хоёрыг цуг байлгаж хэрхэвч болохгүй гэсэн юмсан яадаг юм билээ. Төв орох бензин ч үгүй боллоо. Замын машин ирээсэй гэж л залибархаас даа” гэсэн юм бодоод ажилдаа шуурхайлан оров.
Баагий, Цамба хоёр Уртаагаас юу болоод байгааг асуувч ам нээсэнгүй. Яагаад гэвэл, тэр хоёр хэлэхээр итгэдэггүй бас шоолдог болохоор тэр юм. Орой болоход Намууны бараа ер харагдсангүй. Сүндэр хэдий санаа нь зововч мотоциклны бензин дууссан тул яах ч аргагүй хүлээхээс өөр замгүй болов. Намуун хааяа ингэж алга болдог аж. Учир нь араас нь нэхэл дагал болох хүн үгүй учир дураараа хаа сайгүй өөртэйгөө ярингаа инээн явах нь олон. Балт орныхоо урд газар ор засан Уртааг хэвтүүлээд цаана нь Баагийг хэвтүүлэв. Уртаа руу харан “За миний дүү санаж байгаа биз”. Уртаа Балтын юу ярьж байгааг ойлгон толгой дохиод хэвтээд өгөв. Энэ удаа Жавзаа, Навчаа хоёр майханд орж унтжээ. Уртаа унтахгүй байхаар шийдсэн хэдий нойрондоо дийлдэн нам унтаад өгөв. Шөнө дунд болжээ. Уртаагийн хөлнөөс нэг хүн татах шиг болов. Уртаа зүүрмэглэн нүдээ нээснээ лам өвгөний захиасыг санан нүдээ тас аньчихав. Гэсэн ч өнөөх хүн татсаар Уртаа тэсэн чичирсээр Цамба гэнэт өндийгөөд:
- Чи ямар тээртэй унтдаг юм бэ. Дээш, доош хөдлөөд. Яагаад байгаа юм бэ, хүүе Уртаа. Хүүш.
- Уртаа “Цамба сэрлээ ашгүй” гэж дотроо баярлан нүдээ нээвэл өнөөх эмгэн урдаас нь халз харан “Чи майхандаа унтахгүй яасан юм бэ” гэхэд Уртаа чангаар хашгирав. Яг энэ үед л Цамба сая цочин сэрж “Цочих чинь галзуу юм уу. Яагаад байгаа новш вэ” гээд лаагаа асаав. Балт өндийгөөд “Яасан юу болов. Энд сая нөгөө эмгэн чинь байсан. Яг мөн, яг мөн сая алга болчихлоо” гэв. Гэхдээ энэ удаа Уртаа балайрч, солиорч элдэв янз болсонгүй. Ээрч мууран хэлээд гөлрөөд суучив. Балт гайхан “Миний дүү зүгээр үү. Юу хараад байгаа юм бэ.
- Юу ч биш ээ гээд хэвтээд өгөв.
Балт юмыг яаж мэдэхэв гээд Уртаагаас нүдээ салгахгүй харж байв. Сүндэр саяны чимээнээр сэрсэн хүүгээ унтуулаад “Цамба минь наад лаагаа унтраа, урсчихлаа. Энэ нэг юм хашгираад хүүхэд сэрээчих юм” гэж үглэсээр унтаад өгөв. Балт хэдий Уртааг харавч зүүрмэглэж орхижээ. Тэгтэл Балтын чихэнд халуун ч юм шиг хүйтэн ч юм шиг хүний уруул наалдах шахам дөхөөд “Чи бол алуурчин. Би чамайг хэзээ авахаар ирэхийг чи мэдэх үү” гэв. Балт хэдий унтаж байгаа ч өөрийн эрхгүй хахир тэр үгнээс цочисхийн өндийхөд хэн ч байсангүй. Тэрбээр алгаараа нүүрээ даран үрээд босон үүд рүү дөхөн савтай хүйтэн уснаас шанагадаж уугаад эргэвэл урд нь үс нь сэгсийсэн хүн зогсож байх нь тэр. Балч “Ээ бурхан минь, чи хэн бэ. Зайл майхаас” гэж хашгирахад тачиганатал инээн “Чи намайг байнга л ингэж хэлдэг биз дээ” гээд хажуугаар нь зөрөөд явахад Намуун байв. Балт орныхоо хөлд суугаад Намуун байсанд бага ч болов тайвшран “Муу новш чинь хэзээ ирсэн юм бол... Ёооё бурхан минь ямар их айв аа... Сая би сэрэхэд Намуун байгаагүй дээ. Сэрээд Уртаа руу харахад Цамбатай хэвтэж байсан даа. Галзуу хүүхэн орон дор арай” гэсэн юм бодож суухад Сүндэр сэрчихсэн:
- Чи одоо өвчтэй хүн шиг зайл гээд хэнийг хөөгөөд байгаа юм бэ?
- Намуун л байхгүй юу. Муу новш чинь хүн золтой харвуулчихсангүй.
- Юун Намуун хэн ч байгаагүй шүүдээ. Чи бүр цагаан солио тусжээ. Намайг зайл гээд байгаа юм уу, хаашаа юм . Би чамайг өндийхөд л сэрдэг чи мэднэ биз дээ. Одоо унт, унт үүр цайлаа гэх нь тэр...
Балтын царай хувхай цайн Цамбыг дуудан сэрээгээд “Ахын дүү .. алив босоод ир. Хоёулаа нэг газар юм хараадахая. Сая энд Намуун явж байсан, аливээ.. Цамба нүдээ нухлан босоод Балттай хамт гарав. Хоёул майхан шагайн харвал Навчаа, Жавзаа хоёр унтаж байв. Хот хашаа болон бүх газраар хайгаад Намууны барааг харсангүй. Цамба нойрмоглон “Ах минь ээ, юу болоод байгаа юм бэ. Намуун байхгүй байна шүү дээ. Ер нь Уртаа та хоёр тарвага агнах гэж явж ирснээсээ хойш сонин болцгоогоод байгаа шүү.
- Юу ч бишээ. Өглөө чамтай ярилцая .. Муу новш яг л мөн шиг байсан даа. Хаана нуугдчихав. Сүндэр надаас өмөөрч сая худал хэлсэн юм байх даа гэж бодоод эргээд гэртээ оров. Харин Уртаагийн хажуугаар нэг хүн хэвтэж байхыг хараад золтой зүрх нь зогссонгүй.. Цамба харин шууд очин хөнжлийг нь сөхөхөд Намуун хэвтэж байх нь тэр.
Цамба Балт руу харан “Энд ороод ирсэн л байна шүүдээ. Бид хоёрыг гадаа гарахад ороод ирж л дээ. Хүүе Намуунаа бос. Би наана чинь унтаж байгаа юм. Хүүе” гээд гараас нь угзран сэрээх гээд хөдөлсөнгүй. Балт маш их уурласан бололтой Намууныг өшиглөхөд ч сэрсэнгүй. Сүндэр орноосоо яаран босоод “Балтаа чи чинь яаж байна аа. Та хоёр хүн алчихлаа шүүдээ” гэхэд Балт айн Намууны зүрхний цохилтыг чихээ наан сонсоод сая нэг санаа амран хүйтэн хөлсөө арчив.
Өглөө болж Баагий, Цамба хоёр адуундаа явав. Уртаа юу ч болоогүй янзтай сэрснээ цочин босоод:
-Энэ муу тэнэг хүүхэн яахаараа миний хөнжилд хэвтэж байдаг билээ. Ахаа Цамба хэвтсэн биз дээ хажуугаар.
- Наад золибин чинь шөнө ирээд зүрх амаар гаргасангүй. Ингэхэд чи шөнө сонин байсан, гайгүй юу?
- Би юу. Би зүгээрээ.
- Ахын дүү төв орох уу. Ах нь зам тосъё доо. Ядаж бензингүй болчихсон байдаг.
- Би түрдээ байж байя даа ах. Аав ээж хоёр намайг ирж авах юм чинь надад санаа зоволтгүй. Балт , Уртааг шөнийн тухай юу ч ярихгүй байгаад гайхсан ч түүний царайг хараад тайвширсан уу, лам багшийн захиасыг умартаж орхив. Жавзаа охин гэрт орж ирээд:
-Навчаа өнөөх чинь энэ л байна шүү дээ. Хэзээдээ ийшээ орж ирээд хэвтчихэв ээ.
- Юу гэнэ ээ.
-Өө хөөрхий, Уртаа ахаа та Намуунтай арай суух юм биш биз дээ. Айн хэхэ... Балт, Жавзаад хандан:
-Юу гэсэн үг вэ. Энэ нэг юм шөнө дөлөөр орж ирсэн юм шиг байна. Та хоёр ирэхийг нь мэдсэн юм уу?
- Ахаа Намуунаа манай майханд шөнө орж ирээд хэвтсэн шүү дээ. Тэнэг шиг ганцаараа ярьж байгаад л унтсан. Хэзээ харин ийшээ орж ирсэийг мэдэхгүй. Балт элдвийг бодсон ч ямар ч байсан Намуун самуурч тэнэгтэж гэж бодоод тайвшрахыг хичээв. Сүндэр, Намууныг өндийлгөн хүйтэн цай ам руу нь хийж өгөн:
-Балтаа чи дахиж битгий Намууныг ад үзээрэй, би явчихна шүү. ядарсан амьтан хаагуур явж ирсэн юм джж. Бүр тамиргүй болчихож. Алив бос. Ооон дээр хэвтүүлье.
Намуун амьсгалтай хэрнээ нүд нь нээлттэй өргөхөд нэг хүнд баймгүй их жинтэй байв. Балт, Уртаа, Сүндэр гурав түүнийг орон дээр хэвтүүлээд ажилдаа гарцгаав. Адуу ч ирж унагаа барьж дуусаад гэрийн орж ирэхэд Намуун гэнэт өндийн суниагаад:
- Саалиндаа гарах цаг болчихсон байна шүү дээ. Намайг сэрээхгүй яасан юм гээд уурлах шахам хувин аваад гарч гарав... Дөрвүүлээ уг үйлдлийг гайхахын ихээр гайхав. Саяхан л мэдрэлгүй хөлс нь чийхарч байсан хүн юу ч болоогүй юм шиг гарч явсан нь нээрээ л сонин санагдав.
Балт : Энэ яг нэг гай болно оо. Амилсан чөтгөр гэж Өнөрөө хэлдэг ортой ч байж мэднэ. Хөөгөөд явуулах гэхээр Сүндэр эгч чинь халгаахгүй юм.
Баагий инээмсэглэн:
- Ахаа та хоёр өчигдөр гадаа юу хайгаад байсан юм бэ?
- Чи сэрсэн юм уу. Тэгээд гараад ирэхгүй яасан юм бэ.
- Намуун чинь хаалган дээр алдалж зогсчихоод унт гээд байсан шүү дээ. Галзуу юм яачих ч юм билээ. Би унтаад өгсөндөг..
- Намуун тэгэхээр гэрт байсан хэрэг үү?
- Та нар чинь юу яриад байгаа юм бэ. Миний урд суугаад л нэг Уртаа дээр очоод л, нэг наашаа ирээд л байсан. Шөнө ахыг хашгирахад гарсан юм байлгүй. Алга болчихсон..
- Тэгээд дараа нь яасан.
- Мэдэхгүй ээ би унтчихсан...
Чи дэс дарааллаар нь ярь даа. Баагий инээн “Яасан юм юу болсон юм. Мэдэхгүй байна аа. Ямар ч байсан миний урд сүйтгэнээд л байсан. Галзуу юмыг чинь тэгээд өвөртлөх байсан юм уу, хэхэ.... Уртаа юу ч дуугарсангүй. Балт нилээн гайхсан царайтай сууж байснаа “Цамбаа, чи дээр нэг хээр хоносон доо. Тэгэхэд яг юу болсон юм бэ”. Цамбын царай өөрчлөгдөн “Би ярьмааргүй байна аа. мартах гэж хичээж байхад гээд гараад явав. Уртаа ч мөн гараад явчихав. Цамба “Өнөрөө ямар нэгэн жигтэй юм мэдэж магадгүй” гэж бодоод сайн морио унаад тэднийх рүү хөдлөв. Хонь хэдийн нүднээс хол бэлчээд явжээ. Цамба, Баагий хоёр Уртааг хонь руу явуулчихав. Уртаа хэдий ганцаар явахгүй гэсэн ч өнөө хоёр тоосонгүй. Сүндэр ч найзыгаа босоод ирсэнд баярлан сүү сааль гээд Уртааг ч анзаарсангүй. Уг нь Балт, Сүндэрт хэлж захиж, Уртааг бүү ганцааранг нь ийш тийш явуулаарай гэсэн юмсанж. Уртаа дотроо айх хэдий ч тэгж их айх айдас нь яагаад ч юм арилжээ. Өнөө номхон морио унаад дуу аялан шогшуулсаар хонин дээрээ ирээд морио чөдөрлөөд урд нь хол алдсанаа санаад ганзгандаа уясан аргамжаагаа гарган зоогоод уячихав. Тэрбээр элдвийг бодон хэвтсээр зүүрмэглэж орхижээ. Удалгүй адуун чимээ нүргэлж хүн исгэрэх нь сонсогдож эхлэв. Уртаа өндийгөөд харвал тас харанхуй шөнө болчихсон байв. Хажуугаар нь адуу дахин морьд хамар тургилна. Уртаа гайхахын ихээр гайхаж мөн айхын ихээр айн дээш босон юу болоод байгааг үл мэднэ. Хоёр морьтой хүн дөхөж ирэн “Хээр хэвтэж байдаг яацан хүн бэ. Хөл муу юм уу. Алив сундал. Гэрт дөхүүлж өгье” гэхэд Уртаа юу ч бодолгүй хэлснээр нь мордов. Давхиж давхиж нэгэн айлын гадаа буулгаад “За бид зам эртхэн дөхье. Орой боллоо” гэв.
Уртаа сандран:
- Юу шөнө байхад орой гэдэг чинь гэж хэлсэн ч давхиад алга болчихов. Уртаа хэдий айвч гэрэлтэй ганц гэр олдсонд баярлах шиг. Мөн тэр хоёр хүн хар шөнө адуу тууж яваа нь үнэхээр таашгүй. Гэр рүү дөхвөл нохой урдаас нь ирэв. Уртаа айн арагш юманд тээглэн хэвтсэн ч өнөөх нохой харин сүүлээ шарвагануулан түүндд эрхэлж гарав. Уртааг идчих шахам долоосон нохойг цааш нааш түлхсээр гэрт ороод ёстой л зүрх нь хаагдах шахав. Гэрт өнөөх нохой дагуулж явсан эмгэн гал түлж байх ба цаад орон дээр ч хүмүүс сууж байв. Эмгэн инээмсэглэн “Чи ирчихсэн үү” гэх нь тэр”. Уртаа байдгаараа хашгирч хаалгаар гараад ухаан балартаад сэртэл .... нар дээш хөөрөн хонин сүргийнхээ голд хэвтэж байх нь тэр...
Үргэлжлэл бий...
Хард Билгүүн
Өмнөх нь
Амьд бус амьдрагсад-1 https://www.24tsag.mn/a/183289
Амьд бус амьдрагсад-2 https://www.24tsag.mn/a/183359
Амьд бус амьдрагсад-3 https://www.24tsag.mn/a/183384
Амьд бус амьдрагсад-4 https://www.24tsag.mn/a/183388
Сэтгэгдэл (1)