Энэ сарын 7-нд Улсын их дэлгүүрийн 6, 7 дугаар шатснаас болж олон зуун түрээслэгчийн хохиролыг хэн нөхөн төлөх бэ, гал түймрийн гол буруутан хэн бэ гэдэг асуулт нийгэмд үүсээд байна. Түүнчлэн гал түймрийг унтраахаар ажилласан алба хаагчдын аюулгүй байдал, шаардлагатай тоног төхөөрөмжийн хүрээлцээний асуудал мөн сөхөгдсөн. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянтай ярилцлаа.
-УИД-ийн барилгад гарлаа. Гал түймрийг унтраахад нийт хэдэн алба хаагч ажилласан бэ?
-Галын голомтонд нийт 457 алба хаагч ажилласан. Үүнээс онцгой байдлын 257 аврагч, цагдаагийн 150 алба хаагч, үлдсэн нь Ус сувгийн удирдах газар, Төмөр замын гал унтраах ангийн аврагчид байсан. Түймрийг гал гарснаас хойш 40 минутын дтор галын тархалтыг зогсоож 21.40 цагт бүрэн унтраасан.
-Гал түймэр нийт хэр талбайг хамарсан юм бол?
-Дэлгүүрийн 6, 7 дугаар давхар тэр чигтээ өртсөн.
-Аврагчид маш хүнд нөхцөлд ажилласан. Хүндрэл бэрхшээл хэр гарсан бэ?
-Гал гарсан барилга нь дундаа цонх хэлбэртэй байснаас болж аврагчид утаанд угаартаж, хордох эрсдэл өндөр байлаа. Аврагчдын хувьд хувь хүний хамгаалах хэрэгсэл, тусгай зориулалтын хэрэгслээр хангагдсан байсан. Нөгөө талаасаа аврах ажиллагааны үед ус дамжуулах хоолой галд шатаж, цоорох, барилгын дамнуургын гулдмай төмөр дээрээс нурж аврагчдыг дарах, амь насыг нь эрсдүүлэх эрсдэл өндөр байсан.
-Нөхцөл байдлыг амжилттай давж гарлаа. Буруутан хэн бэ гэдэг асуулт нийгэмд үүсээд байна. Та юу гэж бодож байна вэ?
-Ерөөсөө л хувь хүний хариуцлагагүй, болгоомжгүй үйлдэлтэй холбоотой. Дээврийн засварын ажил хийх үедээ гал алдсан байж болзошгүй. Хэрвээ засвар хийх юм бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөж ажиллах ёстой шүү дээ. Дөлөөр гагнуур хийсэн юм бол хажууд нь гал унтраагуур бариад зогсох боломж байсан. Анхнаасаа хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангасан, үгүй ядаж гал унтраагуур ойр байлгасан бол гал ийм хэмжээнд хүртлээ тархахгүй байсан. Маш олон түрээслэгчийн бараа материал шатсан. УИД-т 1000 гаруй хүн ажилладаг. Тэдний бараа материалыг хэн, яаж төлөх үү. Миний ойлгосноор “Номин холдинг” компани төлөх байх.
-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ноцто зөрчсөн үйлдэл байх нь. Уг нь түрээслэгч үүнд нь хяналт тавих ёстой биз дээ?
-Тэгэхгүй яах вэ. Тухайн түрээслэгч нь хяналт тавих ёстой.
-“Номин холдинг” компанид өмнө нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангах, галын ослоос урьдчилан сэргийлэх зэрэг шалгалт хийсэн юм уу. Шалгалт хийсэн бол яг ямар хариу гарч байсан юм бэ?
-Шадар сайд Ө.Энхтүвшиний удирдамжаар удаа дараагийн шалгалт хийсэн. Хоёр удаагийн шалгалтаар аврах гарц дээр бараа, материал хураасан. Гал унтраагуур байхгүй, доторх усан хангамж дутагдалтай, шаардлага хангахгүй зэрэг зөрчил илэрсэн. Энэ зөрчлөө арилга гэж шаардлага хүргүүлсэн. Удаа дараа шүү. Гэвч компанийн удирдлагын зүгээс төдийлөн анхаарал хандуулаагүй.
-Төлөвлөгөөт шалгалтад бүдэрсэн ААН-ийг зөрчлөө арилгатал үйл ажиллагааг нь зогсоох, акт бичих зэргээр арга хэмжээ авдаг. Ийм арга хэмжээ авсан уу?
-Энэ оны нэгдүгээр улиралд шалгалт хийж, зөрчлөө арилга гэж албан тоот явуулсан. Шалгалтын биелэлтийг ирэх намар шалгах ёстой. Хүлээлтийн байдалтай байх үед ийм зүйл боллоо.
-Газ дэлбэрсэн гэсэн. Хэдэн газ дэлбэрсэн юм бэ?
-Долдугаар давхарт нь маш олон хоолны газар үйл ажиллагаа явуулдаг юм байна. Барилгын баруун урд хэсэгт баллонтой газ дэлбэрсэн. Бусад баллоныг аюулгүй болгож амжаагүй бол барилга нурах эрсдэлтэй байсан.
-Тэгэхээр томоохон худалдааны төвүүд галын аюулгүй байдал хэр хангасан, нийтийн хоолны газрын газны хэрэглээнд томоохон шалгалтыг нэн даруй хийх хэрэгтэй гэдгийг энэ үйл явдал сануулах шиг боллоо. Төлөвлөгөөт шалгалт хэдий хэр хугацааны давтамжтай хийдэг юм бэ?
-Уг нь шалгалт тогтмол хийгддэг. Хамгийн гол нь тухайн ААН мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмж, албан шаардлагыг хэрэгжүүлэх нь чухал. Бид барилгын дотоод хэсгийг усан хангамжтай болго, аврах гарц бэлд, бэлэн байлга гэдэг шаардлага тавихаар хөрөнгө мөнгөгүй гэдэг.
-Уг нь тодорхой хэмжээний ашиг олж байж ингэж хариуцлагагүй хандаж болохгүй юмсан.
-Хэлээд, шахаж шаардаад ч үг авдаггүй газар олон байна.
-Гал түймэр унтрааж байгаа байдлаас харахад шатны хэмжээ хэтэрхий богино юм шиг санагдсан?
-Хэлээд юү гэх вэ. Урт шат авах хэрэгтэй байна. Дээр нь технологийн дэвшлийг энэ салбарт түлхүү нэвтрүүлэх нэн шаардлага байна. ОХУ-д гэхэд дроноор гал түймрийг унтрааж байна. Энэ нь дроноо нисгээд араас нь усаа шахдаг. Ийм тоног төхөөрөмжтэй болохоор зорилт тавьсан.
-Зарим улс оронд бөмбөг шиг зүйл ашиглаж гал түймрийг унтрааж байгаа харагддаг.
-Шиддэг гал унтраагаар байдаг. Их дэлгүүрийн хувьд үүнийг ашиглах боломжгүй л дээ. Учир нь цонх хагарвал гал улам эрчтэй тархах эрсдэлтэй байсан. Тиймээс манай аврагчид гал түймэр унтраахын сацуу цонх хагарахаас сэргийлж, хамгаалалтын арга хэмжээ авсан. Хэрвээ аврагчид алдаа гаргаж цонх хагарсан бол доод давхрууд шатах эрсдэлтэй байсан. Намын байр шатсан даа. Түүн шиг зүйл болох байсан.
-Зөвхөн аврагчид алдаа гаргах бус, цонх гал түймэрт халж хагарах боломжтой биз дээ?
-Боломжтой. Тиймээс аврагчид цонхнуудаа хамт хамгаалдаг.
-Та түрүүн угаартах эрсдэлтэй байсан гэсэн. Ямар тоног төхөөрөмж сайжруулах шаардлагатай байна вэ. Шатнаас гадна?
-Хүн нэг бүрийн хамгаалах хувцсыг сайжруулах, хүчилтөрөгчийн аппаратны нөөц бүрдүүлэх шаардлагатай байна.
-Аврагчдын хувцас галд тэсвэртэй байж чадах уу?
-Зориулалтын хувцас учир асуудал байхгүй.
-Цар тахал дэгдсэнээс хойш иргэд УОК-т хандив өргөсөөр байна. Нийт хэдэн төгрөг цугларсан бэ?
-Нийт 3.1 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж, 3.4 тэрбум төгрөгийн эд барааны тусламж ирсэн. Үүнийг зохих шугмын дагуу зарцуулж байна.
-Төв аймгийн Батсүмбэрт гал гарах үеэр иргэд нисдэг тэрэг авахад зориулж 1.3 тэрбум төгрөгийн хандив өргөсөн. Гэвч энэ мөнгө хүрээгүй учир аврагчдын техник хэрэгсэл, хувцас хангамжийг сайжруулахад зарцуулсан гэсэн. Үүний дараа Францын Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр нисдэг тэрэг авахаар болсон. Онгоц хэзээ ирэх вэ?
-Цар тахлаас болж хугацаа хойшилж байх шиг байна. Ирэх есдүгээр сард францын сургагч багш нар ирэх ёстой. Сургалт дууссны дараа онгоц ирнэ. Нийт гурван нисдэг тэрэг, нэг сургалтын нисэх онгоц авна.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (20)