-Монгол Улс “гэрийн даалгавраа” л сайн хийх ёстой байсан-
Европын холбооны комисс 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр “Европын холбооны санхүүгийн тогтолцоонд аюул занал учруулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай, өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт”-д Монгол Улсыг оруулсан билээ. Энэ талаар ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх Б.Мандахбилэгтэй ярилцлаа.
-Европын холбооноос 2017-2018 оны хугацаанд Монгол Улсыг “Хар жагсаалт”-д багтаасан санагдаж байна. Та тухайн үед Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж “ Хар жагсаалт”-аас гаргахад багагүй үүрэг гүйцэтгэж байсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Албан ёсоор бол “Хар жагсаалт” гэсэн нэр томъёо ер нь байхгүй юм. “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт” гэдэгт Европын холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын зөвлөл 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд Монгол Улсыг оруулж байсан удаатай. Одоо энэ улс төржүүлээд байгаа “хар жагсаалт” гэгчээс арай өөр асуудал юм. Гэхдээ гадаад бодлоготой биш, санхүүгийн салбартай энэ хоёр жагсаалт холбоотой. Европын холбоо нь 2016 оноос хойш манай Сангийн яам, Татварын ерөнхий газартай харилцаж эхэлсэн. Энэ нь Европын компаниуд татвараа багасгах, нуухын тулд гадаад руу орлогоо шилжүүлдэг таагүй үйлдлийг нь таслан зогсоох, хязгаарлан хориглох, хяналтад авахын тулд манай татварын байгууллага Европын холбооны гишүүн орнуудын татварын албадтай нягт хамтран ажиллах, тодорхой үүрэг харилцан хүлээх асуудал байсан юм. Манай улс тухайн үед асуудалд хойрго хандсаны улмаас Европын холбоо “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт”-даа” Монгол Улсыг оруулсан байдаг. Европын холбоо хэдийгээр манай сайн түнш, “гуравдагч хөрш” хэдий ч хууль дүрмээ баримтлан Монгол Улсыг энэхүү жагсаалтад оруулсан гэсэн үг. Энэ шийдвэр нь дипломат харилцааны асуудал биш, санхүү-татварын байгууллагуудын хамтын ажиллагаатай холбоотой л асуудал байсан. Энэ нь цаг хугацааны хувьд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар дөнгөж Засгийн газрын гишүүнээр томилогдоод сар гаруй болж байх үед таарсан. Тиймээс шинэхэн сайд нарын ажлаас шалтгаалсан зүйл байгаагүй. Харин ч тухайн үед Гадаад харилцааны яам санхүүгийн асуудал гэж хойш суулгүй холбогдох байгууллагууддаа галын дэмжлэг үзүүлж ажилласан. Д.Цогтбаатар сайд тухайн үед надад итгэл хүлээлгэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилон ажиллуулсан. Миний бие ч дипломат албанд 20 гаруй жил ажилласан мэдлэг, туршлагаа дайчлан сайдтай болон Европод байгаа Дипломат төлөөлөгчийн газруудтайгаа нягт хамтран ажилласан.
-“Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт”-д оруулсан гол буруутан нь хэн байсан бэ?
-Энд би хэн нэг хүний нэрийг дурдмааргүй байна. Манай тухайн үеийн эрх зүйн орчин болон банк, санхүүгийн салбар хяналт султай болоод багагүй хугацаа өнгөрсөн байсантай холбоотой.
Жагсаалтад ормогц манай яам, Сангийн яамтайгаа хамтран ажиллаж 2018 оны нэгдүгээр сарын 23-нд улсаа тэр хар жагсаалтаас бид гаргаж чадсан.
- “Хар жагсаалт”-аас гарахын тулд ямар алхмууд хийсэн бэ?
-Юуны өмнө Монгол Улс чухам гэрийн даалгавраа л сайн хийх ёстой болсон. Тиймээс Засгийн газрын тогтоол гарч Сангийн яам шуурхай ажилласан. Европын холбооны шийдвэр гаргадаг механизмыг манай ГХЯ, Брюссель дэх ЭСЯ сайн судалсан. Европын холбооны гишүүн орнуудын шийдвэр гаргагчидтай ГХЯ-ны удирдлага, Европын орнуудад суугаа Элчин сайд нар тулж ажиллаж, нааштай хандлагатай болгож, дэмжлэгийг нь авсан. Эндээс ямар дүгнэлт хийх ёстой гэвэл Европын холбоо нь манай улсад зориудаар таагүй хандаад байсандаа биш, манай хууль, эрх зүйн орчны зохицуулалт тэдний шаардлагад нийцэхгүй, дутуу байсантай л холбоотойгоор энэ бэрхшээл үүссэн. Олон улсын хоёр байгууллагад элсэж, олон улсын нэг конвенцид нэгдэн орсноор энэ “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт”-аас манай улс бүрмөсөн гарсан. Даанч Монгол Улс залгуулаад FATF-ын жагсаалтад орсон.
-Европын холбоо энэ оны тавдугаар сарын 7-нд Монгол Улсыг “Хар жагсаалт”-д оруулсан гэх мэдээллийг Монголчууд маш эмзэг хүлээж авсан. Тус холбоо яагаад Монголыг дахин хар жагсаалтад оруулах болов, шалтгаан нь юу байв аа?
-Европын холбооны комиссын зүгээс ийм шийдвэр гаргасан байна лээ. Европын холбооны “Хар жагсаалт” гэж албан ёсоор байхгүй. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдон өндөр эрсдэлтэй буюу дутагдалтай орнуудын жагсаалт л гэж байдаг. FATF-аас гаргасан жагсаалттай уялддаг юм. Монгол Улс FATF-ийн “эрчимтэй хяналтад” буюу “саарал жагсаалт”-д 2019 оны намар орсон тул Европын холбоо өөрийн жагсаалтаа шинэчлэхдээ хууль дүрмийнхээ дагуу л манай улсыг нэмэх саналыг дээд байгууллагууддаа тавиад байна. Мөн БНБУ-ын Гадаад хэргийн сайд Экатерина Захариева манай улсыг дэмжиж ажилласнаа нотлон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт ил захидал илгээсэн. Уг захидалд өгүүлснээр Монгол Улсын талаас авсан ажлууд ихээхэн үр дүнгээ өгсөн гэдгийг онцолсон байсан. Манай Сангийн яам, Монголбанк FATF-аас гарах чиглэлээр ахицтай ажиллаж, тодорхой дэвшил гаргаад буйг FATF өөрөө ч тэмдэглэж байгаа. Үүнийг харин бид холбогдох байгууллагууддаа галын дэмжлэг дахиад л үзүүлэн Европын холбоонд учирлаж ойлгуулахаар ажиллаж байгаа. Манай яам ийм асуудал дээр холбогдож, муу нэр зүүчихвий гэж арагш суудаггүй. Ханцуйгаа шамлаад ажилд ордог. Одоо ч тийм л байна.
-Тэгвэл Европын холбооны энэ удаагийн “хар жагсаалт” гэгчид оруулсан гол буруутан нь хэн бэ?
- FATF -ийн “Саарал жагсаалт”, Үүнийг Европын холбооны Элчин сайд нь албан ёсоор хэлээд байгаа ш дээ. Гэтэл Европын холбооны өмнөөс Европын холбооны шийдвэрийг зарим хүмүүс өөрөөр тайлбарлаад байгааг ойлголхгүй байгаа. Хэдэн жилийн өмнө хуримтлагдсан банк, санхүүгийн чиглэлийн олон асуудлаас болж FATF -ийн “Саарал жагсаалт”-д манай улс орсон гэж дээр хэлсэн. FATF-ийн “Саарал жагсаалт”-аас хурдан гарахын тулд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны шинэ удирдлага, Сангийн яам зэрэг байгууллагууд амжилттай ажиллаж байгаа. Ажил нь ахицтай байгаа гэсэн.
-Европын холбооны “Хар жагсаалт”-д оруулсан гээд Гадаад харилцааны сайдыг огцруулах шаардлагыг АН тавьсан. Та үүнийг юу гэж үзэж байна.
-ГХЯ-ны эрхлэх үндсэн ажлын хүрээнд “мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг байхгүй л дээ. Ер нь банк, санхүүгийн салбарын үйл ажиллагааг зохицуулан чиглүүлэх, хянах зэрэг нь Гадаад харилцааны яамны чиг үүрэгтэй огт хамааралгүй, төр засгийн өөр байгууллагуудын үндсэн чиг үүрэгт хамаардаг. Тэгэхээр Гадаад харилцааны сайдыг огцруулах шаардлага бол үндэслэлгүй юм. Европын холбооны комисс “Европын холбооны санхүүгийн тогтолцоонд аюул занал учруулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай, өндөр эрсдэл бүхий гуравдагч улс” гэсэн шийдвэрийн саналаа гаргасан, энэ нь FATF -ийн “Саарал жагсаалт”-аас л шалтгаалсан.Энэ дашрамд нэгэн жишээ дурдахад, FATF-д оруулсан шийдвэрийг Парист өнгөрөгч 5 дугаар сард гаргахад манай яамны төлөөлөгчид хуралд нь оролцоё гэхэд “гадаад бодлогын асуудал биш” гээд манай Парис дахь дипломатуудыг оруулаагүй юм шүү дээ. Гэлээ гээд бид довоо шарлуулж хойш суудаггүй. Хөшигний арын дипломат үйл ажиллагаа, хүчин чармайлтыг зогсолтгүй явуулж байдаг. Энэ нь бидний ажил юм.
Сэтгэгдэл (6)