Шүүхийн салбарт шинэчлэл хийнэ гэж уриалж лоозондсон хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Тиймдээ ч нэр бүхий 17 шүүгчийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлж Салхитийн мөнгөний ордын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Эдгээрээс нэр бүхий шүүгчийн хэрэг шүүхэд шилжиж, гэм буруугийн шүүх хурал үргэлжилж байгаа бол зарим нь бүрэн эрхээ сэргээлгээд буй.
Шүүгч нар авлига авсан гэх хэрэг нийгмийн ийн залхааж байхтай зэрэгцэн одоогоос ганцхан жилийн өмнө тамгаа хүлээж авч байсан Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, түүнийг чөлөөлсөн ч яг ямар шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөв гэдэг нууц хэвээр үлдлээ.
Х.Батсүрэн шүүгчийн хувьд Ерөнхий шүүгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ч шүүгчийн ажлаа цааш үргэлжлүүлнэ гэх. Тэгвэл түүний оронд хэн очих бэ?.
Одоогоос жилийн өмнө Дээд шүүхийн Ерөнхиий шүүгч асан, муугаар хэлбэл, хонгилын шүүгч гэж цоллуулах болсон Ц.Зориг үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байлаа. Өөрийн хүсэлтээр шүү. Түүний хувьд 2010 оноос хойш Дээд шүүхийг толгойлж ирсэн. Энэ утгаараа тус шүүхэд нэг хүний эрх мэдэл ноёлосон байсан гэж болно. Тиймдээ ч нэр бүхий шүүгч нар нь Салхитын мөнгөний ордоос эхлээд хэд хэдэн удаагийн хээл хахуулийн хэрэгт холбогдож, дуулиан тарьж байв.
Ингээд Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр гэх нэрийн дор Х.Баттулга Ерөнхийлөгч замаасаа зайлуулсан.
Үүний дараа Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, олонхийн саналаар шүүгч Д.Ганзориг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид дэмжигдсэн юм. Д.Ганзориг нь 1976 онд төрсөн, МУИС-ийн Хууль зүйн сургууль төгсөн, шүүгчийн туслахаар таван жил ажиллаж байгаад Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч болсон нэгэн. Тус шүүхэд шүүгчээр есөн жил ажиллаж, хууль журмын дагуу Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчээр томилогдон зургаан жил ажилласан хүн юм. Энэ утгаараа залуу үеийн хүчтэй төлөөлөл болсон нэр цэвэр шүүгч байв.
Гэвч шүүгч нарын эл сонголт Ерөнхийлөгч Х.Баттулгад огтхон ч таалагдаагүй. Тиймдээ ч зарлиг гаргахаас татгалзаж, дахин санал хураалт явуулсан. Ингээд Х.Батсүрэн шүүгч олонхийн санал авсан. Энэ нэр Ерөнхийлөгчид таалагдсан учир дор нь зарлиг гаргаж, түүнд тамга тэмдгийг нь хүлээлгэж өгсөн нь багагүй хардлага дагуулсан.
Ингээд нэг жилийн хугацаа өнгөрч. Энэ хугацаанд Дээд шүүхийн гараар дуулиан дагуулсан цөөнгүй орж, гарсан.
Үүний нэг нь Б.Хурц нарт холбогдох хэрэг. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж, гэм буруугийн шүүх хурал эхэлсэн ч эцэстээ хэргийг прокурорт шилжүүлсэн. Харин хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж гомдол гаргасныг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан юм. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах шийдвэр гаргаад байсан юм.
Тэгвэл эрүүдэн шүүсэн хэргээр яллагдагчаар татагдсан Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нар өмгөөлөгчдөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд хандсан байдаг. Гэвч Дээд шүүхийн шийдвэрийн дагуу хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцэхээр болсон.
Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар эл хэргийг буцаасан нь зарим улстөрчдөд таалагдаагүй байх талтай гэж буй юм.
Тиймдээ ч Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд шахалт үзүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл бий.
Юутай ч, Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаанд ийнхүү Дээд шүүхийн хоёр ч Ерөнхий шүүгч өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Одоо тус шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаа зарлаж нэр дэвшигчдийг тодруулж санал хураалт явуулах ёстой. Эндээс хэн нэр дэвшиж, хэн хамгийн өндөр санал авах бол гэдэг их сонирхолтой асуудал өрнөнө.
Учир нь Улсын дээд шүүхийн гурван шүүгчийн бүрэн эрхийг Ерөнхийлөгч Х.Баттулга түдгэлзүүлсэн. Тэднийг Салхитын мөнгөний ордтой холбогдох хэргээр гэм буруугийн шүүх хурал зарлаж, шүүх хурал ид үргэлжилж буй.
Өөрөөр хэлбэл, Дээд шүүх нийт 25 шүүгчийн бүрэлдэхүүнтэй байхаас одоогоор 19 шүүгчийн бүрэлдэхүүнтэй өдөр тутмын ажлаа үргэлжлүүлж байна. Харин хоёр шүүгчийн сул орон тоог Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарлаж, шалгалтаа авсан. Тун удахгүй хариуг гаргаж, нэрсийг Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлах ёстой.
Тэрбээр нэрсийг таалан болгоовол Дээд шүүхийн шүүгч нарын бүрэлдэхүүн бүрдэх тал руу орно. Гэхдээ энэ процессийг хүлээх үү, эсвэл наана нь Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг тодруулах уу гэдэг одоогоор тодорхойгүй.
Гэвч нэг зүйл тодорхой. Энэ нь Д.Ганзориг шүүгч дахин нэрээ дэвшүүлэхгүй байх. Учир нь өмнө нь нэг удаа олонхийн санал авч, түүнийг нэрийг Ерөнхийлөгчид уламжилсан ч зарлиг гаргахаас Х.Баттулга Ерөнхийлөгч эрс татгалзсан. Тиймдээ ч дараагийн нэр дэвшигч буй Х.Батсүрэнг маш хурдан хугацаанд тодруулж, батламжилж байв. Энэ утгаараа Дээд шүүхээс ялангуяа цаг үе ороо бусгаа ийм үед нэрээ дэвшүүлээд өрсөлдөх зоригтой шүүгч гарч ирэх нь юу л бол.
Харин "нийгмийн захиалга" нэрээр халхавчилсан Ерөнхийлөгчийн томилгооны хүн нэр дэвшиж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Яг ийм тохироо хэдийнэ өрнөөд эхэлсэн гэдгийг ч учир мэдэх хүмүүс хэлэх боллоо.
Г.Нацаг
Сэтгэгдэл (14)