Монголбанкны ахлах эдийн засагч Н.Батжингаас валютын ханшны асуудлаар тодруулснаа хүргэе.
-Валютын ханш нэмэгдсээр байна. Тухайлбал, ам.долларын ханш 2800 давсан байна. Мэдээж үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эрсдэлтэй. Монголбанкны зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Монголбанкнаас эдийн засгийн нөхцөл байдал болон коронавирусний цар тахалтай холбогдуулан тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна. Валютын ханшийн хүрээнд богино хугацаанд тогтворжуулах чиглэлээр арга хэмжээ авч байна. Валютын ханшийг хүчээр барьснаар мөнгөний бодлогын хараат бус байдал, мөнгөний урсгалыг хязгаарлах эрсдэл бий болдог. Тиймээс Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг тодорхойлж энэ хүрээнд ажилладаг учраас урт хугацаандаа бол валютын ханш хөвөх дэглэмтэй. Дээрхийг золиослохгүйгээр хэрхэн арга хэмжээ авах талаар богино хугацааны хэлцлийг тогтворжуулах арга хэмжээ авсан. Тухайлбал, банк хоорондын захад валют нийлүүлэх, банкны ирүүлсэн хүсэлтийн дагуу валютын дуудлага худалдаа зохион явуулж байна.
-Цаашид валтын ханшны хэлбэлзэл ямар байх бол?
-Монголбанк гадаад худалдааны бодлогыг тодорхойлдоггүй. Зөвхөн мөнгөний бодлого хэрэгжүүлдэг учраас валютын ханшны оролцоо тодорхой хэмжээнд байдаг ч энэ нь зөвхөн богино хугацаанд хэрэгжих боломжтой. Урт хугацааны бодлого хэрэгжүүлье гэхээр бидний эрх мэдлээс даваад явчихдаг учраас аль болох хийж хэрэгжүүлж болох хүрээнд анхаарч ажилладаг юм. Юанийн хувьд харьцангуй тогтвортой байна. Харин ам.долларын хувьд өөрчлөлт гараад байгаа гол шалтгаан нь Монгол Улс руу орж ирэх валютын ханш багассантай холбоотой. Өөрөөр хэлбэл, экспортын бүтээгдэхүүн багассан. Нөгөөтээгүүр, экспортын хэмжээ багассан ч импортын хэмжээ хэвээр байна. Валютын орох урсгал татарсан ч гарах урсгал экспортын хэмжээ шиг буураагүй учраас гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гараад байгаа юм. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт дийлэнх нь буурсан.
-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан улс орон бүр хүнд байдлыг даван туулах арга зам эрэлхийлж байна. Энэ нь мөн гадаад хүчин зүйлд нөлөөлж байгаа байх?
-АНУ сүүлийн үед валтын ханшин дээрээ нэлээд тоглолт хийж байна. Ялангуяа бодлогын хүүгээ бууруулаад ирэхээр тус улсад валютын урсгалын эрэлт нэмэгдээд ирж байгаа юм. Дан ганц АНУ гэлтгүй дэлхийн ихэнх улс ийм байна. Эдийн засгийн хүнд байдалд орсон учраас аль болох гадагшаа хөрөнгө урсгахгүйгээр дотооддоо эргэлдүүлэх бодлого барьж байна. Улмаар манай улс руу ирэх валтын ханш буурсан учраас гадаад болон дотоод хүчин зүйл аль аль нь саармагжиж байна. Энэ нь валютын ханшид нөлөөлж байна гэж ойлгож болно.
-Манай улс бодлогын хүүгээ хоёр хувиар бууруулсан. Зарим эдийн засагчдын зүгээс бодлогын хүүгээ дахиад бууруулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Энэ боломжтой юу?
-Бодлогын хүү чангарах үед валтын ханшийн өсөлтийг хязгаарлаж өгдөг юм. Тухайлбал, 2016 оны төгсгөл 2017 онд валтын ханш чангарч байхад Монголбанкнаас бодлогын хүүгээ огцом нэмэгдүүлсэн. Энэ үед валютын ханш огцом нэмэгдээд ирсэн учраас бодлогын хүүг нэмэх арга хэмжээ авсан юм. Хэрэв бодлогын хүүг бууруулбал, дам нөлөөгөөр хадгаламж зээлийн хүүнд нөлөөлөөд төгрөгийн ханш буурахад хүрдэг. Улмаар гадаад валтын эрэлт өсдөг юм. Энэ нь богино хугацаанд валтын ханшийг өсөхөд хүргэдэг учраас бодлогын хүүг бууруулж валтын ханшийг хязгаарлана гэдэг өрөөсгөл ойлголт.
-Мөн валютын ханш нэмэгдэх нь иргэд зохиомол эрэлт үүсгэсэнтэй холбож тайлбарладаг. Иргэдийн зүгээс валют худалдан авах нь хэр байна вэ?
-Валютын эрэлт өмнөх шиг огцом нэмэгдээгүй. Зах зээл дээр эргэлдэх мөнгөний хэмжээ ч мөн адил буурсантай холбогдуулан иргэлийн гар дээрх мөнгө буураад эхэлсэн. Айл өрхийн санхүүгийн байдалтай холбогдуулан доллар худалдаж авах эрэлт байх боломжгүй. Нөгөөтээгүүр, нийлүүлэлт талаасаа валтын дутагдал үүсээд байгаа дүр зурагтай байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)