Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд зодож алсан, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шүүгдэгч Г.Л-д холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 19-ний өдөр шүүх хэлэлцэж, бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Л нь өмнө нь гурван жилийн хорих ялаар шийтгүүлж, ялаа биечлэн эдэлж байх хугацаандаа засарч хүмүүжсэн гэх үндэслэлээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар 1.3 жилийн өмнө тэнсэнгээр суллагдаж цагдаагийн байгууллагын хяналтанд байсан юм байна.
Улмаар шүүгдэгч Г.Л нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэж хянан харгалзсан хугацаанд өөрийн төрсөн эгч Р.Г-н хүү болох бага насны буюу гурван настай Г.Г-г “Томоотой суу, хоолоо идсэнгүй, тоглолоо” гэх шалтгаанаар нуруун тус газарт нь гар утасны цэнэглэгчээр ороолгож, гар болон хөлөөрөө түүний гар, хөл, бие рүү нь цохиж, өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байжээ. Ийнхүү удаа дараа зодож хүчирхийлсэн байна. Ингээд энэ оны хоёрдугаар сарын 8-ны орой Төв аймгийн Зуунмод суманд байх гэртээ байх үеэрээ гурван настай зээ дүүгээ толгойн тус газарт нь гараараа зодож, амь насыг нь хөнөөсөн байна.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр “тархины аалзан хальсан доорхи цус харвалт, цусан бүлэн, хуйханд цус хуралт, духанд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцралт, хүзүүнд зулгаралт, баруун ташаан толгой, баруун дунд чөмөгний толгойд цус хуралт, баруун гуянд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, баруун хөлөнд цус хуралт, баруун өвдгөнд цус хуралт, нурууны зүүн талд цус хуралт, зүүн ташаан толгойд цус хуралт, зүүн өгзгөнд цус хуралт, зүүн гуянд зүүн шилбэний гадна хэсэгт цус хуралт” бүхий олон тооны гэмтэл учруулж алсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзэж түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан болно.
Түүнчлэн талийгаач нь бага насны, хэл ярианы хөгжил муутай, биеэ хамгаалах чадваргүй, талийгаачийн ээж Р.Г нь 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, сэтгэцийн хүндэвтэр зэргийн хомсдолтой учраас хүүхдийнхээ эрхийг хамгаалах, хүүхдээ асран хамгаалах боломжгүй, хүүгийн ээж нь хойт эцгийн асран хамгаалалтад байдаг, шүүгдэгч Г.Л-ын хамтран амьдрагч нь найман сартай өөрийн хүүхэд мөн талийгаачтай хамт амьдардаг боловч шүүгдэгчийн хатуу ширүүн, догшин зан авираас айж эмээн, цагдаагийн байгууллагад талийгаачийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаар тухай бүрт нь мэдэгдээгүйгээс дээрх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж шүүх хуралдааны тэмдэглэлд дурджээ.
Сэтгэгдэл (5)