-Таны ах, АТГ-ын анхны дарга асан Б.Дангаасүрэн гуай бурхны оронд очоод арван гаруй жил болж байна. Үхлийн шалтгаан учир битүүлэг гэдгээс эхлээд шүүх шинжилгээний багийн задлан хийсэн өдөр зөрүүтэй гээд эргэлзээтэй олон зүйл байдаг юм билээ. Тухайн үед ямар процесс болсон юм бэ. Ар гэрийнхний зүгээс энэ хэргийн араас хэр явж байна вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
-Энэ хэргийн гаралт анхнаасаа зохион байгуулалттай болох нь харагддаг. Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцэх олон улсын бага хуралд манай улсаас зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох болоход ах ахалсан. Авсрали Улсын Сидней хотод арванхоёрдугаар сарын 23-ны өдөр очоод 24-ний шөнө буюу 25-ны 06.15 минутад нас барсан. Нас барсан мэдээллийг анх хамт явсан Б.Энхтуяа гэж эмэгтэй “Дарга зочид буудалд нас барлаа” гэж АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Сундуйсүрэнд өгсөн байдаг. Би газар дээр нь ес хоногийн дараа очиход зочид буудалд биш айлд хонохдоо нас барсныг олж мэдсэн. Анхнаасаа Монголын төрд зохион байгуулалттайгаар ташаа мэдээлэл өгсөн нь төрийн албан хаагчийн хувьд ёсзүйгүй, хариуцлагагүйг харуулж байгаа юм.
-Ямар шалтгаанаар нас барсан юм бол. Тухайн үед нас барсан шалтгааныг олон янзаар тайлбарлаж байсан?
-2007 аравдугаар сарын 25-ны 06.15 минутад амьсгал хураасан гэж Австралийн Шүүхийн шинжилгээнээс дүгнэлт гаргасан. Энэ хооронд учир нь ойлгогдохгүй олон зүйл болсон. Хоносон айлын эзэн нь Түвшинжаргал, эхнэр нь Эрдэнэцэцэг гэж эмэгтэй байсан. Ахыг амьсгал хураасны олохдоо сандарсандаа массаж хийсэн гэсэн. Дуудлага өгөхгүйгээр шүү дээ. Үүнээс эхлээд эргэлзээтэй олон зүйл бий. Нас барсан шалтгааныг Австралийн талаас зүрхний цусан хангамжийн дутагдлаас болж нас барсан, 5-6 хавирга хугарсан гэсэн дүгнэлт гарсан. Харин Монголын талаас долоон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийг удирдах газрын дарга, Монгол Улсын хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор Л.Жамбалжав ахлаж задлан хийсэн. Эндээс тархины цусан хангамжийн дутагдлаас болж нас барсан гэсэн өөр хариу гарсан. Энэ дүгнэлтийг би хуурамч гэж үздэг.
-Ямар үндэслэлээр хуурамч гэж үзэж байгаа юм бэ?
-Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр би ахынхаа цогцосыг Монголд авчрахад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт аль хэдийнэ гарчихсан байсан.
-Шүүх эмнэлгийн шинжилгээг урьдчилж хийсэн гэсэн үг үү?
-Тийм л болж таарч байна. Уг нь цогцост задлан хийж байж дүгнэлт гаргах ёстой биз дээ. Гэтэл арваннэгдүгээр сарын 1-ны өдөр шүүх эмнэлгийн эмч нар задлан хийсэн дүгнэлтийг арванхоёрдугаар сарын 11-ний өдөр надад өгсөн.
-Тэр үед нь та асууж тодруулсан уу?
-Гэртээ очоод л мэдсэн. Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр задлан хийж хариу нь арванхоёрдугаар сарын 11-ны өдөр гарлаа гэсэн 1177 гэсэн тоот акт байхаар нь би их цочирдсон. Учрыг нь асуутал “Бидний гаргасан дүгнэлт зөв” гэхээр нь Улсын ерөнхий прокурорын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Одтой уулзаж “УИХ-аас надад энэ тийзийг бичүүлж өгсөн. Аравдугаар сарын 29-нд Австрали явсан, Монголд арваннэгдүгээр сарын 3-ны өдөр ирсэн тийз энэ байна” гэж үзүүлэхэд бүгдээрээ гайхацгаасан. Тэгээд нэлээд хэдэн хүнтэй уулзаж, асуудал тавьсан ч шийдэгдээгүй.
-Гуравдагч шинжээчээр задлан хийлгэсэн үү?
-Ямар ч тийм боломж байгаагүй. Уг нь шарилыг нь гаргаж ирээд шинжилгээ хийе гэсэн. Гэхдээ надад тийм сэтгэлзүйн бэлтгэл байгаагүй учир татгалзсан. Тэгээд ч Австралийн шинжилгээний дүгнэлтийг үнэнд бага боловч дөхсөн болов уу гэж боддог. Монголын дүгнэлт хоёр сарын дараа гарсан. Энэ хооронд “Австралийн дүгнэлт ирсэн үү” гэж байнга асуудаг байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт бэргэн эгчийн нэр дээр ирсэн ч би “Ирээгүй” гээд нуучихсан.
-Яагаад?
-Хоёр шинжилгээний хариу хоорондоо таарах нь уу, үгүйг шалгах гэж тэр. Нэг өдөр Л.Жамбалжав эмч намайг дуудаад “Шүүхийн шинжилгээний үндэсний төв”-ийн акт гардуулсан. Тэгэхэд л шүүх эмнэлгийнхэн задланг түрүүлж хийсэн дүгнэлт гаргасныг мэдсэн. Үүнээс гадна бас нэг эргэлзээтэй зүйл бий. Ахын шарилыг арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Монголд авчраад хоёрдугаар эмнэлгийн шарил хадгалах газарт хадгалуулсан юм. Маргааш нь задлан шинжилгээ хийх үеэр Ховд аймагт шүүгчээр ажилладаг дүүгээ оруултал “Ахын нүдийг ухаад авчихсан байна” гээд гарч ирсэн.
-Та Австралийн шүүх эмнэлгээс цогцос хүлээж авахдаа шалгасан биз дээ?
-Цээж хэсгийг нь ил гаргаад бусад хэсгийг нь цагаан даавуугаар ороосон байсан. Шалгахад үсийг нь самначихсан, царай төрх нь хэвийн байсан. Яг хаана, аль эмнэлэгт нүдийг нь авсан нь тогтоогдоогүй. Яагаад гэвэл Австралиас “Нүдний талаар бидэнд өгөх ямар нэгэн мэдээлэл байхгүй” гэсэн хариу хоёр удаа ирсэн.
-Хавирга хугарсан нь ямар учиртай юм бол. Зодуулсан юм болов уу?
-Олон улсын хуралд оролцож байгаа хүн хэн нэгэнтэй зодолно гэж байхгүй. Механик үйлдлээс болж хугарсан болов уу.
-Австралид Түвшинжаргал гэж айлд хонохдоо амиа алдсан гэлээ. Ямар учраас айлд хоноглосон юм бэ?
-Би нууцалж явсан зарим зүйлийг дэлгэе. Авлигатай тэмцэх олон улсын бага хуралд улсаа төлөөлж оролцох оролцогчдын талаарх бичгийг Тамгын газрын дарга Д.Алтангэрэл Австрали руу факстсан атал төд удалгүй цуцалсан байдаг. Хамт явсан хүмүүсийн хэлснээр “Буудалд байрлах эрхээ цуцалсан. Хоёр айлд гурав, гурваараа хуваагдж байрлана” гэж хэлэхэд ах уурлаад “Та нар айлдаа байрла. Би олон улсын төлөөлөгчид буусан буудалд бууна” гэж хэлж. Австралид очтол буудал нь цуцлагдсан тул Түвшинжаргал гэж айлд Доржпалам, Энхтуяа, ах гурав аргагүйн эрхэнд очсон юм билээ. Ингээд эхний өдөр хуралд суучихаад орой нь босоо хүлээн авалтад оролцож. Дараа нь нөгөө айлдаа нэг шил вино хувааж уугаад 24-ний оройн 00.00 цагийн үед унтацгаасан гэсэн. Гэхдээ тэдний ярьсан бүхэн худлаа юм шиг санагдсан. Яагаад гэхээр Түвшинжаргалын коллежид сурдаг охиноос юу болсныг асуухад охин “03.00 цаг хүртэл хичээлээ хийсэн. Танай ах шөнө 2-3 удаа босч бие зассахдаа хана тулж явсан” гэж хэлсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр ахаас их хэмжээний алкоголь илэрсэн. Гэтэл хамт явсан хүмүүс огт уугаагүй гэж хэлсэн. Өглөө 05:00 цагийн үед банны өрөөнд унчихсан байсныг гэрийн эзэгтэй олоод бусдыгаа дуудахад бие нь хөшөөгүй байсан гэсэн.
-Австралид задлан хийх үеэр хамт явсан хүмүүсээс нь орсон юм болов уу?
-Би даралт ихтэй, аймхай гээд хэн ч ороогүй юм билээ.
-АТГ-ын дарга асан Б.Дангаасүрэн нас барснаар хэнд ашигтай байв. Тухайн үед энэ байгууллагын үйл ажиллагаа нэг их эрчимжээгүй, шуугиан тарьсан хэрэг дээр бараг ажиллаагүй байсан санагдана?
-Байгуулагдаад нэг жил болохдоо 80 гаруй хэргийг АТГ рүү шилжүүлсэн гэж сэтгүүлчид бичсэн. Үхлийн шалтгааныг Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъяан гуай “Б.Дангаасүрэн нас барсан шалтгаан нь сэтгүүлчийн асуусан анхны асуулт байлаа” гэж бичсэн. Өөрөөр хэлбэл “Та АТГ-ын анхны даргаар томилогдлоо. Ажлаа юунаас эхлүүлэх вэ” гэж сэтгүүлч асуухад “Авлигатай тэмцэхийн тулд оройноос нь эхлэж шалгана” гэж ах хариулсан байдаг. Орой гэдэг Ерөнхийлөгч Н.Энхбаяраас эхлээд Ерөнхий сайд, УИХ-ын даргыг шалгана гэсэн санаа. Жамъяан гуай “Энэ хүн ингэж хариулсан учраас нас барсан” гэж бичсэн.
-Та ахынхаа үхлийн учир шалтгааныг тодруулахаар Ерөнхийлөгч, УИХ-аас эхлээд холбогдох байгууллагад цөөнгүй удаа асуудал тавьсан. Ямар хариу ирсэн бэ?
-“Нүд алга болсон, шүүх эмнэлгийн дүгнэлт хуурамч, 5-6 хавирга хугарсан гээд олон эргэлзээтэй зүйл байгаа учир үүнийг тодруулж өгнө үү” гэж төрийн бүхий л байгууллагад хандсан. Улсын ерөнхий прокурорын газрын үе үеийн дарга нарт бичиг илгээсэн. Харамсалтай нь, тодорхой хариу өгөөгүй учир олон улсын байгууллагад хандахаар төлөвлөсөн. Дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүсэлт гаргана.
-Ахын тань үхэлд гаднын нөлөө бий гэж та үздэг гэсэн үг үү?
-Гаднын нөлөө бий. Жишээлбэл, зүрхний шигдээс буюу уургийн дутагдлаар нас барсан гэж Австралийн дүгнэлт гарсан даа. Уураг яагаад дутагддаг вэ гэхээр хүчтэй хордуулагчийн нөлөөгөөр уургийн дутагдалд ордог. Энэ утгаараа ямар нэг нөлөө бий.
Г.Маргад
Сэтгэгдэл (13)