Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор холбогдох албаны шийдвэр гараагүй байхад худалдааны төв, зах, дэлгүүрүүд хаагдана гэсэн албан бус мэдээлэлд итгэн их хэмжээгээр бараа, бүтээгдэхүүн нөөцлөх, гэнэтийн худалдан авалтуудыг хийх явдал иргэд, хэрэглэгчдийн дунд өнөөдрөөс эрс нэмэгдлээ.
Энэхүү үүсээд буй нөхцөл байдлыг далимдуулан зарим худалдааны төв, дэлгүүрүүд бараа, бүтээгдэхүүний үнээ өсгөсөн хариуцлагагүй үйлдлүүдийн талаар “Хэрэглэгчийн мэдээллийн 1284” төвийн 1800-1284 утсанд иргэд, хэрэглэгчдээс мэдээллийг ирүүлж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зах худалдааны төв, дэлгүүрүүдийн бараа, бүтээгдэхүүний нөөц, нийлүүлэлтийн нөхцөл байдлыг судлан тогтоох ажлын хэсгүүдийг яаралтай томилон ажиллуулж байна. Янз бүрийн байдлаар үнэ нэмсэн байгууллага байвал аж ахуйн нэгжид таван саяас 20 сая хүртэлх торгууль ногдуулж, хариуцлага тооцуулна. Зөрчлийн тухай хуулиар торгууль оногдуулахаас гадна аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.
Сэтгэгдэл (1)