Ази, Номхон далайн орнуудын боксчдод “Токио-2020” олимпын эрх олгох тэмцээн ирэх сарын 3-наас 11-ний хооронд Йордан улсын нийслэлд болох бөгөөд манай боксчид өнөөдөр өглөө буюу энэ сарын 26-нд Амман хотноо очсон байна.
Уг тэмцээнд Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат Д.Батсүрэн тэргүүтэй нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно.
Сонирхуулахад, олимпын эрх олгох уг тэмцээнийг БНХАУ-ын Ухань хотноо зохиогдох байсан ч коронавирусын тархалтаас болж цуцлагдсан юм байна.
Ташрамд сонирхуулахад, Монголын боксчид 1972,1976, 1980, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 оны олимпын наадамд нийт 11 удаа хүчээ сорьж нэг алт /Э.Бадар-Ууган/, 2 мөнгө /П.Сэрдамба, Н.Төгсцогт/, 4 /Н.Энхбат, Н.Баярсайхан, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай/ хүрэл медаль хүртэж байжээ.