Уг нь түүнийг Төрийн тэргүүн, айл өрхөөр төлөөлүүлбэл Монгол Улсын “аав” болно гэж хэн ч төсөөлөөгүй явсан цаг бий. Ялангуяа улс төр, нийгмийн хүрээнд. Улс төр төдийгүй нийгэмд 17 чингэлэг спирт, өмч хувьчлалын сүүдрээр “Баянгол” зочид буудал, “Мах импекс”-ийг өөрийн болгосон хийгээд төрийн сайд, Засгийн газрын гишүүнээр хоёрантаа ажиллахдаа төмөр зам замхруулсан хэрэг гээд олон арван хариулт нэхсэн асуултыг архивтаа нэмж, арвижуулж явсан болохоор.
Гэвч тэрбээр энэ бүх эргэлзээ төрүүлсэн, хууль хяналтын байгууллагын хаалга татах хүртлээ асуудал үүсгэсэн хардлагыг тас цохиж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь 2017 оны долдугаар сард болсон үйл явдал.
“Монгол Ялна” уриаг сонгуулийн тугаа болгож, сошиалаар хангалттай цацсан тэрбээр одоо ч энэ байр суурьтаа хэвээр байгааг хэлсэн үг, хийж байгаа үйлдлээрээ хангалттай харуулж байна.
Ингэж бичсэнээрээ түүний нийгэм, улс төрийн хүрээнд урд хожид хийсэн, өрнүүлсэн, зорьсон, магадгүй алдсан үйл хэргийг шүүж дэнслэх гэсэнгүй.
Харин өдгөөгөөс хоёр жилийн өмнө “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн босгон дээр тэрбээр өөрийн ээжийг Төрийн ордонд урьж, хүндэтгэл үзүүлсэн нь яах аргагүй анхаарал татах сэдэв болж байв. Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат 92 насыг зооглож буй Цагааны Должинсүрэн хэмээх буурай ч саарал ордонд цугласан өндөр настнуудын дундаас Ерөнхийлөгчийн ээжийн хувиар хойморт заларч, төр, засгийнхаа хүндэтгэлийг хүлээсэн нь шороон нохой жилийн онцлох үйл явдал болж байлаа.
Ээжтэй байх сайхан. Амьдад нь баярлуулах бүр сайхан. Тэр тусмаа ах, дүү, хамаатан саднаараа тойрон бүчүүлчихээд амар мэндээ асууж, айл хөрштэйгөө он цагийн хэлхээсийг хуучлах нь ахмад настай хүнд тэр бүр олдох боломж биш. Зөвхөн Цагаан сараар төлөөлүүлж яривал шүү дээ. Үүн шиг 2004 онд Эх орон намаас гарч Ардчилсан намд элсэн УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2006 оноос Монголын Жүдо Бөхийн Холбоог удирдаж, 2008 оноос Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, 2017 оноос Төрийн тэргүүнээр ажиллаж байгаа хүүтэйгээ бус Монгол Улсын Ерөнхийлөгчтэй эх хүний хувиар золгох нь хүн болгонд барагтаа олдохгүй ховор хувь заяа болов уу.
Хүүхэд эрийн цээнд хүрч хэдий чинээ том хүн болсон ч ээждээ өнөөх л багын төрхөөрөө харагддаг, хайрлагддаг гэдэг.
Гагцхүү хүүхдийнхээ зорьсон бүхнийг амжилттай хийж, бүтээж, хэрэгжүүлж байгааг нь хараад баярладаг, ачийг хариулж байна гэж боддог, залбирдаг юм гэнэ лээ. Бизнесээс улс төр рүү үсэрч, бүр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажилласан Ц.Должинсүрэн гуайн хүү Х.Баттулга Төрийн тэргүүний хувиар ээждээ хүндэтгэл үзүүлсэн нь хүн болгонд олдоод байхгүй боломж. 2008 онд Бээжингийн олимпоос анхны алтан медалтан, Лондонгийн олимпоос мөнгө, хүрэл, 2013 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны эмэгтэй дэлхийн аварга, Унгар, Будапештаас хоёр дахь аваргыг “өлгийдөн” авсны дараа холбооны ерөнхийлөгч Х.Баттулгаас гадна түүний ээж Ц.Должинсүрэн гуай илүү баярлаж, хүүгээрээ бахархсан байж таарна.
Үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ээжийгээ магадгүй аавыгаа саарал ордонд урьж, төрийн нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлж байсан түүх бий үгүйг хэлж мэдэхгүй. Гагцхүү коронавирусийн халдвараас үүдсэн хөл хорио, хаа хаанаа хариуцлагатай байж, Сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхыг уриалах болсон энэ цаг үед "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгэнд нас сүүдэр 94 хүрч яваа ээждээ Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүний бус цоохор дээлтэй хүүгийн хувиар золгох нь.
Г.Эрхэс