“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нийт ажиллагсдынхаа цалинг энэ онд хоёр дахь удаа нэмж байна. Өнгөрсөн сард тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн бүх цех нэгжийн ажилчидтай уулзах үеэрээ оны эхний 9 сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үр ашиг, төлөвлөгөөний биелэлтийн үр дүнг тооцон, цалин нэмэгдүүлэхээ мэдээлсэн. Тэгвэл энэ шийдвэр бодитоор хэрэгжиж, 10 дугаар сарын 1-ний өдрөөс Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын цалинг 10 хувиар нэмж буйг энэ сарын 17-ны өдрийн А/938 тоот тушаалаараа баталгаажуулсан байна.
Ингэснээр үйлдвэрийн нийт ажилтны үндсэн болон тарифт цалин 10 хувиар нэмэгдэж, үндсэн цалингийн нэгдсэн сүлжээ шинэчлэгдэж байгаа юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-той хамтран хэрэгжүүлдэг Хамтын гэрээний 3.1, 3.4-т тусгасан ажилтнуудын бодит орлогыг нэмэгдүүлэх заалтууд биеллээ. Тус үйлдвэр энэ оны 5 дугаар сарын 1-ний өдөр ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлж байв.
М.Балжинням