Сүхбаатарын талбайг тойруулж байрлуулсан боржин чулуун хаалтыг нийслэлийн төсвийн 100 гаруй сая төгрөгөөр хийсэн талаар хотын дарга мэдэгдсэн. Тэрбээр “Сүхбаатарын талбай, Төрийн ордон руу машинтайгаа асуудал гарч байсан. Иргэд олноороо зорчдог газрын аюулгүй байдлыг хамгаалах нь чухал. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах чиглэлээр 100 сая төгрөгийн төсөв гарсан. Уг ажлын Төрийн тусгай хамгаалалтын газраас хариуцаж хийсэн. Одоо хэлбэр хийц дээр нь анхаарна” гэсэн юм. Тэгвэл өнгөрсөн тавдугаар сарын 27-нд Ерөнхийлөгч Х.Баттулгад Элчин сайд нар “Итгэмжлэх жуух бичиг” гардуулах ёслолын үеэр иргэн Б.Цэгмэд жижиг оврын “Nissan” маркийн /амьжиргаа цагаан/ ачааны машинаар Сүхбаатарын талбайн гол руу дайрч орсон асуудал үүссэн. Мөн өнгөрсөн оны байдлаар дэлхийн хэмжээнд олон нийтийн талбай руу машинтайгаа 17 удаа дайрч орсон асуудал гарч, уг хэргийн улмаас 159 хүн нас барж, 200 гаруй хүн гэмтэж, бэртсэн гэсэн судалгаа гарснаас үүдэж ийм шийдвэр гаргасан аж.
Тэгвэл эл асуудалтай холбогдуулан Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд тайлбар өглөө. Тэрбээр "Сүхбаатарын талбайд Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнээс эхлээд жагсаал цуглаан, баяр ёслол зэрэг олон арга хэмжээний үеэр олон хүн цуглардаг. Энэ утгаарааа аюулгүй байдлыг хангах үүднээс чулуун хаалт байрлуулсан. Чулууг дөрвөлжин хэлбэртэй тавьснаар суурь сайтай, хөдөлгөөнгүй болж байгаа юм. Америк, Орос, Герман, Япон гэх мэт олон орны Төрийн ордны дэргэд дөрвөлжин хэлбэртэй чулууг байрлуулсан байдаг. 2016 оноос яригдсан. Одоо л ажил хэрэг боллоо. Сүхбаатарын талбайгаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, автомашин хулгайлсан хүн зугатаж явахдаа жуулчин мөргөсөн, жагсаал цуглааны үеэр автомашин шатаах гэж оролдсон зэрэг хэрэг гарч байсан" гэсэн юм.
Харин хотын Захирагч С.Амарсайхан "Энэ хэлбэрээр нь хүлээж авах гэхээр шаардлага хангахааргүй байна. Загвар, дизайныг хотын онцлогтой уялдах шаардлагатай. Харагдах байдлыг нь ахиад зас. Нийслэлээс төсвөөс хөрөнгийг нь гаргасан. Загвар дизайныг нь хариуцаж хийсэн газар дахин сайжруул" гэлээ.