Монголын төрд ой санамж, залгамж халаа гэж байх ёстой. Зөвхөн одоо тодотгоод байгаа юм биш. Өмнө нь ч байсан, өнөөдөр ч хөндсөөр байгаа асуудал. Үүнийг илтгэсэн нэгэн үйл явдал одоогоос таван жилийн өдийд саарал ордонд өрнөж байв. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах сөрөг хүчний албан бичиг, парламентад олуулаа АН-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр биеллээ олсон нь энэ. Үнэндээ тэр үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг шиг муу хүн байсангүй. Түүнийг л огцруулчихвал бүх асуудал ямар нэгэн хаалтгүй явна гэдгийг сөрөг хүчин тэргүүтэй АН-ын гишүүд онцолж байлаа.
Өргөс авчихсан юм шиг амьдрал сайжрахыг хэлж байв. Ахлах зөвлөхийг нь нүүрсний, хүргэн гэх Г.Дэнзэнг нь тендерээс мөнгө идсэн гэх хэргээр “яллаж”, эцэстээ намынхаа түүхэнд хамгийн удаан ажилласан Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрыг АН өөрсдөө хөнтөрсөн нь өдгөө түүх болон үлджээ.
Түүнээс хойш юу өөрчлөгдөв. Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгээр сольсон. Сөрөг хүчин МАН Засгийн газарт хамтарсан. Үүнээс хойш, түүнээс цааш юу болов. Эрдэс баялгийнхаа нөөцөөр дэлхийн тавцанд томоохон тоглогч болж асан монголчууд боломжоо алдсан. “Hotel Mongolia” болтлоо нэр хүнд нь буурсан. “Эдийн засаг” хэмээн гурвантаа тодотгосон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн алсын хараа “Босоо Ганбаа хүртэл хэвтээд өглөө” гэсэн үг хэлтлээ шалдаа буусан юм. Нэг үгээр, Шинэчлэлийн Засгийн газраа огцруулсан АН-д УИХ-ын ээлжит сонгуульд хэрхэн оролцох, тухайн үеийн байр суурь, суудлын тоогоо хадгалж үлдэхийг илүүд үзэж байсан хэрэг.
“Босоо” С.Ганбаатар ч хэвтсэн. АН ч сонгогчдод дүнгээ тавиулж, эрх баригчийн суудлаас есхөн суудалтай хоцорсон билээ. Юу үнэн энэ л үнэн.
Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах гол шалтгаан нь Оюу Толгой, Тавантолгой, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хууль бус үйлдлийг явуулах илрэл байсан гэдэг нь тодорхой болсон нь саяхан. Тэр нь ч цаг хугацааны шүүлтүүрээр бэлээхэн харагдаж байна.
Үүнийг илтгэх мэт протоколын нэгээхэн хэсгийг сийрүүлье. Тэр үед чухам хэн юу ярьж байв?.

Н.Алтанхуяг: Бид цаасан дээр ажиллаж, цэцэрхэж хийрхэлгүйгээр бүхий л чадвараа шавхаж ажиллаж байна. Огцроход шалтгаан хэрэгтэй. Шалтгаан нь бодит байх хэрэгтэй. 13.7 хувийн эдийн засгийн өсөлт тухайн үеийн Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт байсан. Хоосон тоогоор хөөцөлдөх хэрэггүй. Бид өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн эдийн засгийн өсөлттэй болж чадсан.
Оюутолгойн эхний хөрөнгө оруулалт хийгдэж байх 2010-2012 онуудад эдийн засаг огцом өссөн байдаг. Шинэчлэлийн Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс олон хуульд өөрчлөлт оруулж баталсан. Өрийн асуудалд бид тогтож ярилцаж, тоогоо нэг болгож ард иргэддээ зөв мэдээлэл өгөх шаардлага байна. Оюутолгойн 250 сая ам.долларыг ард иргэддээ амалсан ёсоор өмнөх Засгийн үед 21000 төгрөг болгон тараасан. Өмнөх Засгийн газрын үед тавьсан өрнөөс үлдэгдэл 500 тэрбум төгрөгийг төлнө.
Чингис бонд болон Самурай бондоос босгосон 4 их наяд төгрөгийн мөнгийг аймгуудийн зам, үйлдвэр байгуулахад зарцуулж байна. Бондын зээлийг 2017 онд нэг хэсгийг нь, 2022 онд үлдсэн хэсгийг нь төлөхөөр төлөвлөсөн. Эх орноо өр ширэнд оруулах санаатай нэг ч Монгол хүн байхгүй. Босгосон мөнгөөрөө бүтээн байгуулалт хийх гэж Засгийн газар ажилласан. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө сайндаж муудаж өдийг хүрлээ. Хэт их улс төржсөн байдал хэрээс хэтэрлээ. Бид Монголын улс төрийг амь насаа дэнчин тавьж, муу муухайн оромж болгохыг хүсэхгүй байна.
Танай, манай гэсэн явцуу ашиг сонирхол, жижигхэн эрх ашгаа хойш тавьж улс эх орныхоо хөгжлийн төлөө ажиллах хэрэгтэй байна. Бөхөх ёсгүй тэр галыг унтраахгүйн тулд төлөвлөсөн ажлаа хийх хэрэгтэй байна.

С.Баярцогт: Цөөнхөөсөө болж огцордог Засгийн газар гэж байдаггүй. Бид кнопоор шийддэг зарчмаасаа татгалзах хэрэгтэй. Огцруулах асуудлыг кнопоор шийдэх нь Монголын улс төрийн төлөвшлийг удаашруулж байдаг. 1996-2000 оны гунигт дүр зураг байнга харагддаг. Тэр нь Монголын улс төрийн төлөвшлийг 10-20 жилээр хойш чангаасан гэж үздэг. Бид хамтраад явж байсан бол ийм зүйл болохгүй байсан байх аа ...

Ж.Батзандан: Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Нэг Монгол Нэгдсэн Монгол гэж байгаа.

Р.Гончигдорж: Хүнийг хийгээгүй хэрэгт нь, ах дүү хамаатных нь хийсэн нь тогтоогдоогүй хэрэгт буруутган асуудал тавьж байгаа нь болохгүй зүйл.

Д.Эрдэнэбат: Одоогоос хоёр жилийн өмнө үндэсний үйлдвэрлэл хомсдолтой, халамж харсан хэрэглээний эмзэг эдийн засагтай, үр ашгийн тооцоогүйгээр тараасан өр, зээлтэй Монгол оронд шинэчлэл хийх, шударга ёсыг тогтоох үүрэг Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчдын олонхиос бүрдсэн Норовын Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газарт ногдсон юм.

Х.Тэмүүжин: Нэг нэгнийхээ уулыг шагайж, хэн нь дарга болох асуудал дээр бөөнөөрөө ирж суусан хоёр жилийг өнгөрөөлөө. Хэрэлдэх хэмлэлдэх болгонд хожигдол нь бидэнд, хожил нь гадна ирж байна. Засгаа унагаж байгаа нь УИХ дээр цөөнхийн асуудал биш олонхийн асуудал гэдэг нь үнэн.

Ц.Оюунгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлд хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудал байна. Бид цэвэр улс төрийн шийдвэр гаргах хэрэгтэй. Хүний эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж болохгүй. МАН оруулж ирсэн асуудал болгондоо хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудлыг байнга оруулж ирдэг.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (5)