Улаанбаатараас Гүнт орох замд шинээр тавьсан зам бий. Хэдхэн жилийн нүүр үзэж байгаа юм. Осол аваар байнга шахуу гардаг. Түүнийг уруудах явцад огцом мэр сэр эргэлттэй. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 19-нд том оврын автобус тус замаар зорчих үедээ осолдсоны улмаас зургаан иргэн газар дээрээ нас барж, гэмтэж бэртсэн бусад иргэдийн ГССҮТ-д хүргэх замд дахин нэг иргэн амьсгал хураажээ. Бусад иргэний хувьд биеийн байдал хүнд байгаа гэсэн мэдээллийг эмнэлгийн зүгээс өгч байна. Ослын шалтгааныг “тормоз ажиллагаагүй” болсны улмаас гэж жолооч мэдүүлсэн ч үнэхээр ажиллагаагүй болсон уу, эс бөгөөс хурдаа тохируулаагүйн улмаас огцом эргэлт дээр жолоолдого алдсан уу, эсвэл огцом эргэлтээс болсон уу гэдгийг хараахан тогтоогоогүй байна. Ямартай ч уг осол болсон хэсгийн автозамд сүүлийн хоёр жилийн хугацаанд 20 гаруй удаагийн осол болж, 40 орчим иргэн хүнд, хөнгөн гэмтсэн бол долоон иргэн амиа алдсан нь энэ байв.
Жолооч нарын дунд “Үхлийн тойрог” гэж нэрлэгдэх болсон тус зам 2016 оны үед ашиглалтад орсон байдаг.
Нийт 18 орчим км автозамыг хоёр компани хувааж барьсан бөгөөд Гүнтийн даваа хэсгийг “Билэг зам” гэх компани барьсан юм байна. Гүнтийн давааны хувьд Ар гүнт хэсгээс алсуур өгсөж байгаад давааны орой хэсэгтээ огцом өгсдөг байсан юм. Энэ өгцөм өгсүүр хэсгийг доош ухаж, сайжруулсан шороон зам тавьсан нь өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлсэн сайн шийдэл болсон гэхэд болно. Гэвч Өвөргүнт талаасаа даваагаар давж уруудаад засмал замтай залгах үед 60 орчим градусын эргэлттэй хэсэг таардаг. Дээрх ослын дийлэнх нь энэ огцом эргэлт орчимд болжээ. Сүүлд яг энэ эргэлтээс том оврын автобус хашлага давжээ. Үүний улмаас эргэлтийн цаана байсан байшинг юу ч үгүй болтол нураасан байдаг. Азаар байшин дотор хүн байгаагүй ч жолооч хүнд гэмтэл авчээ. Анхаарал болгоомжтой байж, хурдаа тохируулаагүй жолооч нар огцом эргэлттэй хэсгийг тооцоогүй нь осол гаргах шалтгаан болж байгаа юм.
Хамгийн сүүлд гэхэд кино зураг авч байсан жүжигчид хурд хэтрүүлсний улмаас тухайн орчимд дахин осол гаргажээ.
Энэхүү эргэлтийн талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнууд зураг төслийн дагуу баригдсан зам, жолооч нар хурдаа тааруулаад явбал тийм ч огцом эргэлтэд тооцогдохгүй гэсэн юм. Дээрх том оврын нийтийн тээврийн хувьд сонголтыг хийсэн гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч эргэлтийн дор байсан байшинг юу ч үгүй нураасан юм. Үүнтэй тус автозамаар байнга зорчдог жолооч нар ч гэсэн санал нэгдсэн бөгөөд замын тэмдэг тэмдэглэгээг олшируулж, хурд сааруулагч хийх нь зүйтэй гэсэн юм.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (6)