Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнтэй ярилцлаа.
-Манайд үйл ажиллагаа явуулдаг ТББ болон хувь иргэний зүгээс гадаад иргэдийн бичиг баримтыг хураахаас эхлээд компанийн үйл ажиллагааг зогсоосон тохиолдол цөөнгүй гарсан. Энэ асуудалд хууль эрх зүйн ямар зохицуулалт байдаг юм бэ. Уг нь бичиг баримтын зөрчилтэй эсэх асуудалд хяналт тавих эрх үүрэг нь танай газарт харьяалагддаг. Жирийн иргэн, ТББ очоод бичиг баримт хураах эрхтэй юу?
-Монгол Улсад хийж байгаа хяналт шалгалтын үйл ажиллагаа бүгдээрээ хуулийн хүрээнд явах ёстой. Аль байгууллага юуг хариуцахыг хуулиар тогтоосон. Ерөнхий хяналт шалгах хийх тухай хууль гэж тусдаа бий. Зохицуулалтыг нь тодорхой заачихсан. Энэ хүрээнд төрийн байгууллагууд хяналт шалгалт хийхдээ заавал удирдамж, төлөвлөгөө гаргахаар хуульчилсан. Ямар нэгэн удирдамж, төлөвлөгөөгүй хийвэл хууль зөрчинө. Тэр дагуу явах ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллага нь юу хийх юм. Гадаадын иргэн, харьяатын газар нь яах ёстой юм гэх зэргээр ерөнхий зарчим байдаг.
-Жишээ нь, нийслэлийн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Хятадын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг иргэдийн бичиг баримтыг нэр бүхий иргэн хураасан үйл явдал болсон?
-Налайх дүүргийн хувьд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай хоёроос гурван үйлдвэр байдаг. Өнөөдрийн байдлаар тэдгээр үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоосон байгаа. Монгол Улсын иргэн Өнөрчимэг, иргэний хөдөлгөөний хамт тэнд очиж 51 хятад иргэний оршин суух зөвшөөрөл, паспортыг нь хурааж авсан юм билээ. Түүнийг харсан.
Энэ бол хууль бус үйл ажиллагаа. Гадаадын иргэний бичиг баримтыг хурааж авах асуудал ганцхан манай байгууллагын улсын байцаагчид олгосон хуулийн заалттай. Түүнээс хэн дуртай нь бичиг баримт хураах хууль зүйн үндэслэл байхгүй.
-Уг нь гадаадын иргэд, тэдгээрийн ажил хөдөлмөртэй холбоотой асуудлыг эхлээд танай байгууллагад мэдэгдэх ёстой байх?
-Магадгүй хууль бусаар, хөдөлмөр эрхлэх норм стандартыг зөрчсөн асуудал үүсвэл төрийн байгууллагад хандах учиртай. Жишээ нь, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хууль зөрчиж байвал мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчид хандах ёстой. Гадаадын иргэн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрт ажиллаж байвал манайд хандана. Түүнийг нь шалгана. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр халамжийн үйлдвэрийн газарт гэдэг ч юм уу хязгаарууд нь байгаа.
Гэтэл шууд очоод хэн нэгнийг айлгаж, бичиг баримт хураасан нь буруу. Яг энэ асуудлаар Wechat-аар БНХАУ-д маш их шүүмжлэл явсан байна лээ. Энэ бол хоёр улсын харилцаанд муугаар нөлөөлнө.
-Бичиг баримтыг нь хураасан 51 иргэний хувьд ямар нэгэн зөрчилтэй байсан уу?
-Манайд бүртгэлтэй, ямар нэгэн зөрчилгүй, зохих ёсны ангиллын визээр орж ирсэн байсан. Төмөрлөгийн үйлдвэрүүд нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Тэгэхээр нэр бүхий иргэн, хөдөлгөөнийхөн очиж тийм асуудал гаргасан нь буруу. Үнэхээр сэжигтэй асуудал байвал мэдээлэл өгөх замаар хамтарч ажиллавал төрийн байгууллагууд очоод ажиллана. Хувиараа очоод бичиг баримт хурааж авах эрх иргэнд байхгүй. Ялангуяа гадаад паспорт тухайн улсын өмч гэж явдаг учраас, хамаагүй гаргаж болохгүй үйлдэл.
-Гадаадын иргэний зөрчилтэй холбоотой мэдээлэл танай газарт ямар шугамаар ирдэг юм бэ. Одоо бол цахим орчинд түгээж байгаа мэдээллийн хүрээнд “ажиллаж” байна. Ялангуяа уул уурхай, барилгын салбарт?
-Гадаадын иргэдийн зөрчлийг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт гэсэн хоёр ойлголтын хүрээнд авч үзэж болно. Төлөвлөгөөт бус гэдэг нь иргэн, аж ахуйн нэгжээс өгсөн мэдээллийн дагуу хийдэг шалгалт. “Манай орцонд бичиг баримтгүй гаднын хүн байна” гэдэг ч юм уу мэдээлэлд үндэслэж шалгалт хийдэг. Иргэдтэй ч нэлээд хамтарч ажилладаг. Монголчууд цөөхөн болоод ч тэр үү гаднын иргэдийг анддаггүй. Ялангуяа хөдөө орон нутагт бараг хотын хүн очиход аймаг, сумынх нь биш гэдгийг мэддэг. Тэр хэмжээгээрээ гадаадын иргэнийг сайн мэддэг. Цахим сүлжээ болон хэвлэлээр явж байгаа мэдээлэлд манай газрын холбогдох хэлтэс хяналт шалгалт, анализ хийдэг. Яг ямар мэдээлэл явж байна гэх зэргээр. Иргэн Өнөрчимэгтэй холбоотой мэдээллийг анх цахим орчинд тавьсан байдаг. Тухайн асуудлыг манайхаас өмнө нь шалгачихсан л байсан зүйл. Энд нэг зүйлийг тодотгож хэлэх хэрэгтэй. Жишээ нь, Налайхад манай газрын төлөөлөл байхгүй. Шаардлагатай тохиолдолд эндээс очдог. Харин аймгуудад бий.
-Аймгуудад гэснээс Архангай аймагт махны үйлдвэрт ажилладаг гадаадын иргэдтэй холбоотой мэдээлэл гарсан. Уг асуудал юу болсон бэ?
-Архангай аймагт манай газрын төлөөлөл байдаг. Тухайн үед үүссэн асуудалтай холбогдуулан очиж шалгасан. Махны үйлдвэрээс хоёр хятад гараад мотоцикльд суугаад зугтсан гэдэг ямар ч үндэслэлгүй худлаа.
-Яагаад?
-Манай хяналтын байцаагч камертай очиж баталгаажуулсан. Ер нь баримт болгохын тулд камертай очдог. Сошиалын юм бүхэнд хамаагүй итгэж болохгүй.
-Албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэний бичиг баримтыг хэн нэгэн очоод хурааж авах нь хууль бус юм байна. Ийм үйлдэл хийсэн иргэнд ногдуулах хариуцлага гэж бий юу. Хуулийн зохицуулалт нь ямар байдаг юм бэ?
-Хувь хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал байхгүй.
-Эрүүгийн хуульд “Дураараа аашлах” гээд заалт бий?
-Гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзвэл хууль хяналтын байгууллага шалгана. Айлган сүрдүүлэх гэж юм байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзвэл бид хуулийн байгууллагад өгдөг. Шалгуулж байгаа хүмүүс ч өөрсдийнх нь эрх чөлөөнд халдлаа гэж үзвэл холбогдох газарт нь хандах эрхтэй. Гадаадын иргэнтэй янз бүрийн хэлбэрээр дээрэнгүй харьцах тохиолдол ажиглагдаж байна. Энэ нь эргээд хортой үр дагавартай. Улсын хоорондын харицлаанаас эхлээд. Тухайн иргэн эх орондоо очоод Монголын талаар аятайхан юм ярихгүй нь мэдээж. Иргэдээс тиймэрхүү мэдээлэл ирсэн тохиолдол цөөнгүй.
-Жишээ нь?
-“Манай хажуугийн орцонд нохой тэжээдэг хятад иргэн байна. Нохой нь хуцаад амраахгүй юм. Шалгаж өгөөч” гэдэг. Бид тухайн иргэн бичиг баримтын зөрчилгүй, зөвшөөрөлтэй байна уу гэдгийг нь шалгана.
Түүнээс амгалан тайван байдал алдагдуулах, хэв журмын зөрчлийг цагдаагийн байгууллага ажиллана. Төрийн байгууллага яг юуг нь шалгах ёстой юм гэдэг ялгааг сайн мэдэх ёстой. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал гээд ярьж байна. Зөвхөн манайхтай холбоотой асуудал биш. Анхнаасаа хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөл хаагуур дамжиж явдаг юм.
-Салбар хариуцсан яам?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамаараа л гарна. Аж ахуйн нэгж холбогдох хүсэлтээ яаманд тавьдаг асуудал. Тэр нь Засгийн газрын хуралдаанаар орж, зөвшөөрөл олгосны дагуу манайд шалгуулдаг. Тухайн 10 хүнийг оруулж болно гэж үзвэл визийн зөвшөөрөл олгоно. Визээ Дипломат төлөөлөгчийн газраасаа аваад буцаж ирээд долоо хоногийн дотор бүртгүүлж авдаг. Холбогдох хасалтаа хийлгээд гарна. Аль яам, байгууллага ялангуяа хөдөлмөр эрхлэлтэд анхаарах л ёстой асуудал. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам квот өгсний дагуу тэдгээр хүн нь ирж ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг тухайн салбарын байцаагчид давхар хяналт тавих эрхтэй. Барилга дээрээ гэдэг ч юм уу.
-Гадаадын иргэн манайд хөдөлмөр эрхлэх квотын хязгаар гэж байдаг байх?
-Гаднаас ажиллах хүч авах тоог Засгийн газраас жил болгон буулгах бодлого барьдаг. 2018 оныг 2019 онтой харьцуулахад гаднаас авах ажиллах хүчний тоо 2.7 дахин буурсан тоо бий. Жил болгон салбар, салбараараа гардаг юм. Уул уурхай, барилгын салбарт хэд вэ зэргээр. Барилгын салбарт гэхэд Монголын аж ахуйн нэгж 100 ажилтантай байлаа гэхэд 10 хувь нь гаднын иргэн байж болно гэж заадаг. 90:10 гэсэн харьцаатай. 90 монгол ажилтантай байж 10 гадаадын иргэн авах боломжтой гэсэн үг. Уул уурхайд бага зэрэг өндөр. Нарийн мэргэжил учраас. Энэ нь манайхан хувьд уул уурхайн салбарт сайжирч байгаа ч хараахан нарийн мэргэжилтэй болоогүй байгаатай холбоотой. Гэхдээ Оюутолгой гэхэд ер нь монголчууд болчихсон. Уул уурхайн салбарт 70:30, 60:40 гэсэн харьцаатайгаар ажиллах хүч авах нь бий. Түүнийг нь жил бүр Засгийн газраас тогтоодог юм. Тухайн оныхоо өмнө квот тогтоож, тэр хүрээндээ олгодог.
Түүнээс биш Улаанбаатарт барилга барина гээд 50 хүний квот авчихаад Өвөрхангай аймагт аваачаад мах шулуулж болохгүй. Үүнийг зөвшөөрөл олгосон яам, агентлаг нь хяналт тавих ёстой л байхгүй юу.
-Тийм зөрчил гаргасан тохиолдолд танайхаас ямар арга хэмжээ авдаг юм. Албадан гаргах уу?
-Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах зарим хэлбэрүүд бий. Сая Өвөрхангай болон Эмээлтэд гарсан зөрчлийн хүрээнд 113 хүний оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон. Монгол Улсаас гаргасан. Гэхдээ албадан гаргаагүй. Албадан гаргах хэдхэн үндэслэл байдаг.
Жишээ нь, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд. Махны үйлдвэрүүдийн тухайд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлөө авчихсан байсан. Салбараа өөр болгосон зөрчил гаргасан. Тэгэхээр албадан гаргах үндэслэл болохгүй. Харин жуулчны визээр орж ирчихээд мах шулаад зогсож байвал нэг өдөр ч байсан хууль зөрчсөн гэж үзээд албадан гаргах үндэслэл болно.
-Аяллын визээр орж ирчихээд хөдөлмөр эрхлээд байгаа асуудал танай газраас хяналт тавьж чаддаг уу?
-Эхлээд шалгалт хийнэ. Хэзээ, аль боомтоор орж ирсэн талаарх зөвшөөрлийг нь шалгана. Визийн дугаар, ангилал гэж байдаг. 19 ангилал гэж байгаа. Суралцагчийн S ангиллаар орж ирчихээд хөдөлмөр эрхэлж болохгүй. Энэ бол зөрчил мөн үү мөн. Албадан гаргах үндэслэл болно. Жуулчны визээр ирж байгаа иргэн Монгол Улсад жуулчлах л ёстой. Тэр дагуу виз олгосон. Тэр дагуу орж ирчихээд мах шулаад зогсож байвал албадан гаргана. Хамгийн гол нь, 30 хоногийн дотор зорчих бизнес, жуулчны ангиллын визийг Дипломат төлөөлөгчийн газрууд өгөөд байгаа юм. Хууль нь тийм. Бидний зүгээс ч энэ асуудлыг тавьж байгаа. Засгийн газраас Ажлын хэсэг гараад ажиллаж байна.
Визийн зөрчил гаргаж байгаа тохиолдлын 80-90 хувь нь эдгээр ангиллын визээр орж ирсэн хүмүүс байдаг.
-Дипломат төлөөлөгчийн газрууд гэхээр манай улсын Консулын газрууд гэсэн үг үү. Жишээ нь, Эрээнээс нэлээд орж ирдэг тоо баримт бий?
-Тийм ээ. Ерөөсөө Эрээнээс орж ирдэг. Ний нуугүй ярихад Эрээнд виз бичдэг хүн тухайн газарт ажилладаг жолоочийн гэр бүлийн хүн байна. Хуулийн ямар ч мэргэжил байхгүй. Энэ чинь мэргэжлийн хүн бичих ёстой ажил. Эрээн, Хөх хотын Консулын газар Өвөрмонголчуудтай бизнесийн сүлжээнд орчихсон. Сая нэг Консул байсан хүн телевизийн нэвтрүүлэгт орохдоо ярьсан даа.
-Д.Мөнх-Эрдэнэ...?
-Үнэн л ярьж байна лээ. Яг тэр асуудлыг Засгийн газарт танилцуулаад тэнд очиж үзье гэж байгаа юм.
-Виз олголтын асуудлыг хэн хариуцах ёстой юм?
-Олон улсын жишгээр Гадаадын иргэн, харьяатын газрын ажилтан суух ёстой. Жишиг нь ч тийм. АНУ-ын Элчинд визийн асуудлаар очиход яадаг билээ. Иргэн харьяатын ажилтан нь сууж байдаг. Манайх тийм тогтолцоогүй. Уг нь дипломат ажилтнуудтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд “Хууль зүйн атташе сууна” гэж үг байдаг. Хууль зүйн атташе гэдэг нь нэг бол цагдаа, үгүй бол манай ажилтан гэсэн үг. Энэ заалт хэрэгжихгүй байгаагийн нэг хэлбэр. Бид энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд тавьсан. Эрээн дээр Өвөрмонголчуудтай хуйвалдаад бизнес хийгээд байна. Үүнийгээ болъё, яах юм бэ?, ерөөсөө манай ажилтан сууя гэсэн хүсэлт тавьсан. Эхний ээлжид шалгахаар Ажлын хэсэг байгуулсан.
-Шалгалт нь хэзээ дуусах юм бол?
-Маш амархан. Засгийн газраас баталсан журмаар виз олгоход эхлээд заавал ярилцлага хийнэ гэж заасан. Виз хүссэн иргэнтэй ажилтан ярилцлага хийнэ гэсэн үг. “Яах гэж виз авч байгаа юм. Монголд очоод юу хийх юм. Мөнгөний баталгаа нь байгаа юм уу?” гэх зэргээр ярилцлага заавал хийх ёстой. Гэтэл зүгээр олгочихож байгаа юм. Эрээнд олгосон визийг очоод үзэхэд ярилцлага хийсэн юм байна уу гэхээр байдаггүй. Тэгэхээр шалгахад маш амархан. Бод доо. Эрээнд 800 юаниар виз олгож байна. Монгол төгрөгөөр 300 мянга. Торгууль тэмдэгтийн хураамжаар визийн үнэ 57 мянган төгрөг. Ийм л бизнес яваад байна. Үүнийг болъё гээд байгаа юм. Арваннэгдүгээр сарын 20-нд энэ асуудлыг танилцуулна.
-Турк багш нарын визний хугацаатай холбоотой асуудал үүссэн. Тэр юу болсон бэ?
-“Эмпати” гээд Туркийн хөрөнгө оруулалттай сургууль байгаа. Монгол Улсын хэмжээнд зургаан салбар сургуультайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тухайн сургуулийн гол хөрөнгө оруулагч болох Вэйсел Акчай гэж хүн байсан. Баривчлах гээд бөөн юм болсон доо. Одоо АНУ руу дүрвэгсдийн статусаар гарчихсан. Улс төрийн орогнол гуйгаад гарсан. Дараа нь тухайн сургуульд сурч байсан найман багшийн бичиг баримтыг хүчингүй болгосон. Туркийн талаас багш нарынх ажиллаж байгаа сургууль нь терроризмыг санхүүжүүлэх асуудал руу яваад байна гэдэг асуудал тавьсан. Тэр дагуу паспортыг нь хүчингүй болгосон. Паспорт нь хүчингүй болчихоор Монгол Улсад оршин суулгаж болохгүй. АНУ-д явж байхад миний паспортыг хүчингүй болговол хөөгөөд л гаргана. Тэрэн шиг юм болсон.
Тухайн багш нар эх орондоо очлоо гэхэд том хэрэгт орохоор байсан юм билээ. Тиймээс Дүрвэгсдийн комиссаруудадын газарт хандсан юм билээ. Улс төрийн орогнол гуйсан хэрэг. Тэрийг нь Канад улс хүлээж аваад тийшээ явсан. Таван гэр бүл байгаа. Эхний өдрөө хоёр нь, дараагийн өдөр нь хоёр гарсан байх аа. Баян-Өлгийд нэг гэр бүлээс нь төрсөн хүүхдэд нь билүү Туркийн Элчин сайдын яамнаас гэрчилгээг нь өгөхгүй байсан. Бид Консултай нь уулзсан. “Та нар яагаад өгдөггүй юм” гээд л. Тэднийг хүлээж авах улс нь буюу Канадаас гэрчилгээ олгоод явсан. Хүчингүй болсон паспортоор бид гаргаж болохгүй. Гэхдээ Монгол Улс Дүрвэгсдийн конвенцид нэгдэж ороогүй. Дүрвэгч авахгүй гэсэн үг. Ганцхан хуулийн заалт байдаг нь улс төрийн орогнолыг өгөх шийдвэр нь Ерөнхийлөгчид байдаг.
-Иргэншлийн асуудалд танай байгууллага яаж ханддаг вэ. Жишээ нь, төрийн өндөр албан тушаал хашиж байсан, улсын нууцтай мэдээлэл дунд явсан хүн иргэншлээ солих хүсэлт тавьсан тохиолдолд яаж шийддэг юм бэ?
-Харьяатын тухай хуульд гурван категорийг заасан байдаг. Харьяат болоход яах юм. Түүнээс гарахад яах юм. Гарчихаад буцаад иргэншлээ сэргээх гэсэн гурван зохицуулалт байдаг. Энэ гуравт бүгдэд нь ямар бичиг баримт бүрдүүлэхийг нь заасан. Хуульд заасны дагуу бүрдүүлсэн бичиг баримтыг нь манайх шууд авахгүй. Заавал Засаг даргын Тамгын газраар дамжуулдаг. Гадаадад байгаа бол Элчин сайдын яамаар дамжиж байж манайд ирдэг. Германд байгаа хүн материалаа бүрдүүлээд Элчин сайдын яамандаа өгнө. Элчин сайдын яам нь хуульд заасан материал нь бүрдэж үү гэдгийг хянаад манайд ирүүлнэ. Манайхаас давхар хянана. Үйл явц ихтэй.
Тэгж явсаар хамгийн сүүлд ярилцлага хийгээд болж байна гэдэг. Ерөнхий сайд хүртэл танилцдаг. Ерөнхийлөгчийн Тамгын газраас эцсийн шийдвэрийг гаргана. Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудал.
С.Гандөл
Сэтгэгдэл (44)