Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум – “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” ээлжит төслөө амжилттай хэрэгжүүлж, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумд 1.2 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орууллаа. Энэ эмнэлэг нь тус сангаас санхүүжүүлж бариулж байгаа эмнэлгийн хоёр дахь барилга юм. Өмнө нь тус сан 2016 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумд 400 м.квадрат талбайтай эмнэлэг барьж ашиглалтад оруулж байсан бөгөөд ийнхүү тус аймгийн 1,700 гаруй иргэн стандартын шаардлага хангасан эмнэлэгт эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болж байна.
Мандал-Овоо сумд барьсан эмнэлгийн барилгын төслийн санхүүжилтийг “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” 2018 оны гуравдугаар сарын 15-ны өдөр баталж, 2019 оны наймдугаар сарын 23-нд улсын комисст барилгыг хүлээлгэн өгсөн юм. Барилгын гүйцэтгэгчээр Өмнөговь аймгийн "Хос бор морь" ХХК ажилласан тул орон нутгийн компанийг чадавхжуулж,орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эерэг нөлөөтэй байлаа.
Арван ор бүхий хоёр давхар шинэ эмнэлэг нь дулаан хангамж, цэвэр,бохир ус, холбооны инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсоноос гадна цахилгаан тасарсан үед автоматаар ажиллах нөөц мотортой. Граж болон моргийн туслах барилгуудтай. Төрөх болон мэс заслын өрөөнүүдийн дотор заслыг орчин үеийн стандартын шаардлагад нийцүүлэн шийдсэн тул жижиг хэмжээний мэс ажилбарыг Мандал-Овоо сумд хийх боломжтой болсон юм.
Өмнөговь аймгийн хамгийн хойд захын сум болох Мандал-Овоо сумын эмнэлэг нь 1938 онд байгуулагдсан ба одоогийн ашиглаж байгаа нэг давхар барилга нь 1979 онд ашиглалтад орсон чулуу, бетонон суурьтай, тоосгон ханатай модон хучилттай барилга бөгөөд ашиглалтын хугацаа дууссан тул эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх стандарт хангагдах боломжгүй болж, халдвар дамжих, барилга ашиглалтын явцад иргэдийн эрүүл мэнд амь нас, эд хөрөнгөндаюул учруулах өндөр эрсдэлтэй байв. Мэргэжлийн хяналтын байгууллага 2017 онд уг барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн дүгнэсэн байдаг.
Шинэ эрүүл мэндийн төв ашиглалтад орсноор сумын иргэдэд орчин үеийн стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байгаагаас гадна орон нутаг дахь нийгмийн дэд бүтцэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болж байна.
Нэмэлт мэдээлэл:
- 2015 онд байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд тусгасны дагуу “Оюу толгой” ХХК нь Өмнөговь аймаг, болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумтай “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2015 оны дөрөвдүгээр сард байгуулж жил бүр таван сая ам.долларыг Өмнөговийн бүс нутгийн хөгжилд зориулан олгохоор тогтсон.
- Уг гэрээг хэрэгжүүлэх гол байгууллага болох “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” төрийн бус байгууллага (ТББ)-ыг холбогдох хууль тогтоомжийн дагуу мөн оныхоо 9 сард байгуулж байв.
- “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” 2015 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл нийт 45.3 тэрбум төгрөгөөр 149 төсөл хөтөлбөр санхүүжүүлээд байна.
Сэтгэгдэл (3)