Сэлэнгэ аймаг тариалангийн бүс нутаг. Газар нутгийн 70 гаруй хувийг тариалан эзэлдэг, үлдсэн хувь нь малын бэлчээр. Тус бүс нутагт 300 га малын бэлчээрийн талбайд тариа тарихаар зэхэж, хятадуудад худалдаасан гэх мэдээллийг дагуу “Машинтай жагсаал” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Цэгмэд, “Ачлалт хүүхдүүд” төрийн бус байгууллагын захирал Б.Саранбаатар, "Босоо Хөх Монгол" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Ганхуяг нарын хамт манай сурвалжлах багийнхан Сэлэнгэ аймгийг зорисон юм.
Ингээд төрийн бус байгууллагын төлөөлөл аймгийн удирдлагуудтай уулзаж, үүссэн нөхцөл байдлыг тодруулах зуур “Машинтай жагсаал хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Цэгмэдээс дараахь тодруулгыг авсан юм.
Б.ЦЭГМЭД: ТАРИА ТАРИХААР МАЛЫН БЭЛЧЭЭРИЙГ ХАГАЛСАН БАЙНА ЛЭЭ
-Сэлэнгэ аймгийн Шаамар суманд үүссэн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-“Ачлалт хүүхдүүд” төрийн бус байгууллагын захирал Б.Саранбаатар биднийг дуудаж энэ асуудлыг хэлсэн юм. Үүнд “Манай сумын нутагт 300 га газрыг хятадуудад өгсөн байна. Энэ асуудалд ирж тусална уу” гэсэн юм. Энэ дагуу манай хөдөлгөөний гишүүд өнгөрсөн долоо хоногт ирж ажилласан. Сумын Засаг дарга М.Баярбаатар Солонгос руу, аймгийн Засаг дарга Ш.Оргил хятад руу албан томилолтоор явчихсан байсан. Ийм асуудал үүсээд гурван сар гаруй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн зургадугаар сард анх хятадууд газрыг нь хагалж эхэлсэн юм билээ. Нутгийн иргэд болон Шаамар сумын Засаг даргын орлогч үүнтэй тэмцэж эхэлсэн гэсэн. Үнэхээр газар хагалсан эсэхийг нь очиж шалгасан. Малын бэлчээрийг нь хагалж, тариалалт хийх гэж байсан байна лээ. Сумын ИТХ-ын дарга, Тамгын газрын дарга хоёр нь Засаг даргын тамгын газрын даргын орлогч эмэгтэйг янз бүрээр хэлж, “Иргэдийг турхирч, дарамт шахалт үзүүлсэн байна лээ” гэв.
Б.Цэгмэдээс дараах тайлбарыг өгсөн учир Шаамар сумын Засаг даргын орлогч дарга Т.Өлзийжаргалтай уулзаж, зарим асуудлаар тодруулсан юм. Тэрбээр “Би эмэгтэй хүн болоод тэр үү, энэ асуудалд хүч хүрэхгүй байна. Иргэдийн хурлын 21 төлөөлөгч, Засаг даргатайгаа нийлж над руу дайрч байна. Сүүлийн хоёр сар цалин авсангүй. Гэр орон маань шатчихсан. Би дөрвөн хүүхдийн эх хүн” хэмээн жаргал, зовлонгоо учирлалаа. Сумын Засаг даргын орлогч албан тушаалтай тэрбээр тухайн газар нутагт дөрвөн жил багийн даргаар ажилласан болоод тэр үү, нутгийн иргэдтэй сайн харилцаатай. Тиймдээ ч эл тэмцэлд нутгийн иргэд түүнийг дэмжин оролцож байгаа аж.
Нэмж хэлэхэд Шаамар сумын Засаг дарга дээрх 300 га газраас гадна дахиад 350 га газрыг зарсан гэх асуудал байгааг нутгийн иргэд хэлсэн юм. Түүгээр зогсохгүй эдгээр газрын ард талд хятадын хувь нийлүүлсэн компаниуд байгаа гэсэн мэдээлэл байгаа аж.
Нутгийн иргэд “Эмийн ургамал тариална гэсэн мөртлөө тариалаагүй. Харин гурвалжин будаа тарьсан. Нэг га газрыг нь 3 сая төгрөгөөр зардаг” гэдэг албан бус мэдээллийг нутгийн иргэд мөн л өгөв.
Иргэдийн өгсөн мэдээллийн дараагаар асуудал үүсгээд байгаа 300 га талбай дээр очсон юм.
Тариан түрүү халиуран найгах талбайн хажуугаар салхи татуулан довтолгох зуур ийм сайхан газрыг харийн хүнд “зарсан” гэж бодохоор сэтгэлд эрхгүй гуниг төрөх аж. Ингээд бид Шаамар суманд ирлээ.
Ш.ОРГИЛ: ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Шаамар сумын нутгийн иргэдтэй уулзсан юм. Тэрбээр “Газар ашиглах зөвшөөрөл өгөөгүй байхад 300 га газрын 50 хувийг нь гаднын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлсэн байна лээ. Энэ нь хууль бус учир энэ газрын тусгай зөвшөөрлийг цуцлаж байна” гэв. Эл мэдэгдлийг сонссон нутгийн иргэд газар шороогоо хамгаалж үлдэж чадлаа хэмээн баярлаж, талархсанаа илэрхийлж байгаа харагдсан юм.
“Босоо хөх Монгол” ТББ тэргүүн Г.Ганхуяг “Хятадуудад 60 жилээр олгосон 300 га газрын зөвшөөрлийг аймгийн Засаг дарга захирамж гаргаж, цуцаллаа. Анх 300 га газрыг хуулийн дагуу аваад цааш нь зарж борлуулахдаа хууль бус үйлдэл гаргасан байна лээ. Энэ бүхэн ил болсон. Тиймээс ч эрхийг нь цуцалсан. Эх орныхоо 300 га газрыг хятадуудаас аварч чадлаа баяртай байна” гэв.
Эндээс бид Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатартай уулзахаар сумын Захиргааны байшингийн гадаа ирэв. Захиргааны гадаах талбайгаар дүүрэн автомашин байх агаад байшин дотор хүмүүс маргалдаж, шуугилдах нь онгорхой цонхоор сонсогдох аж.
Засаг даргын өөрөө рүү ороход юун талаар “хэлэлцэж” байгаа нь мэдэгдэхгүй олон хүн нэг нэгэн рүүгээ дайрч давшилж байв. Учрыг тодруулбал, Засаг дарга М.Баярбаатар болон иргэн н.Соёлбаатар, н.Жаргалсайхан нарын хооронд маргаан үүссэн нь энэ аж. Засаг дарга М.Баярбаатар иргэн н.Соёлбаатарыг “Чи бол луйварчин. их хэмжээний газартай” гэж хэлэх дуулдав. Мөн “Би та нартай ярихад бэлэн байна. н.Соёлбаатартай ярихгүй. Чи иргэдийг зовоодог” гэж хэлэхэд маргаан улам эрчээ авав.
Засаг даргатай маргалдах н.Жаргалсайхан нь угтаа дээрх 300 га газрыг эзэмшдэг компанийн захирал юм байна.
Эндээс үзвэл, иргэд их хэмжээний газар аваад үүнийгээ хууль зөрчин бусдад зардаг. Үүнээс нь болж энгийн иргэд хохирдог гэх яриа оргүй биш бололтой юм. Юутай ч хятадуудад зарсан гэх 300 га газрын зөвшөөрлийг Сэлэнгэчүүд цуцалж чадлаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)