Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуй нь аймгийн байгалийн есөн гайхамшигт газрын нэг бөгөөд Монголын хамгийн том агуйд тооцогддог.
2002-2010 онуудад гар аргаар жонш олборлогч иргэд болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий компани тэсэлгээний ажил хийсний улмаас агуйн амны орчим нуралт үүсэн эвдэрч олон жил болсон.
2017 оноос Цагаан дэлийн агуйг улсын тусгай хамгаалалтад авах саналыг дээд шатны байгууллагуудад тасралтгүй уламжилсны үр дүнд өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын тогтоолоор дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Цагаан дэлийн агуйг нөхөн сэргээх зорилгоор сумын удирдлагууд, холбогдох чиг үүргийн байгууллагууд болон агуйн орчимд жонш олборлолтын үйл ажиллагаа явуулдаг 10 компанийн удирдлагуудтай энэ сарын 13-ны өдөр уулзжээ.
Уулзалтаар агуйн амны хэсгийг хэвийн байдалд оруулах, ойр орчмын газрыг нөхөн сэргээх, эргэн тойрны хашааг засварлан өргөтгөх, камер суурилуулж байнгын харуул хамгаалалттай болгох талаар хэлэлцэж, ирэх долдугаар сард багтааж засварлах үүрэг чиглэлийг холбогдох хүмүүст өгсөн байна.
Мөн 2020 оноос Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулан байгаль хамгаалагчийн орон тоог нэмэгдүүлж, цаашид аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхээр шийдвэрлэжээ.