Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ихэвчлэн эм, эмийн хэрэгсэлийг хилээр хууль бусаар нэвтрүүлэх, гаалийн татвараас зайлсхийх зэрэг гэмт хэрэг үйлдэгддэг байна. Тухайлбал, энэ оны эхний таван сарын байдлаар улсын хилээр хууль бус бараа нэвтрүүлэх гэмт хэрэг хоёр бүртгэгджээ.
Тиймээс тус аймаг дахь Цагдаагийн газар хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, таслан зогсооход Гаалийн газар болон Тагнуулын газар, Хилийн цэргийн 0101, 0243 дугаар анги, Гадаадын иргэн харьяатын газартай хамтран ажилладаг аж.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ. Тухайлбал, “Нэг хором”, “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлье”, “Сар шинэ”, “Илрүүлэлт”, “Хилийн зөрчил”, “Бодис”, “Зөв тусгал” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх зорилгоор тогтмол зохион явуулдаг байна.
Сүүлийн үед гэмт хэргийн тоон мэдээлэл зарим талаар өссөн үзүүлэлттэй гардаг. Энэ нь гэмт хэргийн илрүүлэлт, мэдээлэл дамжуулалт сайжирсантай холбоотой гэж экспертүүд үзэж буй. Тэгвэл Сэлэнгэ аймгийн хувьд гэмт хэргийн илрүүлэлт 17 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй гарчээ.
Энэ оны таван сарын байдлаар цагдаагийн байгууллагаас шалгаж, шийдвэрлэсэн гэмт хэргүүдээс дурдвал, гэмт хэргийн шинжтэй 512, зөрчлийн шинжтэй 902 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг гурав, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 21, хүүхэд оролцсон гэмт хэрэг тав бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарчээ.
Түүнчлэн Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газартай хамтран дөрвөн чиглэлд хяналтын пост 24 цагаар ажиллаж байгаа юм байна. Энэ оны хувьд ой хээрийн түймрийн таван дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Б.Лхам