Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу эх үрсийн баярыг угтаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд нээлтийн ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, УИХ-ын гишүүн А.Ундраа тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арга хэмжээг нээж, хэлсэн үгэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүүдүүдийн сурч, боловсрох, нийгэмд ижил тэгш оролцоотой байх, ирээдүйд хөдөлмөр эрхэлж бие даан амьдрах чадвартай иргэн болоход анхаарч ажиллана гэдгээ онцолсон юм. Түүнчлэн олдмол хөгжлийн бэрхшээлийг бууруулах, хөгжлийн бэрхшээлийн шалтгааныг арилгахад анхаарах нь эрүүл мэндийн салбарын нэн чухал асуудал гэдгийг онцоллоо.
Нээлтийн үеэр хөдөлгөөн болон хөдөлмөр засал, сэргээн засах эмчийн зөвлөгөө, мэдээлэл, эцэг, эхчүүдэд зориулсан сургалт, сэтгэлзүйн зөвлөгөө, хууль эрхзүй, нийгмийн халамжийн бодлого, дэд бүтцийн хүртээмжийн талаарх нэгдсэн мэдээллийн цэг ажиллалаа. Мөн оюуны бэрхшээлтэй хүүхэд багачуудын гар зургийн үзэсгэлэн, “Түгээмэл хөгжил” төрийн бус байгууллагын “Бид нэг тэнгэртэй” гэрэл зургийн үзэсгэлэн, мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуулийн авьяаслаг сурагчдын гар урлалын бүтээлийн үзэсгэлэн болон хүүхэд багачуудын нүүрэн дээр зураг зурах үйлчилгээ, хүүхдийн жүжиг, уран нугаралтын үзүүлбэр, морин хуурын аялгуу зэрэг нүд, сэтгэл, оюуныг баясгасан үзүүлбэрүүдийг толилуулсан юм. Нийслэлийн тусгай сургуулиудын багш нар тус арга хэмжээнд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нас, сэтгэхүй, ур чадварын онцлогт тохирсон бүлгээр зураг зурах, мэдрэмж хөгжүүлэх хөгжөөнт тоглоом, авхаалж самбаа сорьсон уралдаант тэмцээнүүдийг зохион явуулсан. 2019 оны дөрөвдүгээр сард баталсан Засгийн газрын 125 дугаар тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тус төвийн барилгын ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн нь энэ юм. Тус төв нь Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны томоохон бүтээн байгуулалт болоод байгаа юм. 21 аймаг есөн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй үйлчлэх энэхүү төв нь хэвтэн эмчлүүлэх 250 ор, амбулатор үзлэгт 250 хүүхэд буюу нийт 500 хүүхдийг хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай гэдгээрээ онцлогтой аж.
Сэтгэгдэл (1)