Баян-Өлгий аймагт дөрөвдүгээр сарын 29-өөс 30-ны өдрүүдэд гэр бүлийн хоёр дараалан нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг хоёр иргэн тарваган тахал өвчнөөр амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Үүссэн нөхцөл байдлын хүрээнд Улсын онцгой комиссын шуурхай бүлэг болон Эрүүл мэндийн яамны томилсон баг бүрэлдэхүүн газар дээр нь очиж, тархвар судлалын холбогдлыг тогтоох, онош тодруулахаар лабораторийн шинжилгээ хийн ажиллаж байна.
Мөн Баян-Өлгий аймгаас Улаанбаатарын чиглэлд агаарын чиглэлээр зорчиж байгаа иргэдийг тусгаарлах арга хэмжээ авч байгаа юм байна.
Тарваган тахлын болзошгүй тохиолдол бүртгэгдсэн энэ үед Зоонозын өвчин судлалын үндэсний төв тархварыг хэрхэн зогсоох, урьдчилан сэргийлэх ямар ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл авах гэсэн боловч Эрүүл мэндийн яамнаас нэгдсэн мэдээлэл гаргахаар төлөвлөсөн. Бид дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх боломжгүй гэсэн хариултыг өгсөн юм. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Б.Лхам