Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 555 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 413 дуудлагыг шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд хоёр хүн, орон нутагт гурван хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж бэртсэн ноцтой зам тээврийн ослууд гарчээ.
Тухайлбал, өчигдөр 16.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг Хүй долоо худгийн замд H.Sonata маркийн автомашин онхолдож зорчигч 58, 55 настай хочр хүний амь нас хохирсон байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Тахилтын зам, нэгдүгээр автобусны буудлын замд T.Platz маркийн автомашин жолооч 15 настай Д нь жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, жолооч зорчигч нарын 15 настай хоёр хүүхдийг гэмтээсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.
Энэ оны нэгдүгээр улиралд Тээврийн Цагдаагийн алба 17225 зам тээврийн ослын шинжтэй дуудлага хүлээн авснаас 6415 зам тээврийн осол бүртгэгджээ. Бүртгэгдсэн ослын 5688 буюу 88.6 хувь нийслэлд, 727 буюу 11.4 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Мөн энэ үеэр T.Estima маркийн автомашиныг зогсоож шалгахад жолооч А нь мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлж харьяа цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгаж байна.
Б.Лхам