Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд боловсролтой иргэдийг дараах ажлын байранд шалгаруулан суралцуулах ажил зохион байгуулах гэж байна. Үүнд, эргүүл, харуул, хамгаалалтын цагдаа, цагдаа-жолооч, нярав, дотоодын цэрэгт жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд суралцуулах юм байна.
Дээрх ажлын байрыг сонирхсон эрэгтэйчүүд 170 см биеийн өндөртэй байх ёстой бол эмэгтэйчүүд 166 см буюу түүнээс дээш байх ёстой. Мөн 30 хүртэл настай, хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх шаардлага тавьж буй аж. Мөн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай ажиллах, нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, харилцааны ур чадвар эзэмшсэн байх, монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй байх зэрэг шаардлагатай.
Бүртгэлийг нийслэлийн Цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газар, Дотоодын цэргийн 05, 805 дугаар анги, Дотоодын цэргийн штаб, Автобааз болон орон нутгийн цагдаагийн байгууллагад энэ сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд бүртгэнэ.
Бүртгүүлэхдээ төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маяг, бүрэн дунд, дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/, иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/, гурван үеийн намтар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/, 3х4, 4х6 хэмжээний дөрвөн хувь зураг, ажиллаж байсан бол ажилласан хугацаа, ажил эрхлэлтийг гэрчлэх баримтын эх хувь, албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь, архивын лавлагаа зэргийг хавсаргах шаардлагатай юм байна.
Сэтгэгдэл (150)