Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан. . . хэмээн өнгө сүүдэрийг сүлэн байж, элэг зүрхийг эмтлэн байж, хайр харууслыг зэрэгцүүлэн тэрлэгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн хэмээх их хүмүүн бурхны орныг зорилоо. Тэрбээр 1944 онд Төв аймгийн Баян Өнжүүл суманд төрж, 1963 онд Улаанбаатар хотод Худалдааны техникум, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж, Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд ажиллаж байв. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, соёл урлагийн салбарын олон арван хуулийн төслийг Их хуралд өргөн барьж, батлалцсан билээ. Нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулсан “Атга нөж” жүжиг, “Бүлээн нурам”, “Араатан”, “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн бөгөөд Монголын утга зохиол, яруу найргийн салбарт оруулсан түүний үнэтэй хувь нэмрийг Монголын ард түмэн үнэлэн хүндэтгэж, эрхэм найрагчийн авьяас билэгийг бахдан шүтэж ирсэн билээ. "Боржигоны бор тал", "Монголын их хээр тал", "Учирлахын шүлэг", "Уянгын шаглаа", "Хүүдээ унших шүлэг", "Чамдаа би хайргүй байхын аргагүй", "Буруу энгэртэй дээл", "Ижийтэйгээ байхад би баян байсан" зэрэг Монголын утга зохиолын сор болсон бүтээлүүд, зуу зуун шүлэг найраг түүнд хайртай ард түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ. Ум сайн амгалан болтугай.
Г.Нацаг
Сэтгэгдэл (2)