Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт байрлах хийдээс энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө дөрвөн ширхэг бурхан алдагджээ. Гэмт этгээдүүд баруун гартаа сэлэм барьсан Манзушир бурхан 14-18 см урттай хоёр ширхэг, хүүхэд тэвэрсэн Богд бурхан нэг ширхэг, залбирч суугаа Богд бурхан нэг ширхэгийн хулгайлсан байна.
Хулгайд алдагдсан бурхадын хоёр нь эртний буюу 1937 оноос өмнө бүтээгдсэн Бодьсадва бурхан байжээ. Эдгээр бурхад нь эртнээс өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн ховор бүтээл аж. Бурхан хулгайлагдсан талаарх дуудлага Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт ирсний дагуу бүрэлдэхүүн гарч, хэргийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.