Дэлхийн чөлөөт бөхийн нэгдсэн холбооны техникийн зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, дэлхийн чансааг олгох шинэчлэгдсэн журам баталжээ. Уг журамд дэлхийн чансааг тэргүүлсэн эхний дөрвөн бөх жиндээ олимп болон ДАШТ-д хэсэг толгойлох юм байна. Мөн чансааны оноо олгох цуврал тэмцээнд жин тус бүрд хэдэн бөх барилдахаас шалтгаалж, оноо өгөх аж. Тодруулбал, 10-аас бага бөх барилдсан жинд түрүүлвэл зургаа, 11-20 бөхтэй байсан бол найм, 20-иос дээш бөх барилдсан жинд түрүүлвэл 10 оноо өгөх аж. Хурлаар чансааны оноог олимп, ДАШТ-ий дараа шинэчилж байхаар тогтжээ. Өөрөөр хэлбэл, 2019 оны дэлхийн чансааг Унгар Улсын Будапешт хотод болсон ДАШТ-ээр эхлүүлж, ирэх жилийн ДАШТ-ий дараа дахин шинэчлэгдэх юм. Өмнө нь дэлхийн чансаа олгох цуврал тэмцээн эрэгтэй, эмэгтэйгээрээ тусдаа зохиогддог байсан бол ирэх жилээс хамтад нь хийхээр боллоо. Тухайлбал, Иван Ярьгины нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн, Дан Коловын нэрэмжит ОУ-ын тэмцээн, Сассаригийн ОУ-ын тэмцээн , Яшар Догугийн нэрэмжит ОУ-ын тэмцээнийг нэрлэж болно.
Л.Сайнаа