Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан 2018 оны арванхоёрдугаар сарын 29-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно.
Хэдийгээр Монгол бөхийн өргөө нээгдэнэ гэсэн цуу тараад байсан ч маргалдагч талууд зөвшилцөөгүй байгаа аж.
Учир нь Бөхийн өргөөг прокурорын шийдвэрээр БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс битүүмжлэн, үйл ажиллагаа явуулахыг хориглоод байгаа. Тиймээс эв зүйгээ олсон талууд прокурорт хүсэлт гаргаж, прокурор хүсэлтийг хүлээн авсан цагт Бөхийн өргөөг нээх боломжтой юм байна. Прокуророос нээх шийдвэр гараагүй цагт Бөхийн өргөө битүүмжлэгдсэн хэвээрээ байна.
Нэгэнт Бөхийн өргөө нээгдээгүй байгаа тул Ерөнхийлөгчийн Тамгын Газар Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чансаа өндөр 128 бөхийн барилдааныг Буянт-Ухаад зохион байгуулахаар шийдвэрлээд буй аж.
Өнгөрсөн жил уг барилдаанд Увс аймгийн Тэс сумын уугуул, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, 'Увс нуур' дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү уран хурц, дайчин барилдаж түрүүлсэнийг бид бүхэн мэднэ.
Л.Сайнаа