Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг олон улсын санхүүгийн томоохон байгууллагууд онцолж байгаа. Тодруулбал, Азийн хөгжлийн хөгжлийн банк 2005-2017 он хүртэл нийтдээ 5 тэрбум ам.долларын санхүүжилттэй 187 төсөл хөтөлбөрийг Азийн 25 улсад хэрэгжүүлж, үр дүнг нь нэгтгэж үзжээ. Судалгаагаар жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлснээр тухайн орнуудыг эдийн засгийн орчин идэвхижиж, ажлын байр нэмэгдэн иргэдийн амьдралын чанар сайжирсан байна.Товчхондоо жижиг, дунд үйлдвэрлэл бол бусдын гарыг харахгүйгээр дэм дэмэндээ хөгжих боломжийг бий болгосон гэсэн үг.
Азийн хөгжлийн банкны тооцоолсноор 25-30 сая жижиг, дунд бизнес эрхлэгчид хөгжиж буй орнуудад идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.Тэдний 2.7-3.0 сая төв Ази болон зүүн европ, 11.2-13.6 сая нь зүүн Ази, 2-2.8 сая нь өмнөд Азид харъяалагдаж байна. Ази, номхон далайн 20 гаруй орны бодит туршлагаас харахад жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ажиллах хүчний 60 гаруй хувийг дотоодын ажилчид бүрдүүлж байгаа юм. Үүнийг дагаад дотоодын эдийн засаг өсөх, иргэдийн ахуй амьдрал дээшлэх өргөн боломж бүрддэг юм.
Учир нь хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн гол хөшүүрэг нь бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчид байдаг. Олон улсын санхүүгийн корпораци /IFC/ хөгжиж буй орнуудад хийсэн судалгаагаар бол нийт бизнесийн зах зээлийн 65-75 хувийг бичил, 20 хувийг жижиг, 5-10 дунд, 0.9 хувь том бизнес, 0.1 хувийг олон улс дамнасан бизнес эзэлдэг байна.
Тиймээс бичил болон жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх нь эдийн засгаа эгэл жирийн баялаг бүтээгч компаниудыг дэмжих хамгийн оновчтой сонголт болдог. Өөрөөр хэлбэл жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нь улсаа хөгжүүлэх хамгийн зөв хөшүүрэг гэдгийг олон улсын байгууллагын судалгаанууд баталж байна.