Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн манай оронд таван өдөр болж өнөөдөр өндөрлөлөө. Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд гурван алтан медаль хүртсэн Флиппин улсын тамирчин Гоү Алексистай ярилцсанаа хүргэж байна.
-Та ёстой мундаг байлаа. Баяр хүргэе?
-Сэтгэл өндөр байна. Энэ тэмцээн олон талаараа сайхан болж, мартагдахааргүй гоё дурсамж үлдээлээ. Тэмцээнд ашигласан тоног төхөөрөмжөөсөө авахуулаад сэтгэл гаргасан нь тодорхой байна.
-Оролцсон төрөл бүртээ алтан медаль хүртэнэ гэдэг үнэхээр бахархууштай?
-Миний төрж өссөн Флиппин бол халуун орон. Монголд ирээд онгоцноос буумагцаа л хатуу сорилтын өмнө нүүр тулгарсан даа. Ийм хүйтэн гэж огт төсөөлөөгүй. Тэрхэн мөчид медаль авах тухай бодол бүтэшгүй мэт санагдсан. Тэсгим хүйтэнд хацар ам бээрээд амаргүй байсан ч анх удаа цас харах сонирхолтой байлаа.
-Энд ирэхээсээ өмнө цаг агаарын мэдээ хараагүй юм уу?
-Миний танилууд Монголд хүйтэн гэж сануулсан л даа. Арай ийм байна гэж бодоогүй (инээв).
-Үүнээс ч илүү хүйтэрдэг шүү?
-Тэгвэл би тэсэхгүй юм байна.
-Гэсэн ч та зорилгодоо хүрлээ шүү дээ?
-Санасан хэмжээндээ хүртэл оролцож чадаагүй ч алтан медаль авсандаа баяртай байна. Уг нь бэлтгэл дээр үүнээс ч илүү формтой байсан юм. Би пауэрлифтингээр хичээллээд гурван жил болж байна.
-Энэ богино хугацаанд хурдан сайжирчээ?
-Пауэрлифтингт орохоос өмнө жүдо бөхөөр хичээллэдэг байсан нь нөлөөлсөн байх. Жүдог хаясан учир нь гэвэл пауэрлифтингээр хичээллэвэл Хонгконг руу явуулна гэсэн юм. Би энэ спортын ач тусаар хүссэн сургуульдаа сурч байна.
-Бага байхын тамирчин болох мөрөөдөлтэй байсан уу?
-Би багадаа илүүдэл жинтэй байсан болохоор турах зорилгоор спорт руу орсон. Энэ хэрийн амжилт үзүүлнэ гэж төсөөлж байсангүй. Хэрэв пауэрлифтинг олимпийн наадмын хөтөлбөрт багтвал эх орноо төлөөлөн оролцохыг маш их хүсч байна.
-Монголд ирэхээс өмнө пауэрлифтингээр үзүүлсэн таны амжилт гэвэл?
-Хонгконг, Идонез, Энэтхэгт болсон тэмцээнээс нийт найман медаль хүртсэн. Монголын пауэрлифтингийн тамирчид маш мундаг болохоор өөрийн өчүүхэн амжилтыг хэлэхээс санаа зовмоор л доо.
-Манай оронд хоёр сарын өмнө пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Хэрэв та тэр үед ирсэн бол арай л дулаан байсан даа?
-Би дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох хэмжээнд хараахан бэлтгэгдээгүй байна. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхийг мэдээж хүсдэг.
-Шинэ жилийн баярын өмнө гэр бүлийнхэндээ том бэлэгтэй буцах нь дээ?
-Намайг таньдаг олон хүн энэ амжилтанд баярлаж, бахархах байх л даа. Гэхдээ өөрөөс минь өөр хэн ч над шиг баярлаж чадахгүй байх.
-Тэмцээний тайзан дээр биеэ авч яваа байдлаараа хамгийн хөгжилтэй оролцогч нь та байлаа?
-Амьдрах бол хөгжилтэй зүйл. Би хөгжилтэй байх дуртай.
-Нутаг буцахаасаа өмнө энд төлөвлөсөн зүйл байгаа юу?
-Цанын бааз орох бодолтой байгаа. Бас Монголын залуустай цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүсч байна.
С.Нацагтовуу
Сэтгэгдэл (1)