Монголын бартендерүүдийн клубийн тэргүүн Э.Жамсрантай ярилцлаа.
-Бартендерийн ажил их тэвчээр шаарддаг байх?
-Бартендер хүн үйлчлүүлэгчдээс мөнгө авахыг голчилдоггүй. Хэрхэн өөрийн үйлчлүүлэгч болгох вэ? гэдэг нь чухал. Тиймдээ ч бартендер хүн сэтгэл зүйн мэдлэг өндөртэй байх хэрэгтэй. Мөн үйлчлүүлэгчдийнхээ үнэнч сонсогч нь байх хэрэгтэй. Тэгэхээр их тэвчээр шаардсан ажил байгаа биз. Эцсийн дүнд үйлчлүүлэгчээс ирж байгаа тэр инээмсэглэл, баярлалаа гэдэг үг л биднийг аз жаргалтай болгодог доо.
-Нэг ёсны урлаг гэж ойлгож болох уу?
-Тийм ээ мэдээж энэ бол урлаг. Ер нь бол амтыг бүтээх, найруулах урлаг гэж хэлж болно. Аливаа нэг хэм хэмжээнд үл баригддаг зүйл л дээ.
-Бартендер гэдэг мэргэжлийг энгийнээр юу гэж тайлбарлах вэ?
-Шингэн хүнсний урлагийг түгээгч зөв зохистой байдлаар илэрхийлэн тайлбарлагч гэж хэлж болох юм.
-Таны ажлын өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Мэдээж газар газрын бартендерүүдийн хувьд ажлын цаг ихэнхдээ оройгоор байдаг. Юун түрүүнд бэлтгэл ажлаа хийнэ дээ. Бэлтгэл ажил 100 хувь байж байж тэр өдрийн ачаалал бүрэн давагддаг.
-Хүмүүс бармен, бартендер хоёрын ялгааг тэр бүр мэддэггүй. Та юу гэж тайлбарлах вэ?
-Энэ хоёр үгийн хооронд тийм ч их ялгаа байхгүй. Утга зүйн хувьд тив бүсийн хооронд л бармен, бартендер гэж ялгадаг. Европод голдуу бармен гэж яригддаг. Харин Ази болон Америкт бартендер гэж хэлдэг. Ер нь бол хоёулаа л адилхан мэргэжил. Гэхдээ барменаас бартендер гэдэг үг гарсан гэхэд хилсдэхгүй. Жаахан албан ёсны болгох гэж гаргаж ирсэн үг байх гэж боддог.
-Коктейлийн соёлтой хэрэглээний тухай яриач?
-Яахав дотор нь хоёр задалж хэлмээр байвч, ерөнхийдөө л энгийнээр буюу нэг үгээр хэлбэл амт юм. Хүн бүрт өөрийн хүсдэг, хүслийн амт бий. Түүнээс гоё сайхан харагдах гэж хэрэглэдэггүй. Гол нь согттолоо, тасартлаа уухдаа биш л дээ. Тухайн хүн өөрийн хүсээд байсан, час хийсэн амтыг мэдрэх л зохистой хэрэглээ юм даа. Мөн өөрийн эрүүл мэнддээ сайн анхаарах хэрэгтэй л дээ. Хүссэн амтаа олох гэж байна гээд өөрийн харшилтай зүйлүүдийг уучхаж болохгүй. Юун түрүүнд бартендертайгаа ярьж, зөвлөсний үндсэн дээр хэрэглэх нь чухал.
-Хүн бүр ажил мэргэжлээрээ бахархдаг тэгвэл та ажил мэргэжлийнхээ юугаар бахархдаг вэ?
-Сайхан асуулт байна. Энэ том урлагийг түгээж, гайхалтай амтыг хүмүүст мэдрүүлдгээрээ би бахархдаг. Хүн бүр над шиг сэтгэж над шиг хийхгүй. Тиймээс би баярлалаа гэдэг үгийг өдөр болгон сонсдог. Хүн бүрийн харах өнцөг болон аливаа зүйлд дурлах дур сонирхол ондоо байдаг. Миний хувьд ах нарыгаа даган дууриаж байгаад л энэ мэргэжилд дурласан даа.
-Мэдрэмж их шаарддаг ажил. Та мэдрэмжээ хэрхэн хөгжүүлсэн талаараа яриач?
- Энэ мэргэжил маань дотроо дөрвөн хэв шинжтэй. Өөрөөр хэлбэл сонсох, үнэрлэх, харах, хүрэх гэсэн мэдрэхүйг шаарддаг. Тиймээс хөгжмийн ойлголт, өнгөний талаарх өргөн мэдлэг, загвар дизайныг хүртэл, судлах шаардлагатай. Ер нь их нарийн мэргэжил шүү.
-Ярилцсанд баярлалаа
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (3)