Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит 22 хүртэлх насны залуучуудын хөнгөн жингийн цомын аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Тэрбээр “Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бусан-2002” Азийн наадмын алт, “Бангкок-1998”-ын мөнгөн медальт, 1997 оны Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тусгаар тогтнолын цом, Дан Колов, Александр Медведь, Борис Будаев, Лайпцег, Акрополис, Рожу Кулоны ОУТ-ий аварга, Яшар Догугийн ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, Шамиль Умахановын нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, “Монгол говь” ОУТ-ий тав, Монголын Улсын долоон удаагийн аварга зэрэг шагналыг тус тус хүртэж байсан амжилттай юм.
Тэмцээнд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, Б.Номин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга тэргүүтэй манай улсын хөнгөн жингийн олон шилдэг бөхчүүд хүч үзэж “түрүүлж”, “үзүүрлэж”, медаль хүртэж байв.
Арав дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээнд 17 байгууллагын 120 гаруй тамирчин дөрвөн жинд өрсөлдсөн бөгөөд 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Н.Насанбуян, 61 кг-д “Хангай хүчтэн” дэвжээний тамирчин Б.Мөнхзориг, 65 кг-д 73 дугаар сургуулийн тамирчин Б.Буд, 70 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Э.Бямбадорж нар жин тус бүртээ аваргаллаа. Өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга ОУХМ Н.Насанбуян тус тэмцээнд гурван жил дараалан аваргалж, бусад нь анх удаа түрүүлсэн юм.
Б.Лхам