Цаг агаар муудаж, хүчтэй цасан шуурга шуурах талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл өгч байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал
"Ойрын өдрүүдэд цаг агаарын эрс өөрчлөлт болох гэж байна. Гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна.
2018 оны арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар, 1-ний өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсэж, хүчтэй салхи салхилж, Ховд, Увс, Завхан, Говь-Алтайн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.
Маргааш, нөгөөдөртөө дулаахан байна. Арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хүйтэрнэ. 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсэж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурна.
2-ноос ихэнх нутгаар өмнөх хоногуудаас 10-20 градусаар хүйтний эрч эрс чангарна. Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна" гэв.