Налайх дүүргийн Соёлын ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол ардын “Бий биелгээ-2018” бүжгийн наадамд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн сурагчид амжилттай оролцлоо.
Энэ удаагийн IX их наадамд Нийслэлийн 9 дүүргийн болон төвийн бүсийн аймгуудын 200 гаруй сурагчид оролцсоноос Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн О.Батцэцэг багштай “Дорнын хүрээ-2” хамтлагийн “Тайгын хөг” бүжгийн үзүүлбэр Тайзны бүжгийн төрөлд тэргүүн байр, “Талын бийчид-1” хамтлагийн “Хамаг Монгол”, “Жороо морь” бүжиг Хамтлаг биелгээний төрлийн ахлах насны ангилалд тэргүүн байр, мөн “Талын бийчид-1” хамтлагийн “Дөрвөд биелгээ” Хамтлаг биелгээний төрлийн дунд насны ангилалд тэргүүн байрт тус тус шалгарлаа.
Гоцлол биелгээний ахлах насны ангилалд 61 дүгээр сургуулийн сурагч Н.Оргилбаяр “Казак биелгээ”-гээр тэргүүн байр, Э.Ариунбилэг “Аягатай дөрвөд” бүжгээр дэд байр, гоцлол биелгээний дунд насны ангилалд Б.Нармандах “Эрийн гурван наадам” бүжгээр тэргүүн байр, Э.Цогтбилэг “Уулзалт” бүжгээр дэд байрыг тус тус эзэлж дүүргийн сурагчид “Бий биелгээ-2018” бүжгийн наадмаас 5 алтан медаль, 2 мөнгөн медаль нийт 7 медаль хүртсэн байна.
Л.Сайнаа