Сар гаруйн өмнөөс бензиний үнэ огцом үсэрлээ. Мэдээж үүнийг дагаад ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдэж буй. Хамгийн энгийн жишээ л гэхэд талхны үнэ хэрхэн нэмэгдсэнээс харж болохоор. Гол нь микро автобуснууд зорчих үнэдээ их биш, хэт их өөрчлөлт оруулаад байгаа юм.
Одоогийн байдлаар “Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 2350-2385 төгрөгийн үнэтэй байна. Харин яг сарын өмнө 2125 төгрөг байсан юм. Бензин тэр дундаа түлшний үнэ өмнө нь сарын дотор 200 гаруй төгрөгөөр өссөн тохиолдол байгаагүй.
Энэ нь микро автобусныхны үнэ хөөрөгдүүлэх шалтгаан нь болсон аж.
Тодруулбал, хамгийн их микро автобус явдаг “Ханын материалаас Шар хадны эцэс хүртэлх шугамд үнийн огцом өөрчлөлт ажиглагдаад байна. Зорчигч ханын материалаас 3,4 дүгээр хороолол орох бол 500 төгрөг, Сансарын шатахуун түгээх станц орох бол 1000 төгрөг, харин Шар хадны эцэс орох бол 1500 төгрөг төлөх шаардлагатай болжээ. Нэг ёсондоо маршрутаа гурав хуваан үнээ нэмсэн гэж ойлгож болно. Ингэснээрээ тэд гурав хоног явж байж олдог мөнгөө нэг өдөрт л олж байгаа юм.
Гэвч тус шугамд өмнө нь нэг эргэлт нь 500 төгрөг байсан бол өдгөө үнэ нь 3 дахин нэмэгдсэн байна. Гэхдээ ямар бензиний үнэ гурав дахин нэмэгдсэн биш дээ. Энэ ч гайгүй. Тус шугам үдшийн 09.00 цагаас эхлээд өнөөх гурав хуваасан маршрутынхаа нэг хэсэгт л 1000 төгрөг авч байх жишээний. Жишээлбэл Сансарын шатахуун түгээх станцаас Ханын материалын эцэс орох бол зорчигч 1500 төгрөг төлж байгаа.
Шалгаж үзэхээр 19.00 цагийн үед Ханын материалын эцсээс микро автобусанд суулаа. Суумагц хаана буух вэ гэсэн асуулт тавилаа. Шар хадны эцэс гэж хариулмагц кондуктор 1500 төгрөгөөр явна гэв. Ийнхүү явсаар 21.10 цагт эргээд Шар хадны эцсийн буудлаас 3,4 дүгээр хорооллыг зорьсон юм. Харин энэ удаад бас л 1500 төгрөг төлөв.
Эндээс үзэхэд иргэд сар гаруйханы өмнө гурав хоног ажилдаа ирж очих мөнгөөрөө нэг л удаа ирээд буцах жишээтэй. Энэ бол хэт даварсан үйлдэл бөгөөд үүнтэй ямар нэгэн байгууллага нэн даруй хариуцлага тооцохгүй бол ард түмэн микро автобус гэх унаанд шулуулж дуусах нь ээ.
Хатуухан хэлэхэд микроныхон бүү давар. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрынхан чимээгүй сууж буйд гайхаж байна. Тэдний ийн чимээгүй сууж байхад иргэдийн нуруун дээрх ачаа улам нэмэгдэж байна.
Микроныхны талаар яриад байвал дуусахгүй. Жишээ хэлэхэд л нэгнээсээ өрсөж зорчигч авахын тулд хоорондоо уралдах, осол аваар гаргах, буудал дээр удаан зогсож ард иргэдийн алтан цагаас үрэх зэрэг маш олон шүүмжлэх зүйлүүд бий. Тэдний ихэнх нь шаардлага хангахгүй, он хуучин байгаа юм. Уг нь олон айл өрхийн хоолыг залгуулж, олон түмнийг ажил амьдралтай нь холбож өгдөг ч шулаач, шунахайч сэтгэлгээгээ хэмжэнд барина уу!!!
Үнээ нэмж болохгүй биш болно. Гэхдээ арай дэндүү хөөрөгдүүлж байгааг ард түмэн үзлээ харлаа. Одоо болих цаг нь болсон юм биш үү. Эрхэм микро автобусныхаан.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (5)