“MNBA” 21 аймгийн үндэсний лигийн энэ улирлын эхний тоглолт З.Баясгалан эзэнтэй Сүхбаатар Альянс-Тех болон Д.Буян-Өлзий эзэнтэй Өвөрхангай Тэнүүн-Өлзий багуудын хооронд боллоо.
Өвөрхангай аймгийн унаган хүү ОУХМ Д.Дэлгэрням төрсөн нутгийнхаа өмсгөлтэй анх удаа талбайд гарсан бол Б.Наранбаатар, А.Гансүх зэрэг тоглогчид мөн л Өвөрхангай нутгийн төлөө эхний тоглолтоо хийлээ. Харин тэдний өрсөлдөгч Сүхбаатар аймаг ОУХМ П.Болортулга, О.Цэлмэг, Г.Чинбат нарыг багтаа шинээр элсүүлсэн байлаа. Ингээд шүглийн дуу ордон дугарч нэгэн шинэ улирал эхэлсэн юм. Нээлтийн тоглолтыг хийж буй хоёр баг тоглолтын эхнээс эрч хүчтэй харагдаж байлаа.
Тэр утгаараа дөрөвдүгээр үеийн төгсгөл хүртэл ойролцоо өрсөлдсөн. Тоглолтын эхний хагаст Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг 10 оноогоор тэргүүлсэн ч энэ нь найдвартай оноо биш байсан юм. Гуравдугаар үед Сүхбаатар Альянс тех оноог ойртуулж чадлаа. Гэхдээ өнөө цаг үеийн шилдэг самбарын хослол ОУХМ Д.Дэлгэрням болон Э.Цэрэнбаатар нар зогсоогдошгүй байж багаа ялалтад хөтөллөө. Энэ тоглолтын шилдэгээр 23 оноо, 14 самбар, 5 оновчтой дамжуулалт өгсөн Д.Дэлгэрням нэрлэгдсэн бол Э.Цэрэнбаатар 20 оноо, 12 самбар, 5 оновчтой дамжуулалтыг өгсөн юм. Харин Сүхбаатар аймгаас Б.Батзолбоо 19 оноо, 6 самбар, 5 оновчтой дамжуулалтыг өгч жигд тоглолтыг үзүүлсэн. Мөн П.Болортулга 14 оноо, О.Цэлмэг 10 оноог авсан байна.
Эх сурвалж:МҮСБХ