Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн нутагт өчигдөр цаг агаарын гамшигт үзэгдэл болж, 50 гаруй суманд эрчим хүч тасарчээ.
Эрчим хүчний гэмтлийг засварлахаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Мөн нийт нутгаар цаг агаар таагүй, өнөө шөнө Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ.
Иймээс үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр 14.00 цагт Шадар сайдын өрөөнд Онцгой комиссын хуралдаан хийж, мэдээлэл сонсон, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг даалгавар өгөхөөр болжээ.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, говь тал хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар шөнөдөө секундэд 18-20 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 4-9 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө секундэд 18-20 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, бусад хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан бана.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 12-14 градус, өдөртөө хүйтэрч 9-11 градус хүйтэн байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв:
2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 01-нийг хүртэлх
Арваннэгдүгээр сарын 27, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 27, 29-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 27-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.