2018 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдаж ирсэн дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Энхбат, дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Н.Сумьяа, Зэвсэгт хүчний анги салбарын удирдлага, цэрэг дайчдын ар гэр, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон юм. Цэргийн тангараг өргөх ёслолд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцохдоо цэрэг дайчиддаа хандаж хэлсэн үгэндээ: “Та бүхэн ээж аавын хүү байсан бол одоо эр цэргийн тангараг өргөж эх орны хүү болж байна. Энэ бол бахархал бас хариуцлага. Цэргийн албаа нэр төртэй хаахыг хүсэн ерөөе” гэв. Мөн Налайх дүүргээсээ 014 дүгээр ангид цэргийн алба хааж байгаа дайчидтай уулзаж, баяр хүргэн, амжилт хүсэн ерөөлөө.