Эдгээр өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 1304 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 988 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэлээ.
Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирч, 5 хүн гэмтсэн ба нийслэлд 37 гэмтэж бэртсэн байна.
Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 66 хувь нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 24 хувь нь мөргөлдөх хэлбэрээр, 6 хувь нь онхолдох хэлбэрээр, 3 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус үйлдэгдсэн бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 126 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллалаа.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал: Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Давааны ар” гэх газар асфальтан замд амины Mitsibishi Fuso маркийн автомашиныг зогсож байхад амины T.Land cruiser-200 автомашин мөргөж мөн эсрэг урсгалаас ирж байсан T.Ipsum маркийн автомашиныг мөргөж, 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт, СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, СХД-ийн ордог гарцанд T.Pruis маркийн автомашин H.Accent маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 8-9 насны 4 хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.
Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 17 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 19 хувиар өссөн үзүүлэлттэй бол гэмтсэн хүний тоо 11 хувиар, согтуугаар тээврийн хэрэгслийн жолоодсон зөрчил 19 хувиар тус тус буурсан байна.
Л.Сайнаа