“Очир” төвийн зочид буудлын өрөөнд амиа алдсан 13 настай охины хэрцгийгээр хөнөөсөн хэргийн анхан шатны шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд өнгөрсөн лхагва гаригт болохоор товлогдсон ч мөн л хойшилсон билээ. Шалтгаан нь шүүгдэгч М.Жавхлангийн өмгөөлөгч П.Цэрэнпунцаг өвчтэй учир шүүх хуралд ирээгүй гэх.
Түүнийг шүүх хурлын шийдвэрлэх явцад санаатайгаар нөлөөлсөн хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 15,7,2-т заасны дагуу шүүх хуралд тодорхойгүй шалтгаанаар ирээгүй гэж үзэн 300 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяр “Бидний зүгээс М.Амарболдын өмгөөлөгчийг аваад орчихооч гэдэг саналыг тавьсан ч М.Жавхлан өөрийнхөө сонгож авсан П.Цэрэнпунцаг өмгөөлөгчтэй заавал оролцоно гэсэн. Шүүгч тухайн шүүхэд ирүүлсэн өмгөөлөгчийн өвчтэй гэсэн баримтыг хянан үзээд энэ нь нотлох баримтыг шаардлагыг хангахгүй байна. Учир нь он сар, цаг хугацааны хувьд ойлгомжгүй, зөрөөтэй байна. Энэ нь нарийн мэргэжлийн эмчийн шинжилгээнд хамрагдана гэсэн үйл явдлыг тайлбарлан бичсэн байгаа нь бодит байдал дээр нийцэхгүй байна. Худал баримтыг шүүхэд ирүүлсэн байж болзошгүй учраас Зөрчлийн тухай хуулийн холбогдох үндэслэлээр торгох шийдвэр гаргасан” хэмээн тайлбарлав.
Мөн ингэж хойшлуулах нь шинээр нотлох баримт гаргаж ирж болзошгүй, хэрэгт гэм буруугүйгээ нотлох цаг хугацаа авах гэсэн ийм арга байж магадгүй хэмээн харж байгаа. Хэрэг шүүхэд шилжиж ирснээс хойш 21 хоногийн дотор хянан шийдвэрлэх үүрэгтэй. Энэ хүрээнд хоёр хоног л хойшлуулах боломжтой. Ингээд шүүх хуралдааныг хойшлуулсан байгаа. Дараагийн удаа ийм асуудал гаргавал өмгөөлөгчийг хянан, шийдвэрлэх үйл ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр торгоно гэдгийг онцолсон юм.
Энэ хэргийн шүүх хурал өмнө нь хэд хэдэн удаа хойшлогдож байв. Тодруулбал, 2017 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр мөрдөн байцаалт дуусч, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болохоор тов гарсан байдаг. Гэвч тодорхой шалтгааны улмаас хойшлогдон үүнээс хойш 2018 оны нэгдүгээр сарын 11, гуравдугаар сарын 6, зургадугаар сарын 29, арваннэгдүгээр сарын 7-ны өдрүүдэд явагдах байсан ч материал дутуу шалтгаанаар энэ сарын 21-ний өдөр явагдсан. Мөн л хойшлов.
13 настай охины амь насыг хэрцгийгээр хөнөөгөсн хэргээс хойш бүтэн жил орчмын хугацаа өнгөрч байхад шүүх хурлаа аятайхан явуулчихгүй сунжруулж, бяцхан охины ясыг өндөлзүүлсээр байх уу. Эцэг эхчүүд бяцхан охидоо яавал аюулгүй байлгахав, яавал элдэв гэмт хэргийн золиос болгочихгүй байхав гэх айдас хургаад байна. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хичээлдээ явах гэж гараад ор сураггүй алга болсон найман настай охины хэрэг ч таг чиг хэвээр. Хамгийн гол нь тухайн этгээдүүдийн хийсэн гэх эд мөрийн баримтууд байхад өөр юу хэрэгтэй гэж.
Тухайн үед болсон үйл явдал, шинжээчийн гаргасан дүгнэлтүүдийг эргэн сануулъя. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаач охин их хэмжээний согтууруулах ундаа уусны улмаас хордлогод орсон, хоолойн гүйлсэн булчирхайн хордлого зэргээс үүдэн амь насаа алдсан. Мөн талийгаач охин бэлгийн харьцаанд орсон болох нь тогтоогдсон байдаг. Охиныг хөнөөсөн гэх этгээдүүд архаг тэмбүүтэй байсан гэх бөгөөд охиныг зодож тамласан гэдэг.
Хэрэг гардаг өдөр талийгаач ээжтэйгээ уулзахаар гэрээсээ гараад, автобусны буудал руу явж байхад нь хөрш айлын залуу дайралдаж утсыг нь шүүрч зугтаасан байдаг. Зугтааж явсаар Дарь-Эх, Ганцхудагийн ойролцоо “Очир төв” гэх зочид буудал руу дагуулан оржээ. Хамгийн гол нь хэний ч санаанд багтамгүй уг хэргийг эхнээс нь нарийн зохион байгуулалттай хийсэн гэж олон хүн харддаг юм.
Хэргийн газарт охины нүүр, хүзүү, хэвлий, гуя зэрэг хэсэг хөхөрч няцарсан байдалтай байсан бөгөөд орны хэсэгт нэг литр орчим цус асгарсан байдаг. Хүчээр талийгаачийн амруу нь 0.75 грамм бүхий “Ерөөл” архи цутгаж ам, хамрыг нь тагласан. Энэ үеэр амьсгал бүтэлт үүссэн. Улмаар уушги нь архиар дүүрсэн. Эсэргүүцэл үзүүлэхэд талийгаачийг удаа дараа зодсон байдаг ба аманд нь дур тавьж, үрийн шингэнээ оруулсан байдгийг ар гэрийнхэн нь хэлж байгаа. Хохирогчийн бие хөшиж, хөрсөн хойно нь дөрвөн цагийн турш цогцостой хурьцал үйлдсэн нь тогтоогдсон.
Бага насны хүүхдийн хүчирхийлэл ил, далдаар үйлдэгдсээр л. Хайран охидоо гаж этгээдүүдэд нэг нэгээр нь алдсаар л байх юм уу. Тухайн этгээдүүдийн толгойг нь илээд байлгүй шударга шүүх гэж байдаг бол үнэн мөнөөр нь тогтоогоод эцэслэх хэрэгтэй. Энэ мэтээр сунжраад ирэхээр нийгэмд болдог юм байна гэх ойлголтыг түгээгээд байна шүү дээ.
Эмэгтэй гишүүд ч уг балмад хэрэг дээр таг дуугүй сууна. Уг нь 2016 оны сонгуулиар урьд өмнө байгаагүйгээр та нөхдүүдийг сонгож гаргасан биш бил үү. Сандал, суудлын хэрүүлээс өөр хийж бүтээсэн зүйлгүй байна.
Хохирогчийн ар гэрийнхэн “эх” нэр зүүсэн гишүүдэд бус эрэгтэй гишүүнд ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан байгаа юм. Ичих хэрэгтэй. Та нөхдүүдийн анхаарал илтэд үгүйлэгдээд байгаа шүү. Энэ мэт тулгамдаад байгаа асуудалд нэгдэж, тэмцэж чадахгүй юм бол ирэх сонгуульд та нарын хэрэг гарах юм болов уу даа.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)