Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-нд Энэтхэгийн Шинэ Дели хотод эхэлсэн. ДАШТ-д 73 орны боксчид оролцож байгаагаас 21 орны тамирчид медалийн болзол хангаад байна.
Өнөөдөр 54 кг-д М.Нандинцэцэг ДАШТ-ий мөнгө медальт Болгарын Петрова Стокатай мөнгөн медалийн төлөө тулалдана.
М.Нандинцэцэг Унгарын Сабина Сючи, Хорватын Зелена Питес, Мароккогийн Зохра Захроу нарыг дараалан хожиж, хүрэл медалийн болзол хангасан юм. Тэрбээр өнөөдөр медалийн өнгөө хувиргах чухал тулааныг хийх гэж байна.
Энэхүү тулаан Улаанбаатарын цагаар 16:00-с эхлэх бөгөөд https://www.aiba.org шууд дамжуулан хүргэнэ.
ОУХМ М.Нандинцэцэг Монгол Улсын 11 удаагийн аварга, Азийн наадмаас хүрэл медаль хүртсэнээс гадна дэлхийн цомын мөнгөн медальтай юм. Тэрбээр Монголын эмэгтэй боксчдын ДАШТ-ий анхны эмэгтэй медальтан болж байна.
2018 оны ДАШТ-д боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч М.Буянжаргал нараар удирдуулсан долоон тамирчин Энэтхэгийг зорьсноос 54 кг-д М.Нандинцэцэг ганцаараа медалийн болзол хангаад байгаа юм.
Сэтгэгдэл (1)