Өнөөдөр "Бид Уучлахгүй" цахим жагсаалын зүгээс ЖДҮХС-аас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудыг АТГ-т өглөө. Энэ талаар "Бид Уучлахгүй" цахим жагсаалын зохион байгуулагчдын нэг Б.Мягмардоржоос тодруулсан юм.
-ЖДҮХС-аас зээл авсан улс төрийн өндөр албан тушаалтнуудыг АТГ-т өглөө. Хэчнээн хүнийг шалгуулахаар хүсэлт гаргасан бэ?
-ЖДҮХС-аас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын асуудал УИХ-н гишүүдийн дуулианд дарагдаад хариуцлага орхигдох вий гэхээс сэргийлж, баталгаажуулж АТГ-т бид ХОМ, Улсын бүртгэлийн цахим сан зэргээс үндэслэн, зээл авсан нь баталгаажсан 9 хүнийг шалгуулахаар өгөөд байна. Өөрөөр хэлбэл, УИХын гишүүдээс бусад төрийн өндөр албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох байгууллагуудад нь өгч байгаа. Харин УИХ-ын гишүүдтэй холбогдох ЖДҮХС-ийн асуудлыг өнгөрсөн мягмар гаригт буюу энэ сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд өгсөн байгаа. Үндсэн хуулийн цэцээс 14 хоногийн дараа хариу өгдөг. Мөн тухайн өдөр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгсөн байгаа. Бидэнд хариу 30 хоногийн дотор ирүүлэх ёстой.
-Хэрэв АТГ-аас шалгах шаардлагагүй гэдэг хариу өгвөл?
-Иргэд интернет орчинд ч юм уу ямар нэгэн асуудлаар шуугидаг ч түүнд үр дүн нь ь тодорхойгүй үлддэг. Харин зохих газарт холбогдох өргөдөл, мэдээллийг гаргаснаар уг асуудал нь иргэд анхаарахаа больсон ч зохих журмын дагуу шалгагдах баталгаа болж байгаа юм. Ямар нэгэн байдлаар хуулийн бүх байгууллагаас хариуцлага хүлээлгэх, шалгах боломжгүй гэж хариу өгвөл тухайн албан тушаалтанд өөрт нь хандаж, ёс суртахууны үүднээс, ёс зүйн хариуцлага хүлээхийг шаардана.
-"Бид Уучлахгүй" цахим жагсаал хэчнээн гишүүнтэй болоод байгаа вэ?
-Жагсаалыг зохион байгуулж байгаа орчим хүмүүс байдаг. Одоогоор гишүүдийнхээ тоог гаргаагүй байгаа. Ямар ч байсан гишүүдийнхээ тоог барагцаалж авах бодол бидэнд бий.
-ЖДҮХС-тай нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудыг эсэргүүцэж жагсаал, цуглаан багагүй болж байгаа. Эдгээр жагсаал цуглаануудыг зохион байгуулалттай гэж хардах хүмүүс цөөнгүй байна. Юу гэх гээд байна гэхээр таны удирдаж буй жагсаалыг явуулга байж магадгүй гэж үзэж байгаа нэг хэсэг байна?
-Бидний нэр хаяг, мэдээлэл хуудсан дээрээ тодорхой байгаа. Жагсаал, цуглаан их болдог ч хаанаас, хэн зохиож байгаа нь тодорхойгүй байдаг. Харин бид ил тод, нээлттэй байх жишиг гаргаж байгаа. Одоогийн байдлаар албан ёсны мэдээллээр баталгаажиж, нэр нь дурдагдсан хүмүүсийг бид аливаа нэг улс төрийн нам, эвслээс хараат бусаар өгсөн байгаа.
-ЖДҮХС-тай холбоотойгоор УИХ-ыг тараах, ЗГ-ыг огцруулах зэрэг асуудал яригдаж байгаа? “Бид уучлахгүй” цахим жагсаалын зорилго юу вэ?
-Бид Засгийн газар, УИХ-ыг тараах асуудлын алинд ч оролцохгүй. Зөвхөн энэ асуудалд нэр холбогдсон хүмүүст л огцрох, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шахаж, шаардаж байгаа юм.
-Танай зохион байгуулагчдад мөнгө амлах хэлбэрээр үйл ажиллагаанд саад хийх эсвэл шахалт, дарамт ирж байв уу?
-Жагсаалын зохион байгуулагч Б.Мөнхцэлмэг “Капитал” банкны талаар их нийтэлсэн чинь үүний дагуу шүүхэд өгөх гэж байгаа гэсэн мэдээлэл байсан. Одоогоор дарамт, шахалт гэх зүйл ажиглагдахгүй байна.
Б.Лхам