Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Монгол Улсын Боловсролын их сургууль, Ховд их сургууль, Дорнод их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, МУБИС-ийн бүрэлдэхүүний Архангайн Багшийн сургуульд зайны сургалтын төвийг байгуулсан.
Өнгөрөгч бямба гаригт тус төвүүдийн үйл ажиллагаа, 2018-2019 оны хичээлийн жилд зохион байгуулагдах арга хэмжээ, цаашдын хамтын ажиллагаа, санал, санаачлагын талаар онлайн уулзалт зохион байгуулалаа. Тус уулзалтад БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, ахлах мэргэжилтэн М.Энхээ, МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мандах, Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нямдорж, Дорнод их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Ундармаа, МУБИС-ийн бүрэлдэхүүний Архангайн Багшийн сургуулийн захирал Г.Баярболд, МУИС-ийн салбар Завхан сургуулийн захирал П.Оюунбилэг, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн мэргэжилтэн Ц.Алтануяа, төслийн зөвлөх, профессор Ч.Лодойравсал, МУБИС-ийн МТЗСА-ны дарга Л.Мөнхтуяа болон бусад төлөөлөл оролцлоо.
Зайны сургалтын төвүүд нь их, дээд сургуулийн багш, ажилтан, оюутанд зориулсан зайны болон танхимын сургалт, семинар хамтран зохион байгуулах, нийслэл, орон нутгийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, туршлагаа хуваалцах, эрдэмтэн судлаачдын онлайн лекц зохион байгуулах, онлайн шалгалт авах, ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагч болон олон нийтэд хандсан олон талт үйл ажиллагаа явуулж байна.
Цаашид зайны сургалтын төвүүдийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг дотоод, гадаадын байгууллагуудын хамтын ажиллагаагаар өргөтгөх, бүс, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй багц сургалтын бэлтгэл ажлыг хийх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцов.