“Бухарест-2018” чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий манай баг тамирчдын анхны хүрэл медалийг өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүртлээ.
Тэрбээр Бухарестийн дэвжээнд эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, шөвгийн наймд 2016 оны залуучуудын Пан-Америкийн аварга АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр ялсан ч хагас шигшээд залуучуудын дэлхийн дэд аварга, өсвөр үеийн ДАШТ-ий медалийн иж бүрэн цуглуулгатай ОХУ-ын Надежда Соколовад 6:8-аар ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Азербайжаны Туркан Насироваг оноогоор цэвэр ялсан юм.
Дашрамд сонирхуулахад, Ц.Намуунцэцэг 2017 онд ээж болж, жилийн өмнөөс дэвжээндээ эргэн ирсэн бөгөөд ийнхүү “U-23”-ын ДАШТ-д урамтай сайхан барилдаан үзүүлж, Монголын бөхчүүдийн гурав дахь хүрэл медалийг эх орондоо авчирч байна.
Цогт-Очирын Намуунцэцэг нь 1996 оны гуравдугаар сарын 31-нд Хэнтий аймгийн Өлзийт суманд төрсөн. Үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин. 2008 онд төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуульд спортын мастер Г.Пүрэвбаатар агсны удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэсэн. Одоогийн багш нь гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, спортын мастер Ё.Батдархан, Ж.Баярхүү. 2013 онд БТСДуС-ийг төгссөн. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан билээ.
Л.Сайнаа