Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хийж гүйцэтгэсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 138 хороодыг хариуцсан 152 улсын ахлах байцаагчийг НМХГ-ын даргын тушаалаар томилж, агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийсэн байна.
Тодруулбал, 2017-2018 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй 6210 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалтыг Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, дүүрэг, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтран хийж гүйцэтгэж байгаа аж.
Машины дугуй, хог, хуванцар шатаах, тортог ихтэй тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцох зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж агаар бохирдуулж буй зөрчлийн талаарх мэдээллийг НМХГ-ын Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар мэдээлэл өгөхийг уриалав. Зөрчлийн тухай хуулиар агаар бохирдуулж буй хүнийг 50 мянгаас нэг сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянгаас 10 сая хүртэл төгрөгөөр торгох юм байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (25)