“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос ЖДҮХС-гаас олгосон зээлийн эргэн төлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. ЖДҮХС-д удаа дараа материалаа явуулсан хэдий ч сонгон шалгаруулалтад шалгарч чадаагүй, одоог хүртэл хамрагдаж чадахгүй байгаа үйлдвэрүүдийн төлөөллүүд оролцов. Энэ үеэр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” өнгөрсөн долоо хоногт хурал хийж Ерөнхий сайдад дөрвөн шаардлагыг хүргүүлсэн. Үүний нэг нь ЖДҮХС-гаас Төсөл сонгон шалгаруулах журамд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэсэн шаардлага байгаа. 2016 онд “түр журам” гэж гарсан. Тэр журамд зээлийн хүү, хугацаа болон ямар ямар үйл ажиллагааны чиглэлд бодлогын зээл олгох вэ гэдэг нь маш тодорхой байсан. Энэ журмыг 2017 оны зургадугаар сард ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн өөрчилж баталсан байдаг. Энэ нь өнөөдрийн ЖДҮХС-г тойрсон шударга бус үйл явдлын эхлэл болсон гэж үзэж байна. Тийм учраас бид даваа гарагт АТГ-т ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнг энэ журмыг батлахдаа өөртөө болон бусдад давуу байдал үүсгэж, өнөөдрийн шуугиан тариад байгаа асуудлын эхлэлийг тавьсан эсэхийг шалгуулахаар өгсөн байгаа. Мөн манай холбоо “Төсөл сонгон шалгаруулах хороо”-ны долоон гишүүнийг шударга бусаар ЖДҮХС-гаас зээл авах нөхцөл байдал үүсэхэд хамгийн их нөлөөлсөн гэж үзэж байгаа учраас АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн” гэв.
Сэтгэгдэл (1)