ХХААХҮЯ-аас "Шинэ санаа-шилдэг шийдэл" уралдаан зарлалаа.
Энэ нь Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн 3.2.10-д “Химийн бодисын хуванцар сав, торх, канистерыг хүнсний зориулалтаар ашиглуулахгүй байх, химийн бодисын найрлагатай хуванцар сав, торх, канистерыг хүнсний бус ахуйн зориулалтаар ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгыг дэмжих, хүнсний зориулалтын бус хуванцар савыг ашиглаж хийсэн бүтээлийг шалгаруулах, үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.
Тус уралдаанд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд оролцох бөгөөд энэ сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бүтээлийг хүлээн авах аж.
Түүнчлэн уралдаанд оролцохдоо хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй байх, практик ач холбогдолтой байх, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй байх, оюуны өмчийн эрхийн зөрчилгүй байх, нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай байх зэрэг шаардлагуудыг хангасан байх шаардлагатай.
Бүтээлийг энэ сарын 15-ны өдрийн дотор видео /1 мин хүртэл/, зураг /3 ш хүртэл/, текст /2 хуудас хүртэл/ хэлбэрээр batbaatar@mofa.gov.mn цахим хаягаар ирүүлэх юм.
Бүтээлийг уралдааны ерөнхий шаардлагыг хангасан эсэх, салбарын хөгжил дэвшилд шинэ санаа, шийдэл гаргасан, ашигласан, судалсан материал, олбогдох бусад шалгуураар үнэлэх юм.
Уралдаанд тэргүүн /Сайдын батламж, 3 сая төгрөг/, дэд / Өргөмжлөл, 1 сая төгрөг/, тусгай байрыг /Өргөмжлөл, 500 мянган төгрөг/ тус тус шалгаруулна.
Б.Лхам